Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга
2015.10.22

Бид хотыг стандарттай болгосон

Ньюс” агентлаг аравдугаар сарын 29-нд тохиох “Нийслэлийн өдөр”-ийг угтан энэ долоо хоногийн онцлох асуудлаар “ХОТЫН ХӨГЖИЛ” сэдвийг сонгож байна. Энэ хүрээнд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгатай Улаанбаатар хотын өөрчлөлт, хөгжлийн асуудлаар ярилцлаа.

 -Хамгийн сүүлд олон нийт таны талаар шуугисан асуудлаар ярилцлагаа эхлүүлье. Та үнэхээрБогдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын үеэр нисдэг тэрэг хөлөглөсөн юм уу?

-Цэцээ гүнийг тахихад би ажлын албаны нөхөдтэйгээ уул өөд явган авирсан. Буухдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн араас явган буцсан. Үүний дараа сошиал ертөнцөөр Д.Баттулга төсвийн мөнгөнөөс 10 гаруй сая төгрөгийн зардал гаргаж, онгоцоор явсан гэсэн мэдээлэл тархсан байсан. Би тухайн үед албан ёсны хариу өгөөгүй л дээ. Энэ ташаа мэдээллийг бол би сонгуулийн сөрөг сурталчилгаа гэж харж байна. Сонгууль дөхөх тусам нийслэлийн удирдлагуудыг гүтгэж, гүжирдэж, иргэдэд тэр худал мэдээллээ итгүүлэх гэсэн л оролдлого бололтой.

-Тэгвэл тухайн өдөр онгоцоор хэн явсан юм бэ?

-Настай лам нар, манай нийслэлийн ганц, хоёр орлогч дарга нар явсан байх. Би тухайн онгоцонд байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна.

-Сүүлийн үед НИТХ дахь МАН-ын бүлэг хотын Засаг даргыг огцруулах үндэслэлүүдийг гарган тавьж, албан бичгийг ч танд хүргүүлсэн. МАН-ын гишүүдийн гаргасан энэ үйлдэлд та ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

-Энэ бол Улаанбаатарчууд ямар ч юм ярьсан итгэнэ гэж бодоод улаан цайм гүтгэлэгийн, өдөөн хатгасан шинжтэй үйлдлийг МАН гаргаж байна. Одоогийн хотын хийж буй, хийсэн ажлыг яаж баллуурдаж, муухай харагдуулах вэ гэдэг дээр энэ хүмүүс шатаад байна. Нөгөө л сонгууль ойртсоных. Тэдний хэлээд байгаа хотын 410 тэрбум төгрөгөөр "гараа угаасан" гэдэг бол маш ноцтой мэдэгдэл. Эрүүгийн хариуцлага үүрүүлэхүйц том хэрэг. Хэрэв үнэн бол хотын удирдлага хариуцлагаа хүлээе.

Хэрэв МАН-ынхан  гүтгэсэн бол эргээд хариуцлагаа үүрэх ёстой. Би “Э.Бат-Үүлийг огцруулъя” гэсэн албан бичгийг уншсан. Тэр бичиг, саналд авах юм нэг ч байхгүй байсан. Удахгүй хотын орлогч нар МАН-ын гаргасан тооцоолол дээр өөр өөрсдийнхөө нэгдсэн тайлбарыг хийх байх. Тооны араас тоо яриад яваад байвал асуудал өөрөө маргаан болоод явна. Иймээс юу хийв, ямар үр дүн гарсан бэ гэдэг улс төрийн шийдвэр хэрэгтэй. Нөгөө талдаа  хэн нь яг буруутай вэ гэдгийг заавал шүүхээр тогтоолгож, хуулийн хариуцлагыг буруутай нь хүлээх ёстой.

-Гол нь Э.Бат-Үүл даргын хүүгийн "Грандлайн" компани өндөр өртөгтэй тендерт ялсан  асуудал гэж МАН-ынхан тайлбарлаж байсан.

-"Ам алдвал барьж болохгүй" гэдгийн адил нэгэнт төсвийн зарцуулалт, мөнгөний хэмжээг хөндөж, цагаан дээр хараар буулгаж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийж,  ярилцлагаа нийтлүүлсэн юм чинь ярьсан бүх зүйл дээрээ л МАН хариуцлагаа үүрэх шаардлагатай. Буруу ярьсан зүйлээ яаж засч, залруулах вэ, бултах вэ гэж арга хайх, зөвхөн "Грандлайн" компанийн асуудлыг онцлох ёсгүй. Баянзүрх дүүргийн 12 хорооны иргэд өөрсдөө тус компанийг сонгож, дахин төлөвлөлтийн ажлаа хийлгүүлж байгаа. 

