ҮХЦ-ийн шийдвэр асар их мөнгөний тэмцлийг бий болгоно
2016.04.25

ҮХЦ-ийн шийдвэр асар их мөнгөний тэмцлийг бий болгоно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн пропорциональ тогтолцоог Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад байгаа билээ.

ҮХЦ-ээс дээрх шийдвэрийг гаргаснаар ямар үр дагавар авчрах талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудастаа ийнхүү нийтэлжээ. 

Тэрбээр “Сонгуулийн хуулийн шинэчлэлд ухралт хийснээр эмэгтэйчүүд болон нийгмийн бусад бүлгүүдийн төлөөллийн сонгогдох эрхэд шууд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийлэхийг хүслээ. 

Манай улс 2012 онд холимог системээр сонгуулиа хийж хууль тогтоох байгууллагад анх удаа 11 эмэгтэй гишүүнийг сонгосон билээ. Тэд нийгмийн хүсэлт шаардлагад тулгуурласан олон хуулийг санаачлан, ажлын хэсгүүдийг ахалж УИХ-аар батлуулахад сэтгэл зүрхээ зориулан ажилласан. 

Тухайлбал, Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийсэн томоохон хуулиуд, Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлыг хуулиар зохицуулах нөхцөлийг бүрдүүлж, Гэр бүлийн тухай болон хүчирхийллийн эсрэг дуугарч, эрх зүйн шинэчлэлд эмэгтэйчүүдийн идэвх оролцоо нийгэмд хичнээн үгүйлэгдэж байсныг харуулж байна. Гэтэл эдгээр хуулийг санаачлан батлуулсан 11 эмэгтэй гишүүний маань бараг 40 хувь нь намын жагсаалтаар сонгогдсон. Энэхүү жагсаалт улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тогтолцоо байсан гэж хэлж болно. Мөн жагсаалтаар нам бүрээс хоёр эмэгтэй орох боломжтой болдог. Мажоритар тогтолцоо нь эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөлд халгаатай систем байдгийг олон улс орны судлаачид баталсан бол пропорциональ төлөөллийн системийг парламентын засаглал бүхий 60 гаруй улс орон хэрэгжүүлж байна. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлаас гаргасан шийдвэрээр энэ тогтолцоонд өөрчлөлт орвол олон дахин сонгогдсон эрэгтэй улс төрчид болон улс төрийг илүү бохирдуулсан асар их мөнгөний тэмцлийг бий болгоно” гэжээ.