Финландын иргэн болгон сар бүр 800 еврогийн тэтгэлэг авдаг болох уу?
Жилийн дараа Финландад нийгмийн халамжийн бүх төрлийн тэтгэлэг, тэтгэмжийг халж, иргэн болгонд сар бүр суурь тэтгэлэг олгох туршилтын хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Хэрэв хөтөлбөр амжилттай хэрэгжвэл тус улсын иргэн бүр, сар болгон эцсийн өдрөө хүртэл баталгаажсан орлоготой байх болно.
Huffington Post сонинд бичсэнээр энэ сарын төгсгөлд Финландын Нийгмийн даатгалын институт суурь тэтгэлэг олгох дэлгэрэнгүй төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулах ёстой.
... Суурь тэтгэлэг гэдэг нь иргэн болгон ажилласан байдал, нас, хүйс, орлогын хэмжээнээс үл хамаарч сар бүр авах мөнгөний хэмжээ юм. Хөтөлбөрийн дагуу Финландын насанд хүрсэн иргэн болгон сард 800 еврогийн суурь тэтгэлэг авах болно ...
Социологчид дэлхийд анх удаа хэрэгжих гэж байгаа нийгмийн туршилтад оролцож байгаа иргэдийг ажиглаж, судална. Эрх баригчид болон эдийн засагчдын сонирхлыг татаж байгаа гол зүйл бол суурь тэтгэлэг ажилгүйдэлд ямар нөлөө үзүүлэх тухай асуудал юм.
... Суурь тэтгэлэгийг эсэргүүцэгчид энэ хөтөлбөр хэрэгжвэл юу ч болж байсан сард 800 евро авах хүмүүс мөнгө олох сонирхол нь буурч, ажил хийхээ болино гэж үзэж байна ...
Харин сар бүр төрөл бүрийн тэтгэлэг, тэтгэмжид төсвийн багагүй хэсгийг зарцуулдаг Финландын Засгийн газар суурь тэтгэлэг үр дүнгээ өгч, ажилгүйдэл буурна гэж хүлээж байна.
Орчин үеийн хүмүүс бага цалинтай ажил хийхээ больсон. Яагаад гэвэл тэр цалин амьдралд нь хүрэлцэхгүй. Харин суурь тэтгэлэг авч эхэлвэл тэд мөнгөнд санаа зоволгүй хаана ч ажиллаж болно.
Суурь тэтгэлэгтэй болох өөр нэгэн шалтгаан бол Финландын өнөөгийн нийгмийн хамгааллын систем нь хүмүүст цагийн ажил хийх боломжийг олгодоггүй. Ажилгүйдлийн тэтгэмж болон хөнгөлөлтүүд цагийн ажлын цалингаас илүү гардаг.
Тэгээд ч суурь тэтгэлэгтэй төстэй туршилт амжилттай болсон тохиолдол бий. Жишээ нь 1970-аад онд Канадын Дофин хэмээх жижигхэн хотод ийм хөтөлбөр хэрэгжүүлж байжээ.
... Финландын хөтөлбөрийн зохицуулагч Олли Кангасын ярьснаар туршилтын хөтөлбөрт 1500 хүн оролцох бөгөөд тэтгэлэгийн хэмжээ нь нийтдээ сарын 10 сая евро болж байна ...
Туршилтын хөтөлбөр 2017 оны эхний сараас эхэлж хоёр жилийн хугацаатай хэрэгжинэ. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг Европын бүх улсууд ажиглах болно. Яагаад гэвэл энэ төрлийн хөтөлбөрийг сонирхож буй улс орон цөөнгүй. Жишээ нь энэ оны зургадугаар сард Швейцарь улсад суурь тэтгэлэгийн талаар ард нийтийн санал асуулга явагдана. Хэрэв иргэд суурь тэтгэлэг олгох санааг дэмжвэл Швейцарийн насанд хүрсэн иргэн бүр сард 2500 швейцарь франк (4,8 сая төгрөг), хүүхэд 625 швейцарь франкийн (1,2 сая төгрөг) тэтгэлэг авах болно.