Залуу бизнесийнхнийг түлхүү дэмжинэ
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2016.03.17

Залуу бизнесийнхнийг түлхүү дэмжинэ

Бичил бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.

Энэ талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Санамж бичгийн ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газраас бичил бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг онцгой анхаарч ирсэн. Нийт бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувийг бичил бизнес эрхлэгчид эзэлдэг. Тиймээс их хэмжээний хөрөнгө шингээх, олон тооны ажлын байрыг бий болгодог гол салбар гэж болно. Хөдөлмөрийн яам энэ салбарынханд хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлж, зээл олгох нь зүйтэй гэж үзэн Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр 50 тэрбум төгрөгийн зээлийг сонгон шалгаруулалтаар, сонгогдсон банкаар дамжуулж хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох боломжийг бүрдүүллээ. Мөн энэхүү санамж бичиг нь өрхийн буюу хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих нэг хэлбэр болно.

-Бичил бизнес эрхлэгч гэдгийг хэрхэн тодорхойлсон бэ?

-Хөдөлмөр эрхлэх  тухай хуулийн дагуу 50 сая хүртэлх төгрөгийн борлуулалттай, үйлдвэр  үйлчилгээ явуулж байгаа бизнес эрхлэгчдийг бичил бизнес эрхлэгч  гэж тодорхойлсон  байдаг. Харин энэхүү санамж бичгийн дагуу 20 сая хүртэлх төгрөгийн  санхүүгийн үйлчилгээ  үзүүлнэ гэж заасан байгаа. Яамны зүгээс 2016 оны хувьд эмэгтэйчүүд болон залуу бизнес эрхлэгчдийг  дэмжин ажиллахаар  шийдсэн. Тэгэхээр, 50 тэрбумын санхүүжилтэд  залуу бизнес эрхлэгчдийг  түлхүү оруулах болно.