Би эх орондоо хувь нэмрээ оруулахаар зүтгэж буй бизнесмен...


9 минут уншина
Би эх орондоо хувь нэмрээ оруулахаар зүтгэж буй бизнесмен...
"Хишигтэнгал" ХХК-ийн захирал Э.Саруулбилэг

Тэр залуухан, эрч хүчтэй. Тэр дайчин, идэвхи зүтгэлтэй. Цагийн менежмент сайтай байж, мэдсэн сурснаа практикт амжилттай хэрэгжүүлж чадаж байгаагаараа үеийн залуусаасаа ялгарч байна

Сайхан инээмсэглэдэг тэрээр өөрийн мэргэжил, хийж буй ажлынхаа тухай ярьж байхдаа өөрийн эрхгүй л сэтгэл нь хөдөлж, нүдэнд нь нэг тийм өөдрөг бадрангуй гэмээр оч гэрэлтэж байсан юм. Ингээд ирээдүйтэй бизнесмен бүсгүй Э.Саруулбилэгтэй танилц.Тэрээр гэр бүлийн бизнесээ өргөжүүлж, дотуур хувцасны "GB", гоо сайхны бүтээгдэхүүний "S'miss" брэндийг үйлдвэрлэгч "Хишигтэнгал" ХХК-ийг удирдаж байна.

"Харвард", "UC Berkeley" хоёрт зэрэг тэнцсэн

Таныг АНУ-ын Калифорнийн их сургуульд суралцсан цөөхөн Монгол оюутны нэг гэж сонссон?

Би SAT-ийн оноо хамгийн өндөр авсан 10 оюутны нэгд багтаж, Харвардын их сургууль, Калифорнийн Их сургууль хоёрт зэрэг тэнцэж байлаа. Энэ баярт мэдээг сонсоод хамгийн түрүүнд ээждээ утасдаж сонсгоход ээж минь баярласандаа уйлж байлаа. Тухайн үед миний ах АНУ-д хамт сурч байсан болохоор бид хоёр сургуулиа сонгохоор "Харвард", "UC Berkeley"-гийн оюутны хотхоноор аль алинаар нь очиж үзсэн.

Надад "UC Berkeley" маш их таалагдаж, молекул биологич мэргэжлээр суралцсан юм. 150 орчим жилийн түүхтэй манай сургуулиас химийн үелэх системийн 16 элементийг нээсэн суутнууд төрөн гарч, 72 Нобелийн шагналтан хичээл заадаг гээд бахархах зүйл олонтой, ер нь оюун  ухааны танк үйлдвэрлэгч гэж Америкчуудад өргөмжлөгдсөн сургууль.

Дэлхийн алдартай хоёр их сургуульд зэрэг тэнцэхэд юу хамгийн их нөлөөлсөн бол?
 

Би арван жилдээ физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуульд суралцаж байгаад, АНУ-ыг зорьж, тэндээ ахлах сургуулиа дүүргэсэн. Ахлах сургуулийн сурагч байхдаа хоёр ажил хийдэг байлаа.

Нэг нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг ашгийн бус "Berkeley Free Clinic" эмнэлэгт сайн дурын ажилтан, нөгөө нь америк хүүхдүүдэд англи хэлний дүрмийн хичээл зааж ойр зуурын хэрэгцээний мөнгө олохын хамт хүмүүстэй ажиллаж, харилцах аргад сурч  байсан юм. Ер нь дүнг чухалчилж үзэхээсээ илүү нийгмийн идэвхитэй, сургуулиас гадуурх үйл ажиллагаанд их оролцдог байсан нь дэлхийн томоохон сургуульд тэнцэж, суралцахад түлхэц болсон гэж боддог.

"UC Berkeley"-д суралцаж байхдаа идэвхтэй хэвээрээ байсан уу? 

