Парисын халдлага ба Франсуа Олландын рейтинг
2015.12.02

Парисын халдлага ба Франсуа Олландын рейтинг

Өчигдөрхөн тэрнийг арчаагүйгээр нь дуудаж байсан хүмүүс одоо хэлсэн бүхэнтэй нь санал нийлж байна. Саяхан хэвлэлийнхэнд “зөнөгөрсөн улс төрч” гэж хочлуулж асан тэр Парисын халдлагын дараа үндэсний баатар болж хувирав. Францын ерөнхийлөгч Франсуа Олландын амжилт, уналтын түүхээс сонирхуулъя.

Улс төрийн амиа хорлолт

Сарын өмнөхөн Франсуа Олландыг хамгийн азгүй улс төрч гэж нэрлэж байв. Тэр бүх нийгмийг өөрийн эсрэг болгосон бөх зүрхтэй хүн. Барууны хүчнийхэн түүнийг ижил хүйстний гэрлэлтийг дэмждэгт буруушааж, зүүнийхэн эдийн засгийн бодлогыг нь шүүмжилж байлаа. Уламжлалт гэр бүлийн харилцаа, үнэт зүйлсийг хадгалах хүсэлтэй олон мянган иргэн, цалин хасч, татварыг нэмсэнийг эсэргүүцсэн ажилчид гудамжинд жагсаж байв. Засгийн газарт авлигын хэргүүд мандаж Төсвийн сайд Жером Каюзак огцроход хүргэв.

Гурван жил гаруйн хугацаанд Олланд сонгогчдынхоо урмыг хугалав. Тэр сонгуулийн амлалтаа мартаж, Оростой муудалцаж, улс орноо дүрвэгсдийн хямралд татан оруулж, ажилчид, бизнесменүүд, зүүнийхэн, барууныхан гээд бүгдийг уурлуулж орхив. Хамгийн азгүй нь Францын түүхэн дэх хамгийн арчаагүй, сулбагар ерөнхийлөгч гэсэн нэр зүүв.

Түүний улс төрийн карьер 2017 оны сонгуулиар дуусах нь тодорхой болов. Гэтэл Парист болсон халдлага түүнд хоёр дахь боломжийг олголоо.

Төмөр ноён Олланд

Францын нийслэл эмх замбараагүй байдал, айдаст автах тэр мөчид ерөнхийлөгч Олланд өөр хүн болов. Парист буун дуу намжаагүй байхад Олланд зурагтаар ард түмэндээ хандаж үг хэлэв. Онцгой байдал зарлаж, улсын хилийг хаав. Тэрээр “Бид нэгдмэл, тайван байх хэрэгтэй. Франц улс аюултай тулгарах цагтаа улам хүчирхэг болдог. Бид шийдэмгий байх байх ёстой. Бид үүнийг дэлхий дахинд харуулна. Аюулын өмнө өөрийгөө яаж хамгаалах, яаж хүчээ нэгтгэх, алан хядагчдыг яаж ялахаа мэддэг үндэстэн дахин төрнө. Францын ард түмэн та бүхнийг хором ч алдалгүй ажиллаж байгаа Засгийн газар, тусгай албаддаа итгэхийг гуйж байна. Францын алдар мандтугай” гэж ард түмэндээ хандаж хэлэв.

Франсуа Олланд Парисын халдлагын дараа парламентад үг хэлэхээр явж байгаа нь

Энэ үг францчуудын сонсохыг хүсч байсан ч сонсоно гэж бодоогүй үг байлаа. Олланд зөнгөрсөн биш, шийдэмгий, байдлыг гартаа авч чаддаг хүн гэдгээ харуулав.

Парисын халдлагын дараа Олландын рейтинг 15 шатаар суга өсөв.

Тэрээр ард түмэн, дэлхий нийтийн өмнө алан хядагчдад хатуу хариу барих эрхтэй гэдгийг нотлов.

Жанжин Олланд

Халдлагын дараа францчууд алан хядагчдаас өшөө авахыг шаардаж эхлэв. Ерөнхийлөгч энэ боломжийг алдсангүй. Тэр алан хядагчдад хариу цохилт өгөхөө амлаж, “Исламын улсын” эсрэг агаарын довтолгоог өргөжүүлэх ажлыг санаачлав. Сирийн эрэгт «Шарль де Голль» байлдааны хөлөг онгоцыг илгээсний зэрэгцээ алан хядагчтай үр дүнтэй тэмцэхэд Үндсэн хуульд нэмэлт оруулахыг санал болгов. Түүнээс гадна Олланд урьд хожид байгаагүйгээр дипломат идэвх гаргаж ОХУ, АНУ, Британи, Франц, Герман, Итали, Турк зэрэг олон орон нэгдсэн Исламын улсын эсрэг “Их эвслийг” байгуулахаар оролдов.

Парисын халдлагын дараах эмгэнэлийн нэг минут 

11 дүгээр сарын 23 нд Олланд Парист Дэвид Кэмеронтой уулзаж, дараа нь Обама руу нисч, эргэж Европт ирээд Меркельтэй ярилцав. 26 нд Путин Олландыг Москвад хүлээн авав. Дараагийн өдөр нь Францын ерөнхийлөгч Мальтад болсон Хамтын нөхөрлөлийн орнуудын уулзалтад оролцож, ням гарагийн орой Канадын шинэхэн ерөнхий сайд Жастин Трюдо, Хятадын Ши Зиньпинтэй уулзав.

Олланд, Путин хоёр Москва дахь хэвлэлийн хурал дээр

Даваа гарагт, 11 дүгээр сарын 30 нд Парист Уур амьсгалын өөрчлөлтийн Дэлхийн чуулган болж 150 гаруй улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд цуглалаа. Өмнө нь очихгүй гэж байсан ерөнхийлөгчид хүртэл эмгэнэлт автсан Франц улсад ирэхгүй байх нь эвгүй тул чуулганд оролцохоор ирсэн байна.