Молдавт болсон зууны луйвар
2015.09.08

Молдавт болсон зууны луйвар

Орчин үеийн Молдав улсад төрт ёсны доройтол явагдаж байна. Олон мянган молдавичууд мөнгө олохын тулд эх орноо орхин гарахаас аргагүйд хүрсэн. Эрх баригчид авилгад идэгдэж эдийн засгийг унагах хэмжээнд очив. Хамгийн сүүлд нэг тэрбум доллар буюу Молдавын ДНБ-ий наймны нэгтэй тэнцэх мөнгийг тус улсын гурван том банкнаас хулгайлж оффшор бүсэд байршуулсан дуулиантай хэрэг дэгдэв. Энэ хэргийг “Зууны луйвар” гэж нэрлэжээ. Банкны системийг аврахын тулд эрх баригчид их хэмжээний мөнгө хэвлэсний улмаас валютын үнэ 20 хувиар унаж, инфляци 8 хувиар өсөв.

“Зууны луйврын” гадаад харилцаанд учруулсан хор уршиг ч их байна. Европын холбоо Молдавын авлигын тухай хэдийнэ мэддэг байсан ч зээл өгдөг байв. Гэхдээ энэ удаа арай л хэтэрсэн хэрэг болов. Тиймээс ЕХ зээл өгөхөө зогсоож, саяхан баталсан хэлэлцээг цуцлав. Түүгээр барахгүй Дэлхийн банк хүртэл Молдавт зээл өгөхгүй гэдгээ мэдэгдлээ. Тус улс гадны санхүүжилтгүйгээр 200 сая долларт хүрсэн төсвийн алдагдлыг нөхөх боломжгүй гэж эдийн засагчид үзэж байна.

Тэвчээр алдрав

Эрх баригчдын ичгүүргүй байдлыг хүмүүс тэвчихээ байж DA буюу “Нэр төр, шударга ёс” хөдөлгөөнийхөн тэргүүлж ард иргэд жагсав. Жагсагчдын тоо 100 000 болжээ. Хотоор тараасан хуудаснууд дээр “Тэд худал хэлсээр байхад бид чимээгүй байсан. Тэд хулгайлсаар байхад бид төлж байсан. Тэд биднийг ашигласаар байхад бид тэвчиж байсан. Харин одоо хангалттай” гэсэн үгс байлаа. Эрх баригчид хүмүүсийг тайвшруулахыг оролдож газ, цахилгааны татварыг нэмэхээ азнав (газыг 15 хувиар, цахилгааныг 35 хувиар).  Гэсэн ч хүмүүс хууртсангүй есдүгээр сарын 6 нд төв талбайдаа жагсав.

Жагсагчид ерөнхийлөгч, Засгийн газрыг огцрохыг шаардаж, ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байгаа аж. Гэвч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ион Пэдурару Молдавын ерөнхийлөгч Николае Тимофти “огцрох хүсэлгүй” байгаа тухай мэдэгдэв.

Эрх баригчдын үзэж буйгаар жагсагчдын шаардлага “хачин жигтэй”, “үндэслэлгүй” аж. “Ерөнхийлөгчийг огцруулна гэдэг  улс орон, нийгмийн сонирхолд нийцэхгүй зүйл” гэж Пэдурару мэдэгдэв. Ийм хариу сонссон жагсагчид Засгийн газрын ордны дэргэд майхан барин тухлав.

Судлаачид нөхцөл байдал хурцдаж магадгүй хэмээн үзэж байна. Жагсагчид олон байгаагаас гадна их түрэмгий байгаа. Зарим жагсагчид Ерөнхий Прокурорын барилгыг эзлэхээр хөдөлжээ. Гэвч санаачилсан хүнийг нь баривчилж, хаашаа ч юм “далд хийчихэв”. Хэрэв талууд тохиролцож чадахгүй бол нэг бол жагсагчид, эсвэл цагдаа нар хүч хэрэглэнэ.