Шалгалт хийх нь санхүүжилт хийхгүй гэсэн үг биш
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор
2015.08.05

Шалгалт хийх нь санхүүжилт хийхгүй гэсэн үг биш

 Өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийг нь олгохын өмнө нягтлан шалгах шийдвэр гаргаж, Ажлын хэсэг байгуулсан.

Энэ нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн Б.Цогтгэрэл нарын хэсэг иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос тодрууллаа

Өчигдөр өглөө байнгын хорооны хуралдаанаар вексель бичилтэд шалгалт хйих тухай яригдсан. Хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй асуудлыг оруулж ирсэн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэх яриа гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

Энэ асуудлыг маш их улстөржүүлж байна.  Миний хувьд Монгол Улсын төсөв маш чухал. Байнгын хорооны маань үндсэн үүрэг энэ.

Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аас Засгийн газарт аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн ажлуудын санхүүжилтийг гүйцээж олгох үүрэг өгсөн. Энэ даалгаврыг биелүүлэхгүй долоон сар шахам явчихаад гэнэтхэн нэг өдөр, энэ долоо хоногийн эхээр вексель бичих гэж байна гэсэн мэдээлэл, санал гомдол ирсэн. Үүний дагуу уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхэд, түр хугацаагаар зогсоож, нягталж үзэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргаж байсан.  Өнгөрсөн хугацаанд “Гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг дарааллаар нь олгохгүй байна, хамаарахгүй аж ахуйн нэгжүүд арын хаалгаар урдуур орж ирээд, санхүүжилт аваад байна” гэсэн гомдол удаа дараалан ирж ирж байсан.

Энэ бүхэн шалгалт хийх шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Гэхдээ энэ нь санхүүжилт хийхгүй гэсэн үг биш. Бид ажлын тав хоногийн дотор нягтлаад, түүний дараа мөнгийг нь гаргаж аж ахуй нэгжүүдээ хохиролгүй болгоно гэсэн байр суурьтай байгаа. Долоо хоногийн сүүлчээр асуудлууд шийдэгдээд явна гэж ойлгож байна.

Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг дээр ямар тайлбар хийх вэ?

Ер нь Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаснаас биш энэ ажлыг зогсоо гэсэн шийдвэр гаргаагүй. Дэгийн тухай хуулиар Байнгын хороо ажлын хэсэг байгуулах эрхтэй. Энэ удаа байнгын хорооны гишүүн М.Зоригтын саналыг үндэслэж Ажлын хэсэг байгууллаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд тусгагдсан гол заалтуудын талаар тодруулаач? Энэ хуулийг гаргахыг УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон.

Далд эдийн засгийг ил болгохын тулд хөшүүрэг болгодог энэ хуулийг нэлээд олон оронд хэрэглэсэн байдаг. Манай улсын эдийн засаг хүндрэлтэй үед энэ хуулийг гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа. Оны эхээр өргөн барьсан ч буцаагдсан. Ингээд долоодугаар сарын гуравны өдөр дахин өргөн барьсныг нэлээд нухацтай хэлэлцэж байна. Засч сайжруулах зүйл байгаа. Хэлэлцүүлэгт гишүүд идэвхтэй оролцоно байх гэж найдаж байна. Манайд 2007 онд Татварын өршөөлийн тухай хууль гарч байсан туршлага бий.

Далд эргэлдэж байсан хичнээн тэрбум төгрөг ил болох вэ?

Ер нь судалгаагаар ДНБ-ий 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байгаа гэж гарсан байдаг юм билээ. Наад зах нь 20 орчим хувийг ил гаргавал улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.