Эхлэл төдий бизнесийн үйл ажиллагааг ЖДҮ болтол  дэмжих хууль
2016.06.07

Эхлэл төдий бизнесийн үйл ажиллагааг ЖДҮ болтол дэмжих хууль

Хуулийн нэр: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 

 Өргөн барьсан огноо: 2015.12.30

Хууль санаачлагч, өргөн барихад оролцсон бусад УИХ-ын гишүүд: Г.Баярсайхан

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг  2001 онд баталж, 2011 онд шинэчлэн найруулсан бөгөөд уг хуулиар хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, үйл ажиллагааны санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулдаг.

Дээрх хуулийн хүрээнд хүн амын зорилтот бүлгийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг төсөл, хөтөлбөрөөр дамжуулан үзүүлж байгаа боловч хуулийг хэрэгжүүлэх явцад хамрах хүрээ, үзүүлэх үйлчилгээтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүсчээ.

Тухайлбал хөдөлмөрийн зах зээлд томоохон хэмжээ эзэлдэг бичил ААН-үүдийг бэхжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг албан хэлбэрт шилжүүлэх хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх шаардлага тулгарчээ.

Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд 50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө болон үйлчилгээний борлуулалтын орлого бүхий НӨАТ төлдөггүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлэхээр тусгажээ. Мөн уг хууль хөдөлмөрийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг бичил аж ахуйн нэгжүүдийг чадавхижуулах, ажлын байрыг чанаржуулах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэгддэг.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эхлэл төдий бизнесийн үйл ажиллагааг дэмжих, улмаар төсвийн бүрдүүлэлт, нийгмийн даатгал талаас эдгээр аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, жижиг, дунд үйлдвэрт шилжүүлэх боломж бүрдэх аж.

Хуулийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхийн тулд жижиг зээлийг батлан даах, зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, эргэн төлөлтийг уян хатан тогтоох чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн хуулийн төсөл батлагдсанаар холбогдох хуулиудын уялдаа, зохицуулалт сайжирч, тэдгээрээс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэн, улмаар ажлын байрыг шинээр бий болгох, тогтвортой хадгалагдах боломж дээшлэх зэрэг давуу талууд бий болох аж.