УИХ-ын дарга М.Энхболдод Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2016.07.14/ Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бараалхлаа.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа уламжилсан юм.
Тэрбээр, хэдхэн хоногийн өмнө Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын ээлжит сонгуульд Либерал Ардчилсан нам ялалт байгуулсанд баяр хүргээд энэ нь Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэрэгжүүлж байгаа бодлогыг японы ард түмэн өндрөөр үнэлж, дэмжиж байгаагийн илрэл хэмээн тэмдэглэн хэллээ. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Дакка хотноо гарсан террорист халдлагын улмаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын долоон зөвлөх ажилтны амь нас эрсэдсэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд Монгол Улс терроризмын бүхий л хэлбэрийг эрс буруушаахаас гадна Япон Улс болон Олон улсын хамтын нийгэмлэгтэй терроризмын эсрэг хамтран ажиллах болно хэмээлээ.
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэлээ.
Ноён Ерөнхий сайд Шинзо Абэ, Монгол Улсад Ерөнхий сайдын хувиар гурав дахь удаагаа айлчилж байна гээд эдгээр айлчлал хоёр орны харилцааг өргөжүүлэхэд ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Тэрбээр, “Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой удахгүй болох гэж байна. Энэхүү харилцааг бэхжүүлэхийн тулд нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гээд УИХ-ын сонгуулиар Монгол ардын нам ялалт байгуулж, шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдах гэж байна. Япон Улстай харилцах манай бодлого, үйл ажиллагаанд сонгуулийн дүн нөлөөлөхгүй. Стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд монголын төр, засаг тууштай анхаарч ажиллана гэв.
Түүнчлэн тэрбээр, Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэхүү дэмжлэг, тусламж Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай. Үүний сацуу харилцан ашигтай, урт хугацааны эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэхийн төлөө байгаа хэмээсэн.
Хоёр орны харилцаанд Япон Улсын Парламентын хоёр танхимын дарга нар, Парламентын гишүүд, Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Улсын Их Хурлын дарга дурдаад Японы Парламент дахь Япон, Монголын бүлэг Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-г соёрхон батлуулах, монгол иргэдийн Японд зорчих визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлүүлэхэд дорвитой үүрэг гүйцэтгэсэнд талархаж байгаагаа мөн илэрхийллээ.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, саяхан тус хэлэлцээрийн Хамтарсан хороо анхдугаар хурлаа зохион байгуулсан. Цаашид энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд японы талтай нягт хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт тууштай өснө гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. Мөн “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийн биелэлт 90 хувьтай байгааг дурдаад дараагийн шатны Дунд хугацааны шинэ хөтөлбөрт Японтой хамтран хэрэгжүүлэх төслүүд, нэн ялангуяа төмөр зам, нүүрс, химийн аж үйлдвэр, аж үйлдвэрийн кластер байгуулах зэрэг мега төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг тусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хоёр улсын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлж, хоёр улсын олон жилийн мөрөөдөл байсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсонд баяртай байна гээд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад амжилт хүслээ