Мэндчилгээ
Хөдөлмөрийн Үндэсний Нам
2016.01.04

Мэндчилгээ

Амархан сайн байцгаана уу, элэг нэгт монгол ахан дүүс ээ. Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэнд дэвшүүлье. Хөдөлмөрийн Үндэсний Нам түүхэн хариуцлагатай энэ хүнд цаг үед эх орны дуудлагаар байгуулагдаж та бүхнийхээ хамт шинэ оныг угтаж байгаадаа туйлын баяртай байна.

Шинэ он бидэнд аливааг цэгнэн, өнгөрснөө дүгнэж, өөдрөгөөр урагш тэмүүлэх эрч хүчийг бэлэглэдэг чухал цаг мөч билээ. Бид шинэ мянган, шинэ зууныг угтаж аваад даруй 16 дахь онтойгоо золгож байна. Хүн төрөлхтөн нийтээрээ шинэ мянган, шинэ зуунд зохицох шинэ засаглал, эдийн засгийн шинэ загваруудыг нутагшуулан хөгжиж байна. Хүндрэл бэрхшээлтэй олон асуудалтай хүн төрөлхтөн нүүр тулж, гарц шийдэл хайн тэмцэж байхад бид жижиг өрсөлдөөн нэг нэгнээ давах гэсэн явцуу сонирхолдоо хөтлөгдөж хөгжиж дэвжих хайран цагаа үрсээр байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон бүтээнэ гэсэн өнгөрсөн 25 жил зөвхөн өөрсдийгөө бодож амин хувиа хичээсэн явцуу эрх ашгийн өрсөлдөөн болж мухардлаа. Гэвч өнгөрснөөс буруутныг хайх нь урагшлах замыг тодруулахгүй.

25 жилийн өмнө олон хүн өнөөдрийн мухардлыг хайн тэмцээгүй гэдэгт бид итгэж байна. Бидэнд гарц бий. Монголчууд бид хүндрэл бэрхшээлээ даван туулахын тулд шинэ үедээ ачааны хүндийг үүрүүлэх цаг болсон. Шинэ үе дэлхийн боловсролыг эзэмшиж, шинэ үе шинжлэх ухаанч арга барилд итгэж, шинэ үе мэдлэгээрээ өрсөлдөж, шинэ үе ёс зүйтэй байж Монголоо хөгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Ирж буй 2016 онд хөгжил дэвшил, ололт амжилтын төлөө хамтдаа хөдөлмөрлөж, Монгол Улсаа хөгжлийн шинэ шатанд гаргацгаая. Монгол ХҮН танд шинэ оны мэнд хүргэе.

Хөдөлмөрийн Үндэсний Нам