2601 цэргийг таван мэргэжлээр сургана
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2016.01.29

2601 цэргийг таван мэргэжлээр сургана

“Сайдын цаг” уулзалтад өчигдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо. Хөдөлмөрийн салбарын суурь хуулийн нэг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахад бэлэн болсон. Мөн Ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа, хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт  бичгийг боловсруулах ажлыг Хөдөлмөрийн яамныхан хийж байгааг сайд онцоллоо.

Хөдөлмөрийн яамнаас “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Монголын төмөр зам” ХК-иас Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай найман мэргэжлийн 3362 хүний захиалга ирүүлсэн байна.

Үүнээс техникчийн түвшний 216 мэргэжилтэй ажилтны захиалгыг төгсөгчдөөс шийдвэрлэх, 545 туслах ажилтныг мэргэшүүлэх шаардлагагүй гэж захиалагч тал үзсэн тул үлдэх 2601 цэргийн алба хаагчийг таван мэргэжлээр сургаж мэргэшүүлэхээр болсны дагуу Налайхын МСҮТ-д Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн 110, Батлан хамгаалахын их сургуульд 240 албан хаагчийг сургалтад хамруулж эхлээд байгаа гэнэ.