Би "UC Berkeley"-d суралцаж байхдаа монгол хэл, соёлтой танилцах анги нээж хоёр жил гаруй гадаад оюутнуудад багшилж үзлээ. Миний багшилж байсан ангид Америкаас гадна өөр бусад орны оюутнууд байсан. Монгол орныг сурталчлан, таниулах анги нээх зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байхдаа оюутнууд манай ангид элсэх болов уу, цөөхөн оюутан байвал яах вэ, хэдхэн өдөр суугаад сонирхолгүй хичээл байна гээд явчихвий гэж сэтгэл зовниж байсан.

Тэгсэн чинь анги дүүрэн оюутнууд ирсэн байхаар нь хичнээн их баярласан гэж санана. Сургуулиа төгсөн төгстлөө Монгол орны тухай хичээл заасан юм. Сургалтын зарим үзүүлэн материалуудыг ээж минь Монголоос явуулж надад тусалдаг байлаа.   

Миний шавь нарын  дунд Олимпийн наадамд оролцсон тамирчин хүртэл байдаг.

Миний үүсгэсэн монгол хэл, соёлын тухай сургалтыг сургуулийн захиргаа энэ жилээс монгол хэлний тогтмол анги болгосон гэдгийг дуулаад маш их баярласан. Би хаа явсан газраа өөрийн хувь нэмрээ оруулж явдаг нийгмийн идэвхтэй хүмүүсийн нэг л дээ.

Калифорнийн их сургуульд суралцаж байхдаа косметологийн лабораторид молекулын түвшинд туршилт, судалгаа хийдэг байсан юм. Багаасаа эмч болох хүсэлтэй байсан учраас 2010 онд Монголдоо ирэн, АШУИС-д 3-р курсээс нь эхлэн суралцаж 2013 онд хүний их эмчээр төгссөн.

Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж чадаж байна уу?

Молекул биологич бол дэлхийд сүүлийн жилүүдэд гарч ирсэн цоо шинэ мэргэжил. Ямар нэгэн молекул, химийн бодис хүний биед болон амьд организмд яаж сайнаар эсвэл муугаар нөлөөлөх вэ гэдгийг судалдаг. Тухайлбал, уруулын будагт хар тугалга их, бага хэмжээгээр агуулагддаг.

Чанар муутай тос, теньд агуулагдах хорт нэгдлүүд арьсаар шимэгдэн цусанд орж, хүний бие тэр дундаа жирэмсэн эмэгтэйн урагт муугаар нөлөөлөх аюултай. Косметиклогийн лабораторид энэ мэтчилэн судалгаа шинжилгээ хийж, ажиллаж байхдаа Монгол улсад боломжийн үнэтэй, чанартай үндэсний гоо сайхны брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа төрсөн.

Одоо Монголын зах зээлд дэлхийд алдартай гоо сайхны брэндийн албан ёсны дистрибютер гэсэн компани, дэлгүүрүүд маш өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдаалж байна. Яг үнэндээ бүгд ориг брэнд байж чаддаггүй. Үүнийг нь мэдэхгүй манай бүсгүйчүүд худалдан авсаар байна. Тэгвэл одоо сонголтоо өөрчлөх цаг болсон.


Өөрийн брэндтэй боллоо

"S'miss" брэндийг яаж бий болгов? "Гурван билэг" групптэй ямар нэгэн байдлаар холбоотой юу?  

Шувуу өсөж томроод шууд л бие даадагтай адилхан сургууль номоо үзэж дүүргээд бие дааж амьдралаа авч явах насанд хүрсэн л бол тэр өөрөө амьдрахын төлөө ажиллаж, нийгэмд байх ёстой тэр орон зай, байр сууриа өөрийнхөө хүч чадлаа дайчилж эзлэх ёстой гэж би боддог. Тийм болохоор ээж аавынхаа ачааг багасгахыг хичээж, өөрийнхөө бизнесийг эхэлж, мэдэж эзэмшсэн технологийн дагуу ажиллахаар шийдсэн.

Шаардлагатай байр, тоног төхөөрөмж авах хөрөнгийн туслалцаа ээжээсээ авсан гэдгээрээ групптэй холбогдоно. Үйлвэрлэсэн, үйлдвэрлэх гэж буй бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд группийхэн хэрэглэж үзээд, санал шүүмжлэлээ хэлж миний ажилд надтай адилхан санаа зовдог. Би группийнхэндээ хайртай.  

