Буриадад тархсан түймрийг унтраалцахаар монгол аврагчид явлаа
2015.09.04

Буриадад тархсан түймрийг унтраалцахаар монгол аврагчид явлаа

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад өнгөрсөн тавдугаар сараас хойш ой, хээрийн түймэр гарсаар байгаа билээ.

Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд тус улс онц байдал зарлан ард иргэд, аюулгүй байдлынхан нь хамтран түймрийг унтраахаар ажиллаж байгаа ч тархалт улам ихэссэн байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын аврах бүлгийн бие бүрэлдэхүүн түймэр унтраах ажиллагаанд оролцохоор өчигдөр ОХУ руу хөдөллөө. Тус бүлэгт ОБЕГ- ын Аврах тусгай анги, Авто бааз, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нийт 50 аврагч багтаж байгаа бөгөөд тус багийг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Агаар десантын хоёрдугаар бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, онцгой байдлын ахлах дэслэгч Я.Сэргэлэн ахалж байгаа юм.

Аврагчдын энэ баг хамгийн сүүлд өнгөрсөн хавар зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажилласан байна. Тус багт багтсан аврагчид 2011 онд Япон Улсад болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай аж.

Дашрамд дурдахад өчигдрийн байдлаар аймгийн Улаангом суманд гарсан түймрийг унтраахаар, Хөвсгөл аймгийн  Ренчинлхүмбэ суманд гарсан  түймрийг цурманд оруулсныг бүрэн унтраахаар орон нутгийн иргэд ажиллаж  байна. Он гарсаар улсын  хэмжээнд 289 удаагийн ой хээрийн түймэр гарчээ.