УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт мэдээлэл хийв
Улсын Их Хурлаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2015.12.18/ мэдээлэл хийв.
Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, А.Бакей, Су.Батболд, Х.Баттулга, Г.Батхүү, Б.Болор, Х.Болорчулуун, Б.Гарамгайбаатар, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, С.Одонтуяа, С.Эрдэнэ, Ж.Эрдэнэбат нарын 17 гишүүнээс Улсын Их Хуралд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт мэдээлэлдээ, “Нийгмийн даатгалын тухай хуулиар малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байгаа. 2014 оны байдлаар нийт 293.6 мянган малчдын дөнгөж 11 хувь нь л сайн дураар нийгмийн даатгалд хамрагдаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Нийт тэтгэвэр авагч 59.1 мянган малчдын 45.9 мянга нь өндөр насны, 8.0 мянга нь тахир дутуугийн, 5.2 мянга нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байна. Ирээдүйд малчдын дийлэнх нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах боломжгүй болж байгаа нь одоогийн нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоо, хөдөлмөрийн болон орлогын хэв шинжтэй нь нийцэхгүй байна.
Мөн малчид нь жилийн дөрвөн улиралд байгаль, цаг агаараас шууд хамааралтай мал сүргээ даган байнгын нүүдэллэн амьдардаг онцлогтой. Энэ нь тэдний эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг бууруулах, орлого нь тогтвортой бус, улирлын чанартай эх үүсвэртэй байгаа нь малчдын амьралын түвшинг бууруулахад хүргэдэг.
Иймд малчдын тэтгэвэр тогтоолгох насыг бууруулахаас илүүтэйгээр малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь тэдний ирээдүйд авах тэтгэврийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ. Зарим онцгой нөхцөлд ажиллаж буй цэрэг, цагдаа, дипломат алба, шүүхийн шинжилгээний салбарт ажиллагсдын ажилласаг хугацааг нэмэгдүүлэн тооцдог жишиг бий. Жишээлбэл, Дипломат албаны тухай хуулиар цаг уурын хүнд нөхцөлтэй орны дипломат төлөөлөгчийн газарт ажилласан нэг жилийг нэг жил 6 сараар тооцохоор тусгасан байдаг. Малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлснээр малчдын тэтгэврийн даатгалд хамрагдах сонирхол дээшилж, тэдний нийгмийн баталгаа сайжрахаас гадна Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлого нэмэгдэхэд чухал ач холбогдолтой юм.
Манай улсын эдийн засгийн гол салбар болох мал аж ахуй, дотоодын нийт бүтээгдэхүүний 15.0 хувь, экспортын орлогын 10 гаруй хувийг бүрдүүлж, эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 хувийг бүрдүүлж буй нийт малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон алхам болно . Нийгмийн даатгалын тухай хуулиар малчнаар нэг жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэг жил хоёр сараар тооцохтой холбоотой харилцааг зохицуулсан” гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр, залуу малчдын халаа байхгүй боллоо гэж малчид ярьдаг. Хуулийн төсөл эцэслэн батлагдсанаар малчдын халааг залуучууд өвлөн авах, залуучуудын мал маллах сонирхол нэмэгдэхэд түлхэц болно гэж үзэж байгаа. Түүнчлэн хууль батлагдсанаар малчдын нийгмийн баталгаа мэдэгдэхүйц сайжрахын хэрээр малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөх сонирхол нэмэгдэж, малчид өндөр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэнэ гэдгийг хэллээ. Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Мэдээллийн үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авав.