Хоёр цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгөд бүртгэлээ
ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар өнөөдөр нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр барьж, гүйцэтгэсэн цэцэрлэг, сургууль, орон сууцыг бүртгэж авах талаар хэлэлцсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт барьсан хоёр цэцэрлэг, Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн өргөтгөл, дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцыг бүртгэлжүүллээ. Эхний асуудал нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, тавдугаар хороонд барьсан тавдугаар цэцэрлэг юм. 240 ортой энэ цэцэрлэгийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тэрбум 45 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулжээ. Мөн Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд барьсан 224 дүгээр цээрлэгийн асуудлыг хэлэлцсэн юм. 150 ортой цэцэрлэгийг дүүргийн хөрөнгөөр нэг тэрбум 149 сая гаруй төгрөгөөр барьжээ.
Нийслэлийн бүртгэлд шилжүүлэх дараагийн ажил нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд барьсан 50 айлын орон сууц байв. Энэ орон сууцыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр гурван тэрбум гаруй төгрөгөөр барьжээ.
Дөрөв дэх ажил нь Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн өргөтгөл юм. Тус сургуулийн хувьд сурагчдын ачаалал нэмэгдсэн, анги танхимын хүрэлцээ тааруу байжээ. Улмаар өөрсдийн хөрөнгөөр хоёр тэрбум 289 сая гаруй төгрөгөөр гурван блок бүхий өргөтгөл барьсан байна.
Ийнхүү өнөөдөр нийслэлийн бүртгэлд шилжүүлж, хүлээлгэн өгсөн барилгууд нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан нийгмийн чанартай барилга байгууламж байв. Тэргүүлэгчдийн зүгээс нийгмийн чанартай эдгээр барилгыг бүртгэх асуудалд эсрэг саналгүйгээр баталлаа.