Сайд өөрчлөгдөхөд хаа нэг газраас хүн авчирч агентлаг, хэлтсийн дарга болгодоггүй болно
2016.04.21

Сайд өөрчлөгдөхөд хаа нэг газраас хүн авчирч агентлаг, хэлтсийн дарга болгодоггүй болно

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

Танай байнгын хороогоор Засгийн газрын тухай, Нийтийн сонсголын тухай, Төрийн албаны тухай, УИХ-ын дэгийн тухай гэх мэт олон хууль хэлэлцэгдэж байна. Энэ хаврын чуулган сонгуультай холбоотойгоор богино хугацаанд болно. Эдгээр хуулиудыг баталж амжих болов уу?

-УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн хугацааны отгон чуулганы хугацаанд зайлшгүй хэлэлцэх ёстой зарим чухал хуулиуд байна. Үүн дотор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтатган хэлэлцэж анхны хэлэлцүүлгийн шатанд орсон. Энэ хуулийг хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хууль батлагдсанаар төрийн албыг улс төрөөс ангид байлгах бололцоо бүрдэнэ. Ямар нэгэн байдлаар сайд өөрчлөгдөхөд хаа нэг газар байсан хүнийг авчраад агентлагийн дарга эсвэл тодорхой хэлтсийн даргаар шууд тавьдаггүй болно. Төрийн албаны хамгийн бага шатнаас ахисаар эцэст нь Төрийн нарийн бичгийн дарга хүртэл шат дараалан албан тушаал ахих зарчмийг хуульд тусгаж байгаа. Дараагийн нэг асуудал нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт Өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа. Энэ хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг дэмжээд байна. Үүгээр Засгийн газрын гишүүний үүргийг УИХ-ын гишүүн давхар хашихтай холбоотой харилцааг зохицуулах асуудал байгаа. Төсөл дээр гурван яамны хувьд давхар хашиж болно гэж оруулж ирсэн.

-Аль яамдыг УИХ-ын гишүүн давхар хариуцаж болохоор оруулсан байсан бэ?

-Төсөлд Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам гэж байсан. Гэвч хэлэлцэх явцад гишүүд шууд нэр заахгүйгээр Засгийн газрын тэргүүн аль яамыг оруулахаа шийдэх нь зүйтэй гэсэн санал давамгай гарч ирсэн. Ирэх долоо хоногоос хэлэлцүүлэг нь эхлэх байх. Яалт ч үгүй өнгөрсөн дөрвөн жил яригдсан гол асуудал энэ байлаа шүү дээ. Бид дөрвөн жилийн дотор шийдэж чадаагүй ч гэсэн дараагийн сонгуулиар шинээр бүрдэх Засгийн газрыг тодорхой зөв болгох шаардлага тулгарч байгаа учраас энэ хууль батлагдах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор хүмүүс 36 хүртэлх сарын цалинг эмч, багшаас бусад тухайлбал, соёлын салбарынханд өгөх болов уу гэсэн асуулт их тавьж байна лээ. Энэ талаар сонирхуулбал?

-Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг зарим салбарт өгдөг хууль бий. Тэр нь салбарын хуулиар зохицуулагдаж байгаа л даа.

Жишээлбэл, Боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар багш, эмч нарт буцалтгүй тусламж олгогдож байна. Салбар болгон дээр харилцан адилгүй байна. Бүх асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахад түвэгтэй. Мөн салбарын хуулиар энэ асуудлыг зохицуулах нь зүйтэй гэсэн гишүүдийн байр суурь давамгай байгаа. Гэхдээ Төрийн албаны тухай хуулиар нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох зарчмыг нь тодорхой болгох ёстой гэж бодож байна.

-Саяхан Ардчилсан намын ҮЗХ хуралдлаа. УИХ- ын гишүүн Ш.Түвдэндорж, Л.Болд нар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байсныг ярив уу?

-Ардчилсан намын ҮЗХ- ны хуралдаанаар Сонгуулийн хуулийн асуудал огтяригдаагүй. Зөвхөн 2016 онд Ардчилсан намаас сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцээд сайшаасан байгаа. Мөн Ардчилсан нам сонгуульд оролцохоо илэрхийлэх талаар тогтоол гаргасан. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал цаг хугацааны хувьд өдөр ирэх тусам боломжгүй болж байгаа. 70 хүрэхгүй хоног үлдлээ. Нөгөө талаас гишүүд хууль санаачлах эрхээ л эдэлж байгаа учраас үүнийг би буруу, зөв гэж хэлмээргүй байна. Гэхдээ энэ гаргаж байгаа саналаа сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах үед гаргасан бол дахиад ингэж хоёр ажил болгох үндэс байхгүй байсан.

Үндсэн хуулийн цэц ирэх баасан гаригт хуралдана. Үүгээр Сонгуулийн тухай тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл өөрчлөгдөж таарах уу?

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудал хуралдаад хэрвээ Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн хэсэг буюу 28 нэр дэвшигчийг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихвал УИХ хүлээж авах эсэхээ хэлэлцэнэ. Тэгээд хүлээж авах болчихвол яах аргагүй л Сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг үндэслэж өөрчлөлт оруулах бол байж болох асуудал. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор өөрчлөгдөж болно гэж үзэж байгаа.

-АН, МАН хоёр хоорондоо тохиролцоод гишүүдийг тойргоос сонгогддог байх дээр тохиролцоонд хүрсэн талаар яриа байна?

-Хоёр нам энэ талаар тохиролцоо хийснийг огт мэдээгүй, сонсоогүй. Үндсэн хуулийн Цэц хараат бус бие даасан байгууллага. Тиймээс хоёр нам тохироод тэд нар нь биелүүлнэ гэсэн асуудал байх ёсгүй. Цуурхал байх гэж бодож байна.