Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөрийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан
2015.08.18

Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөрийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлд бүх салбарын үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд голлон төвлөрч байгаагаас зарим талаараа иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрахад сөргөөр нөлөөлж байна. Үйлдвэрүүдээс гарч байгаа тенхологийн хаягдал нь Улаанбаатар хотын байгаль орчинд сөрөг нөлөөллийг бий болгож байгаа учир хүн, малын эрүүл мэндэд халгүй, агаар, хөрс, усанд ямар нэгэн бохирдолгүй цэвэр үйлдвэрлэл явуулах шаардлагатай байгаа юм. 

УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 26/08 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт бичигт Нийслэлийн Улаанбаатар хотын дагуул хот, тосгодод үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж хөгжүүлэхээр тусгагдсан байдаг. Мөн УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолоор арьс ширний анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар Улаанбаатар хотоос нүүлгэхээр шийдвэрлэсний дагуу Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг Шар хөцийн хоолойд арьс ширний анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг, Засгийн газрын 2012 оны 171-р тогтоолоор баталсан “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-т Нийслэл Улаанбаатар хотын дагуул хот, тосгодод барилгын материалын үйлдвэрүүдийг, Засгийн газрын 2011 оны 104 дугаар тогтоолд Багануур хотод нүүрс-хими техонологийн үйлдвэрүүдийг төвлөрүүлэн байршуулж, үйлдвэрлэл , технологийн парк байгуулахаар тус тус заасан.

Дээрх хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар улсын болон нийслэлийн төсвөөр Эмээлт дэх үйлдвэрлэл, технологийн паркийн, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн, Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн Техник эдийн засгийн үндэслэлийг 2011-2014 онуудад боловсруулаад байна. Үйлдвэрлэл, техонологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийслэл хотоос үйлдвэрлэл, технологийн паркуудын байршил, газрын хэмжээг тогтоон “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”, “Налайхын Барилгын үйлдвэрлэл, технологийн парк”, “Багануур Үйлдвэрлэл, технологийн парк” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ.

Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркад нийт 303,4 тэрбум төгрөг, Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад 134,9 тэрбум төгрөг, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркад 105,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан бөгөөд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн Эко паркийн техник эдийн засгийн үндэслэл болоьсруулагдаж байгаа тул хөрөнгө оруулалтын тооцоог хараахан гаргаагүй байна.

Эдгээрийг нэгтгэсэн “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийг боловсруулсан юм. Ингэхдээ төрийн захиргааны төв байгууллаг, орон нутгийн захиргааны байгууллаг болон салбарын мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан, тэдгээрийн саналыг тусгажээ. Мөн УИХ-аас баталсан “төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт баичгийг хэрэгжүүлэх үйл ажиллгааны төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдтэй уялдуулан боловсруулсан байна.
Хөтөлбөр нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд дараахь зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

- Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих, бизнесийн таатай орчин бүрдүүлэх
- Хөрөнгө оруулагчдыг татх, хамтын ажиллагааг идэвхижүүлэх
- Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдоага, үйл ажиллагаа, хяналтын тогтолцоог төлвөлшүүлэх
- Бүтээн байгуулалтад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх
- Дэд бүтэц, үндсэн барилга байгууламжуудыг барьж байгуулах
-Паркийн хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх
- Өндөр технологийн судаогаа, R&D болон инновацийг дэмжих
- Жижиг дунд үйлдвэрийг чадавжуулах
- Худалдааг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

“Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлсэнээр экспортын баримжаатай, импортыг орлох, хувийн хэвшилд түшиглэсэн, шинэ дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн гол хандлага бий болно гэж албаныхан үзэж байна.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр НИТХ-ын Тэргүүлэгчид зарим асуултад хариулт авч, санал хэллээ. Тухайлбал, НИТХ-ын Тэргүүлэгч Б.Энх-Амгалан: Арьс,ширний үйлдвэрүүдийг нүүлгэх ажил яагаад удаашралтай байгаа талаар тодруулахад Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ: Арьс ширний үйлдвэрүүдийг хаашаа нүүлгэх вэ гэдэг дээр Засгийн газартай тохиролцоонд хүрч чадаагүй байсан. Энэ асуудал шийдэгдэж одоо хуваарийн дагуу явагдаж байна. 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг Шар хөцийн хоолойд нүүлгэх ажлыг зохион байгуулна. Цахилгаан, усны асуудлыг энэ жилд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийн хэрэгжилтийг төсөл боловсруулагч Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хариуцсан ажиллахаар шийдвэрлэлээ.