-Удахгүй Улаанбаатар хот үүссэн байгуулагдсаны 376 жилийн ой тохионо.  “Нийслэлийн өдөр”-ийг яаж өнгөрүүлэх гэж байна.

-Эдийн засгийн хямралтай, төсөв тасарсан энэ үед ойгоо бид сүр дуулиантай хийхгүй. Уламжлалт арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Жишээлбэл, Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудад нийслэлийн тугийг мандуулах ёслолыг хийнэ.

Мөн Улаанбаатар хотын анхны үүслийн өлгий Ширээт цагаан нуурын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлж, мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, дарууханаар "төрсөн өдрөө" тэмдэглэнэ. Их хэмжээний хөрөнгө зарцуулсан олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй.

-Нийслэлийн төсөв 80 тэрбумаар тасалдсан гэж үнэн үү?

-Үнэн. 80 тэрбум гэдэг бол хотын хэмжээнд том тоо. Улсын төсөв ч нэг их наяд орчим төгрөгөөр тасарсан явж байгаа. Ойролцоогоор улс, хотын төсөв хоёулаа 20 орчим хувиар тасраад байх шиг байна. Хүнд байна. Улсын төсвийн тодотгол хийгдсэний дараа нийслэл төсвийн тодотголоо хийнэ. Өнгөрсөн долдугаар сарын дундаас эхлээд томоохон хэмжээний тендер зарлахаа зогсоосон. Мөн жил дамжин хийгдэх ажлуудаа нэг жилээр хойшлуулсан. Иймээс хотын төсвийн тасалдал 80 тэрбумд хүрсэн ч, аль болох хүндрэл, чирэгдэл үүсгэхгүйгээр, асуудлыг хөнгөхөн шийдэх бодол байна.

-УИХ шиг төрийн албан хаагчдын цалинг хасч, албан байгуулагуудад цомхтгол явуулахгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Бид хийдэг ажлаа хийгээд, шаардагдах урсгал зардлаа гаргаад явах бүрэн боломжтой.

-Ирэх оны төсвийн хэмжээ хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ оны төсвийн хэмжээгээс буурах уу?

-Ирэх оны төсөв энэ жилийнхээс арай бага байна. Энэ жил бид өмч, хувьчлалаараа 95 тэрбум төгрөг олно гэж төсөөлж байсан. Гэвч энэ ажил хэрэг болсонгүй. Одоогийн төсвийн тасалдалын 30 хувь нь хүн амын орлогын албан татварынх. Үлдсэн 70 хувь нь дээрх өмч, хувьчлал явагдаагүйтэй холбоотой үүссэн асуудал. Ирэх жилийн нийслэлийн орлогыг 500 орчим тэрбум байна гэж тооцож байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт төсвийн санхүүжилтээс их хамааралтай болсон. Иймээс улс орны эдийн засаг суларч, ААН-үүд хаалга барьсан энэ үед хотын хувьд төсвөө хумих биш тэлэх шаардлагатай. Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Тэгж байж эдийн засаг уналттай яваа энэ үед цус сэлбэлтийг хийх ёстой.

Дамжин суултыг ҮНЭГҮЙ болгоно

-Саяхан нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийнхэн сул зогсолт хийж, ажлын цагийн тарифийг тогтоож өгөхийг хотын удирдлагаас шаардсан. Уг асуудлыг хэзээ хэлэлцэж, яаж шийдэх үү?

-Иргэдийг явгаруулж, гэнэт сул зогсолт хийж асуудлыг шийдэхгүй шүү гэдгийг хувийн хэвшлийнхэнд анхааруулсан. Нийтийн тээврийн шинэчлэлийг би гайгүй явж байна гэж харсан. Сайн болсон гэж бол хэлж чадахгүй. Төслийн хэрэгжилтийн явцад хүндрэл маш их гарсан. Гэхдээ хамгийн гол нь нийтийн тээврийн салбарт өнө удаан жил байсан бугшмал, нүднээс далд байсан асуудлыг ил болгож чадсан. Ялангуяа маршрутын өөрчлөлт хийснээр хотын төвөөс алслагдмал, захын хорооллуудад том оврын автобусууд зорчдог болсон юм. Товчхондоо богино рейсээр зорчигчдыг сэлгэн суулгаж, хурдан очих боломж олгосон. Өмнө нь 500 төгрөгөөр явдаг байсан зорчигч наймдугаар сарын 15-наас хойш 1000, 1500 төгрөгөөр явж байгаа. Үүнийг бид НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд, сэлгэн суултын төлбөрийг үнэгүй болгоно.

