Хямралыг давах нь чухал уу, улс төрийн эрх мэдэл чухал уу гэхэд улс төрийн эрх мэдэл чухал гэлээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.11.10

Хямралыг давах нь чухал уу, улс төрийн эрх мэдэл чухал уу гэхэд улс төрийн эрх мэдэл чухал гэлээ

Нэр: Ц.Даваасүрэн, Намын харьяалал: Бие даагч, Сэдэв: Төсөв

-Байнгын хороод төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийгээд дуусаж байна. Ирэх оны төсвийн ерөнхий зураг гарчихлаа. Ямархуу төсөв болов?

-Ямар ч байсан хямралыг хэрхэн давах вэ гэж бодсон, зарим нэг зардлаа танах гэж оролдсон төсөв болсон.

-Хамгийн оновчтой хэмнэлт юу байв?

-Гадаад томилолтын зардлаас таван тэрбум орчим төгрөг хассан.

-Тэгвэл оновчгүй нь?

-Сурах бичгийн зардал, эмч, багш нарын сургалтын зардлыг хассан нь оновчгүй санагдсан. Эмч, багш нар мэдлэг боловсролтой, мэргэжил дээшлүүлдэг байх ёстой. Тэгж байж хүн ам эрүүл байна, хүүхдүүд сайн сурна. Эрүүл мэнд, боловсролын салбарын мэргэжил дээшлүүлэх сургалтаас 500-600 сая төгрөг хэмнэж байгаа нь үүнээсээ илүү сөрөг үр дагавар дагуулж болзошгүй.

-Хасчихаасай гэж бодож байсан ч хасагдаагүй зардал нь юу байв?

-Намуудын сонгуулийн амлалтын балагаар төсөвт дарамт болсон мөнгөнүүдийг хасчихмаар санагддаг. Оюутны цалин, хүүхдийн мөнгө, автобусны мөнгө гээд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор хавтгайруулан тараадаг мөнгө нийтдээ 800 тэрбум төгрөг болдог.

-Хямралтай үед халамжийн мөнгийг нь хасчихвал иргэдэд хүнд тусах биш үү?

-Халамжийн мөнгийг зорилтот бүлэг рүү нь чиглүүлэх хэрэгтэй. Сонгууль бүрээр нэг нэгээр нэмэгдсээр тэр нь төсөвт хамгийн том ачаалал болдог. Үүнийгээ зээлээр санхүүжүүлдэг. “Хүний хөгжил сан” одоо зээлээр явж байгаа шүү дээ. Энэ жил төлөх өр нь 300 тэрбум төгрөг хүрсэн.

-Сангийн яамны боловсруулж оруулж ирсэн төсвийн төсөл нэлээд өөрчлөгдсөн. Хамгийн буруу өөрчлөлт нь юу байв?

-Бялуу хуваах гэж нэмж байгуулсаар байх ёстойгоосоо хоёр дахин өсчихөөд байгаа яамдыг цөөлөх нь зөв байсан. Гэтэл хямралыг давах нь чухал уу, улс төрийн эрх мэдэл чухал уу гэхэд улс төрийн эрх мэдэл чухал гэсэн сонголт хийлээ.

-Төсвийн алдагдал 3.3 хувь байх нь. Алдагдлаа яаж нөхөх вэ?

-Эдийн засаг сайжирч төсвийн орлого нэмэгдэх нь юу л бол. Алдагдлаа нөхөхийн тулд зээл авч таарах байх.