Завханы хоёр сумын ойн хортонг устгах л үлджээ
2015.08.26

Завханы хоёр сумын ойн хортонг устгах л үлджээ

Байгаль, цаг уурын өөрчлөлт, хэт дулаарлаас шалтгаалан ойн хортон шавьж эрс олширдог. Энэ жил улсын хэтжээнд 150 мянган га талбайд ойн хортон устгал явж дуусчээ. Энэ талаар БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн И.Доржоос тодрууллаа.

-Хортон шавьжтай тэмцэх ажлыг хэзээнээс хийсэн бэ?

-Уг ажлыг дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 1-ний хооронд Ойн судалгаа, хөгжлийн төвөөс хоёр үе шаттай зохион байгууллаа. Энэ жилийн хувьд 150 мянган га талбайд хортон устгахаар төлөвлөж, 70 орчим хувийг нь ойн эко системд хөнөөлгүй, байгальд ээлтэй аргаар шийдвэрлэсэн. Энэ нь механик арга, гэрлэн болон феромонт урхи ашиглан хортон шавьжтай тэмцэх арга юм. Агаараар, газраар үүргийн шүршигч багаж ашиглан хор цацах болон микробиологи, химийн арга хэрэглэх үед ойд хөл хорио тогтоодог.

-Хаанахын ойн хортонг устгасан бэ?

-Хөвсгөл, Завхан, Булган, Говь-Алтай, Ар- хангай, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан ууланд хортон шавьжтай тэмцэх ажил хийсэн.

-Жимс, жимсгэнэ бэлттэх үетэй холбогдуулж устгал хийсэн газруудад ямар хугацаагаар хорио тогтоосон бол?

-Микробиологийн арга хэрэглэсэн үед 30 хүртэлх хоног, химийн аргын үед 14 хоног хо- риг тавьдаг. Учир нь эдгээр хугацаанд тухайн бодис задарч, байгальд шингэж алга болдог. Энэ жил баяр наадмын өмнө устгалын ажлыг гүйцэтгэж дуусахаар зорьсон. Одоогоор Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул суманд 30 орчим мянган га газарт жимс, жимсгэнэ түүх хугацаа, бодис цацах хугацаатай давхцаж байгаа. Хор цацсан бусад газрын хувьд устгал хийгээд дууссан учир жимс, жимсгэнэ түүхэд ямар нэгэн асуудал байхгүй. Тэмцлийн ажил хийх үеэр иргэдийн дунд хортой жимс, жимсгэнэ бэлтгэж байна гэх ташаа ойлголт гарсан. Жимс боловсрохоос өмнө хор цацаж, устгал хийсэн учраас жимс хортой байх боломжгүй.

-Ой цэвэрлэх нэрийдлээр хууль бусаар нойтон мод бэлтгэдэг. Үүнийг хэн, хэрхэн хянадаг вэ?

-Ойгоос цэвэрлэх шаардлагатай моднуудыг цэвэрлэхгүй бол хортон шавьж тархах, гал түймэр гарах зэрэг сөрөг нөлөөтэй. Иймд ойг зайлшгүй цэвэрлэх шаардлагатай. Энэ жил БОНХАЖЯ-ны сайдын 2014 оны А-382 тоот тушаалын дагуу улсын хэмжээнд хэрэглээний 68466, түлээний зориулалттай 422918 ширхэг мод цэвэрлэсэн. Уг ажлыг мэргэжлийн байгууллага болон иргэн, нөхөрлөл хуулийн дагуу хийх эрхтэй байдаг. Цэвэрлэгээний огтлолтыг зөвхөн мэргэжлийн байгууллага гүйцэтгэдэг. Мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, нөхөрлөл нь шат шатны хяналттай ажиллаж, цэвэрлэсэн талбайгаа тусгаарладаг. Ингэснээр хийсэн ажлыг нь шалгаж хүлээн авдаг. Байгаль хамгаалагч, ойн ангийн албан тушаалтнууд, байцаагч нар дүрэм журмын дагуу үүргээ гүйцэтгэвэл хууль бусаар мод бэлтгэх боломжгүй.