"S'miss" брэнд 2010 оноос эхлэлтэй. Анх бизнесээ эхлэхэд ээж минь тусалж, 4 жилийн судалгаа, шинжилгээнд хөрөнгө оруулалт хийсэн.

Ээж нь таныг хүүхэд байхаас чинь бизнесмен болоход бэлдсэн үү?

Хүүхэд ямар гэр бүлд өсч хүмүүжсэнээсээ хамаарч, суурь хүмүүжил нь төлөвшиж тогтдог байх. Миний өссөн гэр бүл бол дулаан дотно уур амьсгалтай, ах маань нас залуу ч даруу төлөв, аливаа зүйлийн болохгүй, болохгүй талаар надад зөвлөдөг.

Жишээ нь, чи удахгүй сургуульд орох болохоор бэлтгэх хэрэгтэй гээд их сонирхолтой ном уншиж өгч, намайг эрдэм номд сонирхолтой болгож, би 5 настай байхдаа уншиж сурч, арван жилдээ хоёр анги алгасаж суралцсан юм.  

Бизнесмен гэр бүлд төрж өссөн болохоор багаасаа л энэ ухаанд суралцсан биз?

Би аав, ээжийн эрх танхи, амин хайртай охин. Нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Бид гурав том нь том, бага нь бага, би ганц охин нь гэж эрхэлнэ. Бүгд л эрхлэх шалтгаантай. Хэдийгээр манайх бизнесмен гэр бүл хэдий ч гэртээ бизнес, мөнгө ярьж стрессддэггүй. Би маш халуун дулаан уур амьсгалтай гэр бүлд өсөж, хүмүүжсэн.

Тийм ч учраас ажил, хувийн амьдрал хоёр ямагт тусдаа байж, ажлын стрессийг гэрийнхээ гадаа үлдээ гэдэг зарчимтай. Ажлаа эрч хүчтэй хийхийн тулд гэртээ зөв амрах ёстой гэж боддог. Миний ээж аав хүүхдүүдээ ямар ч ажлыг бие дааж хийлгэдэг.  

"Ээж ээ! Үүнийг нь яаж хийх вэ" гэж асуухад миний охин сайн бодоод өөрөө хий гэж хэлээд зааж өгдөггүй. Тэгээд дууссаных нь дараа хэлж өгдөг.

Анх компанийн захирал болоход хамт олон хэрхэн хүлээж авч байв? "Захирлын хүүхэд" гэсэн хандлага ажиглагдаж байв уу?

ЭМШУИС (АШУИС)-д суралцаж байхдаа "Гурван билэг" группийн гадаад худалдаа болон маркетингийн албаны даргаар ажиллаж байлаа. Энэ үед группийнхээ хэмжээнд ажилчидтай харьцаж, хамтран ажилладаг байсан болохоор захирал боллоо гээд хандлага өөрчлөгдөөгүй.

Таны байгууллагаа удирддаг арга барил?

Манай ажилчид бүгд дээд боловсролтой, соёлч боловсон хүмүүс байдаг. Бүгд удирдах, удирдуулах зарчмыг сайн баримталдаг. Захирлын зүгээс өдөр тутамд хэнтэй, яаж харьцах, яаж ойлголцох  гэсэн ур чадвар, мэдрэмж шаарддаг.

Танай ажилчид сэтгэл хангалуун ажиллаж чаддаг уу?

Бидний үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас бол гарт баригдаж, нүдэнд харагддаг бүтээл болохоор хийсэн зүйлийг маань хүмүүс хэрэглээд явж байгааг, хэрэглэхээр сонгож, бас нэг нэгэндээ бэлэглэх гэж өргөнөөр худалдан авч байгаад манай хамт олон сэтгэл хангалуун байдаг. Тиймээс манайхан ажиллах урамтай байдаг нь мэдрэгддэг.