Мөн хөнгөлттэй зорчиж буй оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлбөрийг ямар аргачлалаар бодож тээврийн компаниудад олгох вэ гэдэг журмыг батална. Оюутны картыг МОХ-оор дамжуулахгүй. Ахмадын картыг яг явдаг иргэдэд нь хороогоор нь дамжуулж тараагаад нөхөн төлбөрийг нь өгдөг байя л гэсэн энгийн зохицуулалтыг хийсэн. 

-Оюутнууд нь үнэгүй яваад байхад сурагч нарыг яагаад үнэгүй явуулахгүй байна гэсэн асуудал яригдаж эхэлсэн. Сурагчдыг үнэгүй зорчуулах боломж нийслэлд байхгүй юу?

-Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр хөнгөлттэй зорчино гэсэн тусгай хууль байдаг. Харин сурагчид үнэгүй явна гэсэн хууль байдаггүй. Иймээс Боловсролын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Хэрэв холбогдох хуульд өөрчлөлт оруулчихвал сурагчид үнэгүй явж болно. Уг асуудлыг хотын даргад тавьж, шийд гэсэн үүрэг өгнө гэсэн бодолтой байна.

-МОХ-ноос оюутны хөнгөлттэй зорчих асуудал дээр эсэргүүцлээ илэрхийлээд эхэлсэн.

-Төрийн байгууллага байж яагаад ТББ-аар дамжуулна гэж. МОХ өөр аргаар шимтгэл, мөнгө олж болно шүү дээ.  Оюутны хөнгөлттийн картаар дамжуулж, олдог байсан орлого нь байхгүй болсон болохоор асуудлыг улс төржүүлж, хараад байх шиг байна.

-Экобусыг хотын удирдлага шахлаа. Экобусыг ашиглах боломжгүй, боломжтой гэсэн асуудал яригдаж эхэллээ. Үнэхээр шахааны бизнес юм уу?

-Хүчээр шахсан асуудал бол байхгүй. Хотын агаар, хөрсний бохирдол их хэмжээгээр үүссэн энэ үед эко технологийг л ашиглахаас өөр арга алга. Машины яндангаас их хэмжээний утаа ялгардаг. Иймээс л тэр экобусыг ашиглаад үзье. Хэр эерэг нөлөөлөлтэй байх вэ гэдгийг харъя гэсэн юм. Агаарын бохирдол 10, 20 хувиар буурлаа гэхэд иргэд итгэдэггүй. Харин агаарын бохирдол 100 хувь ариллаа гээд бүр алга болсон хойно л итгэнэ. Иймээс утааг бууруулах ямар л арга байна бүгдийг туршиж, ашиглаж үзэх хэрэгтэй.

Хуулийг өөрчлөхгүй бол НИТХ-ын төлөөлөгчид ч урамшуулал авсаар л байна

-НИТХ-ын төлөөлөгчид их хэмжээний мөнгөн урамшуулал авдаг гэсэн мэдээлэл олны анхааралд байсаар л байна. Энэ урамшууллыг цаашид ч аваад л явах уу?

-Бид хуулийн дагуу л ажиллаж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол Засаг дарга, иргэдийн хурлын хоорондын асуудлыг зохицуулж өгдөг. Монгол Улсын Үндсэн хуулийн дараа ордог, бид нарын баримталдаг үндсэн гол хууль.

Энэ хуулийн 18-р зүйлд бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгчид урамшуулал авч болно. Урамшуулал олгох журмыг тухайн иргэдийн хурал батлан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Яг энэ заалтын дагуу нийслэл, дүүрэг зарим аймгуудын иргэдийн төлөөлөгчид бүгд урамшуулал авч байна.

-УИХ-аар Өршөөлийн хуулийн хоригийн асуудлыг хэлэлцэж байна. Та ер нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригыг дэмжиж байна уу?

- Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүгдийг нь УИХ хүлээн авах ёстой. Тэгж байж шударга болно.

-Сошиал ертөнцөд тантай, таны гаргасан шийдвэрүүдтэй холбоотой мэдээлэл тавигдахаар уншигчид таны өнгөрсөн үеийн тухай их ярих юм. Та үнэхээр зарга үүсгээд явдаг хэл амтай  сөрөг хүчин байсан юм уу?

-Улаанбаатар хотын хувьд 2012 онд л Ардчилсан нам утгаараа гарч ирснээс биш өмнө нь сөрөг хүчин л болдог байлаа. Ардын намын болохгүй асуудлыг байнга хэлдэг байсан. Би бол 1994 онд тодорхой хэмжээний асуудлыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг удирдан зохион байгуулаад л явж байсан. Үнэн. 1994 оны дөрвөн сард тухайн үеийн Засгийн газрын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж 13 хоног өлсгөлөн зарлаж явлаа. Эхлээд арван хэдүүлээ байж байгаад 30, 40-үүлээ болж байлаа.

-Ямар шийдвэрийг эсэргүүцэж, тийм олон хоног өлсгөлөн зарласан юм бэ?

-Д.Баттулга эсэргүүцэж, тэмцэж байсан гэж ярьдаг болохоос яг юуны төлөө тэмцсэн бэ гэдгийг иргэд сайн ойлгоогүй байдаг юм. Тэр үед П.Жасраа гуай Засгийн газрыг тэргүүлдэг байлаа. Монголын агаар, зарим газар нутгийг худалдсан байсан үе. Энэ шийдвэрийг л эсэргүүцэж, тэмцэж явсан юм. Тэмцлийн үр дүнд тухайн ЗГ-ын шийдвэрийг хүчингүй болгож байлаа.

Эрх баригчдыг сөрөг хүчин эсэргүүцэж, шүүмжилж болно. Гэхдээ баримттай, нотолгоотой байх л хэрэгтэй. Тэгэх ч ёстой. Сөрөг хүчний гол үүрэг нь тэр. Түүнээс одоогийнх шиг муулж л байвал амандаа орж ирсэн тоогоо хэлж болно. Үүнд нь иргэд, сонгогчид итгэнэ гэж бодож байгаа бол эндүүрчээ. Өнөөдөр хүмүүс маш их мэдээлэлтэй, асуудлыг наанатай, цаанатай ойлгодог болсон цаг үе.

-Сүүлийн гурван жилд Улаанбаатар хот яаж өөрчлөгдсөн гэж та харж байна. Хийсэн бүтээн байгуулалтынхаа том ажлуудаас дурдаач.

-Улаанбаатар хотод шинэ стандартыг бий болгосон. Одоо Улаанбаатар хотыг үүнээс дордуулж болохгүй. 2012 оныг 2015 онтой харьцуулаад харъя. Хогны асуудал цэгцэрсэн. Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийсэн. Дээрээс нь 1.3 сая иргэний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаар, хөрсний бохирдлыг шийдэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил.

1960 оноос хойш шинэчлэгдээгүй хотын төв магистраль шугамыг шинэчилсэн. Хэрэв энэ ажилд тодорхой хөрөнгө гаргаж асуудлыг шийдээгүй бол цоорох аюултай байсан юм. Нэг л өдөр хот даяараа хөлдөх эрсдэлтэй байсан юм. Одоо бол энэ аюулыг шийдэж чадсан. Иймээс их хотын иргэн та тайван нойрсч болно гэж хэлмээр байна.

-Цаашид хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэхийн тулд хотын удирдлагын бага яг энэ бүрэлдэхүүнээрээ сонгуульд ялах ёстой юу?

-Дахин хэлье. Бид Улаанбаатар хотыг стандарттай болгосон. Энэ бол хотын хөгжил. Хот ийм байх ёстой гэдгийг харуулж чадсан. Хүмүүс ч гэсэн ойлгож, мэдэрсэн байх. Мэдээж Улаанбаатараа дэлхийн жишигт нийцсэн өнгөтэй, өөдтэй хот болгохын тулд Ардчилсан нам чадлаараа зүтгэх учиртай. Хийх ёстой. Үүнд ард түмэн л  итгэх хэрэгтэй. Ард түмэн бидэнд итгэж чадвал илүү ихийг хийхэд бид бэлэн. Хичээж ажиллах болно.

Ярилцсанд баярлалаа.