Төсөв батлахад саатал гарах эрсдэл үүслээ
2016.06.24

Төсөв батлахад саатал гарах эрсдэл үүслээ

УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын чуулган сарын хугацаатай завсарласан. Чуулган хуралдах тов зарлагдсан учраас Сүхбаатар аймгаас ирлээ. Энэ хаврын чуулганаар Төсвийн байнгын хороотой холбоотой хуульд заасан зайлшгүй хэлэлцэж батлагдах хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, хаврын чуулганаар 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж батлах хуультай. Ингэснээр ирэх оны төсвөө боловсруулах нөхцөлийг парламент бүрдүүлж өгдөг. Гэсэн ч энэ долоо хоногийн хэлэлцэх асуудпын хуваарьт аль нь ч тусгагдсангүй.

Төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаар долдугаар сарын 1-нээс эхлэн төсөвт байгууллагууд ирэх оны төсөв төлөвлөгөөгөө боловсруулж эхлэх учиртай. Гэвч энэ ажил дээр саатал, тасалдал гарч байна. Байнгын хорооны хуралдаанаар Төсвийн хүрээний мэдэгдлийн эхний хэлэлцүүлгийг хийсэн. Одоо эцсийн хэлэлцүүлгийг УИХ хийх үлдээд байна. Хоёрдугаарт, өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг батлах хуулийн зохицуулалттай. Засгийн газар өнөөг хүртэл 2015 оны төсвийн гүйцэтгэлийг өргөн бариагүй байна" гэв.

Мөн “Төсөв боловсруулж батлах цаглабар гэж бие даасан хуулийн бүлэг байдаг. Тэр дагуугаа энэ чинь боловрогдож, санал авч хэлэлцэгдэж Засгийн газраар хэлэлцэгдэж УИХ-д өргөн барьж байж баталдаг байхгүй юу. Энэ хугацаагаа алдчихаар ирэх оны төсөв боловсруулах ажил бүхэлдээ хуулийн зохицуулалтаасаа гадуур гараад явчихаж байгаа нэг эрсдэл бий. Ингэхээр намрын чуулганаар төсөв батлахад саатал гарах эрсдэлтэй боллоо. Хаврын чуулганаар Төсвийн хүрээний мэдэгдлээ хэлэлцэнэ. Түүн дээрээ үндэслээд төсвөө боловсруулна. Намрын чуулганаар төсөв мөнгөний бодлого үндсэн чиглэлээ батална. Энэ үйл ажиллагаа эвдэгдэж байна, хууль зөрчиж байна гэсэн үг л дээ" гэсэн юм.