Өнгөрсөн цагаан сараар нэг танилындаа золгоод гарахад надад манай ВВ кремийг бэлгэнд өгөхөд, бидний ажил хүмүүсийн сэтгэлд хүрч байгааг мэдрэхэд сайхан байсан. Тогтвортой ажиллах эрмэлзлэлтэй бүтээлч хүмүүсийг сэтгэл хангалуун амьдралд хүргэх бодлого барьж ажиллаж байна. Зарим ажилчдынхаа орон сууцны асуудлыг шийдэж өгч байна.  

Захирал байна гэдэг захирна гэхээсээ илүү ажилтантайгаа хамтран ажиллана гэсэн үг.

Бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн байна

"S'miss", "GB" брэндийг бүтээхэд хэдэн хүнтэй баг ажиллаж байна? 

Манай үйлдвэр ТЭЦ4-ийн урд байрладаг. Тоног төхөөрөмж, түүхий эд бүгдийг АНУ-аас оруулж ирдэг. Гоо сайхны бүтээгдэхүүнд ордог түүхий эдийн цэвэр шинж чанар химийн найрлагын хувьд 99.99 хувьтай байхыг шаарддаг. Өөр бусад улсаас яг чанартай түүхий эд оруулж ирнэ гэхээр эргэлзээтэй.

Эхний ээлжинд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд мэргэшсэн мэргэжилтэн надад олдоогүй учир би АНУ-ын үйлдвэртэй хамтран BB cream-ээ гаргасан. Судалгааны ажлыг би өөрөө ахалсан. Монголд ирээд багаа бүрдүүлж байна.

"5 жилийн дараа монголын бүх насны эмэгтэйчүүдийн толины өмнө манай бүтээгдэхүүнүүд өрөөстэй байна гэсэн өөдрөг төсөөлөл, мөрөөдөл дүүрэн ажиллаж байна."

GB брэндийн дотуур хувцас үйлдвэрлэхдээ даавуугаа импортоор авдаг. Зах зээлийн үнээс харьцангуй хямд, ихэнх хувь нь экспортлогчийн захиалгын хувцас давамгайлж байна. Одоогоор Нью-Йоркийн загварын долоо хоногт орохоор бэлтгэл ажлаа базааж байна. Дэлхийн тавцанд монгол дизайнерууд гарч, бидний бүтээгдэхүүнийг Холливудын одод өмсөж яагаад болохгүй гэж.

Хэрэглээ өргөнтэй зах зээлд цаашид ямар бүтээгдэхүүн нийлүүлэхээр ажиллаж байна?

Эмэгтэй хүн бүрийн дотор хадгалагдаж байдаг тэр гоо үзэсгэлэн, нууцлагдмал байдал, эрч хүчийг лусын дагинаар бэлгэдсэн.

Бид гурван төрлийн BB cream, уруулын будаг, уруул өнгөлөгч үйлдвэрлэж байна. Нүдний шингэн контур гаргахад бэлэн болсон. Пудр, хөмсөгний харандаа зэргийг гаргахад технологи, түүхий эд нь бэлэн. Одоогоор чийгшүүлэгч тос болон үрчлээг тариагаар биш тосоор арилгах  "botox" гарган авахаар ажиллаж байна. Нүүрний салфетикан маск үйлдвэрлэх судалгааны ажлын явц 70 хувьтай байна. Манай үйлдвэрт дандаа монгол хүмүүс ажилладаг.

Ямар нэгэн асуудал, бэрхшээл тулгарахад ямар шийдэл гаргаж ажилладаг вэ? 

Бизнесмен хүн өдөр бүр шинэ асуудалтай тулгарч байдаг.

Тэр болгонд ажилчидтай ярилцаж, брэндийн мөн чанараа бодолцож үзээд хамгийн зөв гэсэн шийдэлд хүрдэг. Одоогоор боловсон хүчний тухайд жигд бэлтгэгдсэн сайн хүн олоход хэцүү байна. Мэргэжилдээ сайн ч хэлний мэдлэг тааруу хүн байна. Гэтэл манай компани гадаад харилцаа сайтай компани. Нарийн мэргэжлийн бус цагаан захтнуудаар нийгэм хахчихаад байна.

