НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан
2016.03.11

“Аюулгүй хот” төслийн хэлэлцүүлэг хойшлогдов

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр 09:00 цагт хуралдах байсан юм.

Хурлаар “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталжээ. НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын хороод болон намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүлж санал авдаг аж.

Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа эгүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “НИТХ-ын хороод болон намын бүлгүүдээс гарсан санал, дүгнэлтийн дагуу өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа эргүүлэн татаж байна.

Бүлэг, хороодоос гарсан санал, дүгнэлтүүдийг тусгаж “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг дахин НИТХ-д өргөн барина” гэлээ. Ингэснээр НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өндөрлөв.