Хөдөлмөрийн яамны дэмжлэгээр байгуулсан МСҮТ нээлтээ хийлээ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.09.16

Хөдөлмөрийн яамны дэмжлэгээр байгуулсан МСҮТ нээлтээ хийлээ

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй боллоо.

Харааны бэрхшээлтэй ч сурч мэдэх, хийж бүтээхийн хүсэл тэмүүлэл дүүрэн яваа хүмүүст мэргэжил олгох сургалтын байгууллагыг Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр байгуулсан тус холбооныхон шинэ сургуулийнхаа нээлтийг өнөөдөр хийж, хичээлийг нь албан ёсоор эхлүүлж буйгаа зарлав. Мөнгөн хонхны дуу цангинасан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан шинэ сургуулийн нээлтийн ёслол болон Хөдөлмөрийн яамны холбогдох албаны хүмүүс гээд зочид олонтой, дуу хуур эгшиглэж баяр хөөр дүүрэн боллоо. 

Харааны бэрхшээлтэй иргэдийн онцлог, эрх ашгийг хамгаалах зорилгоор 1978 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдээ Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах саналыг Хөдөлмөрийн яаманд тавьсны дагуу хөрөнгө санхүүгийн болон сургалт арга зүйн зөвлөгөөгөөр хангах хэд хэдэн томоохон арга хэмжээг авч, төсөл хөтөлбөрт хамруулсны үр дүнд ийнхүү шинэ МСҮТ үүдээ нээж буй юм.

Тус сургууль энэ хичээлийн жилд эсгий гар урлаач, компьютерийн операторч, морин хуурч, бариа засалч гэсэн мэргэжлийн ангиуд нээж тэдгээрт харааны бэрхшээлтэй 63 хүн хамрагдахаар болсон байна.

Энэ тухай Монголын хараагүйчүүдийн үндэсний төвийн ерөнхийлөгч Д.Гэрэл “Манай холбооны дэргэд шинээр үүд хаалгаа нээж буй МСҮТ нь хараагүй иргэдэд тохирсон сургалтын орчинг бий болгож, мэргэжил олгох сургалтын үйл ажиллагаа явуулах юм. Өнөөдрийн байдлаар хараагүй иргэдэд зориулж үйлчилгээний иллэг, алжаал тайлах иллэг, дууны оператор, гар урлал, морин хуурч гэсэн дөрвөн ангитайгаар үйл ажиллагаагаа эхэлж байна.  Цаашид үйл ажиллагааг нь өргөтгөж, харааны бэрхшээлтэй иргэдийг олноор хамруулахын хамт сургалт явуулах мэргэжлийн төрлүүдээ нэмэх зэрэг олон ажлыг хийх хэрэгтэй болно. Эхний ээлжинд зүү төөнүүр, цэцэрлэгч гэсэн ангиудыг нээхээр төлөвлөж байгаа. Мөн сургаж мэргэжил эзэмшүүлэхээс гадна ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэх боломжоор хангахад нь ч анхаарч ажиллах юм” хэмээсэн.

 

Монгол Улсын хэмжээнд техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг 86 сургалтын байгууллага байдаг бөгөөд үүнээс төр, хувийн хэвшлийн 43 сургалтын байгууллагад өнгөрсөн  хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 605 хүн суралцсан. Гэхдээ тэдний дунд харааны бэрхшээлтэй хүн тийм ч олон биш. Энэ нь сургалтын орчин, мэргэжлийн онцлог гээд олон зүйлээс хамаардаг учраас харааны бэрхшээлтэй хүмүүс тэр бүр МСҮТ-д хамрагдаж мэргэжил эзэмших боломж хомс. Харин Монголын хараагүйчүүдийн үндэсний төвийн дэргэд шинээр байгуулагдсан энэ төв хязгаарлагдмал байсан боломжийг нээж өгч буйд нээлтийн ёслолд ирсэн хүмүүс талархаж байсан юм.

Шинэ сургуулийн нээлийн тууз хайчилсан Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэд шинээр нээгдэж буй МСҮТ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сургалтын үйл ажиллагаа явуулж буй хоёр дахь сургалтын байгууллага болж үүд хаалгаа нээж байгаа гэдгээрээ онцлог” хэмээгээд Улаанбаатарын бүсийн арга зүйн төв, Мэдээлэл арга зүйн үндэсний төвүүдтэй хамтран тэдний тоног төхөөрөмжийг ашиглаж харааны бэрхшээлтэй иргэдийн хичээлийн хэрэглэгдэхүүн, CD, DVD хэвлүүлэх, аудио хичээл боловсруулах боломжтойг дуулгасан. Мөн  чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулахад нь  дэмжлэг үзүүлэх, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ном сурах бичиг, төгөлдөр хуур, морин хуур зэрэг бусад сургалтын хэрэглэгдэхүүнээр хангахад анхаарч ажиллахын зэрэгцээ харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, тогтвортой орлоготой болгоход Хөдөлмөрийн яам бүхий л талаар хамтран ажиллана гэсэн юм.

Шинэ МСҮТ-д хичээлийн анги танхим, хоолны газраас гадна хөдөө орон нутгаас ирж буй оюутнуудад дотуур байрны зориулалтаар ашиглах өрөө тасалгаануудыг ч иж бүрнээр нь тохижуулсан байна.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэд үйл ажиллагаа явуулдаг оёдлын цех, “Бест” төв зэрэг нь харааны бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангахын хамт МСҮТ-д сурч буй оюутан сурагчдыг дадлагажуулах үүргийг давхар хүлээхээр болж буй аж.