Оёдлын салбартай холбоотойгоор даавуу болон туслах материалын импортын гааль болон НӨАТ-гүй болговол сайн байна. Татваргүй биш юм аа гэхэд гаалийн байгууллагынхан түргэн шуурхай үйлчилдэг байгаасай. Гадаад худалдааг хөнгөвчилнө гэж үе үеийн дарга нар ярьдаг боловч яг ажил хэрэг болгох нь тааруу байгаад сэтгэл гонсойдог.

Ашигтай ажиллаж чадаж байна уу? 

Манай маркетингийн багийнхны судалгаагаар бид олон сая ам.долларын импортын бүтээгдэхүүнийг орлож чадна гэсэн тооцоо гарсан. Ашиггүй гэж хэлэхгүй. Манай бүтээгдэхүүнд хэрэглэгчид ам сайтай байж, найз нөхөд, гэр бүл, ойр дотны хүмүүстээ санал болгож байгаа учраас удахгүй зах зээлийн тодорхой хувийг эзэлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Би...

Таныг хүмүүс ямар зан чанартай гэж дүгнэдэг вэ?

Ойр дотныхон маань намайг бүх л нөхцөл байдлаас сайныг нь олж харж чаддаг, гуньж уйтгарлах дургүй, инээж хөгжилдөх дуртай, ямар ч хүнтэй нээлттэй илэн далангүй байж чаддаг гэж дүгнэх байх. Харин сул тал гэвэл юм нууж чаддаггүй, хэтэрхий үнэнч зантай.

Чөлөөт цагаараа?

Гэр амьтай.

Хурдхан шиг ажлаа амжуулаад гэрийн зүг яардаг. Чөлөөт цаг гарвал гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хамт сайхан хоол хийж , кино үзэж, цагийг зугаатай өнгөрүүлэхийг хичээдэг.

Спортоор хичээллэдэг үү? Авьяас?

Фитнесээр 10 гаруй жил хичээллэж байна. Стрессээ тайлахад фитнес чухал үүрэгтэй. Фитнесээр хичээллэхгүй 5-7 хоног болбол өөрийн эрхгүй бие хөшөөд байгаа юм шиг санагддаг. Зөв хооллолт, шим тэжээлийн талаар судлах дуртай.

Биеэ авч яваа байдал, гадаад үзэмжиндээ хэр анхаардаг вэ?

Мэдээж өөртөө итгэлтэй байхын тулд биеэ зөв авч явж, сайхан харагдахыг эрхэмлэдэг.

Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодвол илүү алсын хараатай байж, бизнест илүү амжилт гаргадаг гэдэгтэй санал нийлэх үү? 

Манай эмэгтэйчүүдэд давхар, давхар үүрэг хариуцлага ногддог. Мэдээж эмэгтэй хүн эхнэр, ээж байж, ажлаа ч зэрэг амжуулж чаддаг байх ёстой. Эрэгтэй хүнтэй эн зэрэгцэж ажиллахын тулд цагаа маш сайн тооцоолж, хурдтай байх хэрэгтэй.

Мөрөөдөл, зорилго?

Эрүүл, элэг бүтэн, аз жаргалтай амьдрах бол миний хамгийн том хүсэл.

Залуу хүн ажиллаж, бүтээж, ажлаасаа сэтгэлийн ханамж авч, чанартай амьдрах ёстой.
Брэнд гэж таныхаар?

Брэнд гэдэг нь ижил төстэй бусад бараа бүтээгдэхүүнээс бүхий л талаараа онцгойрч чадахыг хэлдэг гэж боддог.

Уншигчдад хэлэх үг,  уриалга

Өөрөөс чинь өөр хэн ч чамайг амжилтанд хүргэхгүй гэдгийг өглөө бүр санаж байгаарай. Бүтэлгүйтчих вий гэж бүү ай. Бүтэлгүйтсэн ч дахин дахин оролд, хичээ. Хичээхээ больж бууж өгөх тэр мөч л жинхэнэ бүтэлгүйтэл...

Ярилцахад таатай байлаа. Таны бизнест амжилт хүсье.

Г.Мөнхтуяа