Хуулийн төслүүдэд иргэдийнхээ санаа бодлыг тусгаж эргэх харилцаатайгаар ажиллана
УИX- ын гишүүн Н.Оюундарь
2016.07.26

Хуулийн төслүүдэд иргэдийнхээ санаа бодлыг тусгаж эргэх харилцаатайгаар ажиллана

УИX- ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

-Таны хувьд УИХ-ын гишүүнээр анх удаагаа сонгогдоод байгаа. Ямар ажлууд дээр түлхүү анхаарал хандуулахаар төлөвлөж байна вэ?

Мэдээж Монгол ардын намын мөрийн хөтөлбөр гэж бий. Намын мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгоно гэсэн итгэлээр сонгогчид бидэнд саналаа өгсөн. Миний хувьд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого, Хууль зүйн байнгын хороонд харьяалагдан ажиллаж байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр Монгол Улсын гадаад бодлогыг тодорхой заасан байдаг. Үүний дагуу залгамж чанараа тууштай явуулах нь зөв. Эрхзүйн хувьд Засгийн газраас өргөн барьсан дипломат албаны тухай, олон улсын гэрээний тухай гэсэн хоёр хуулийн төсөл байгаа.

Түүнийг Засгийн газар эргүүлж авч УИХ-д дахин өргөн барина байх. Урьд өмнөх Их хурлын гишүүдийн боловсруулсан хуулийн төслүүдээс жишээ нь Гадаад харилцааны тухай хуулийг эргэн харж илүү боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай. Гадаад харилцааны хувьд олон асуудал бий л дээ. Тухайлбал, хоёр хөрштэйгөө харилцах харилцаа нэлээд тэргуүлэх чиглэл болно.

Бид БНХАУ-тай стратегийн иж бүрэн харилцаатай. ОХУ-тай стратегийн харилцаатай байдаг. Сая Ерөнхийлөгч Ташкентад Эдийн засгийн коридор байгуулах тухай бичиг баримт дээр гарын үсэг зурлаа. Үүнийгээ цааш нь хэрэгжүүлэх тал дээр Гадаад харилцааны яам болон бусад гүйцэтгэх эасаглал маань ажиллана байх. Бидний хувьд тэр эдийн засгийн коридорыг бодлогоор хангаж өгөх ёстой.

-Энэ эдийн засгийн коридор орон нутагт ч өгөөжөө өгөх байх?

Тийм. Тэр тусмаа би Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүун. Эдийн засгийн коридорын хүрээнд Улаанбаатар төмөр замыг дагасан ажлууд явагдана. Эдийн засгийн коридор гээд тарифын болон тарифын бус хөнгөлөлтүүдийг эдлэхээс гадна энд маш их шинэлэг харилцаанууд үүснэ.

Манай Сэлэнгэд Алтанбулагийн чөлөөт бүс бий. Чөлөөт бүсээ эдийн засгийн коридортой тэр тусмаа төмөр замтайгаа холбож бодлогоор чиглүүлж өгөх нь бидний цаашдын зорилго байна. Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүд нь тэр, энэ нам гэж харьяалагдахаасаа илүү хамтын хүчээр нутаг усаа хөгжүүлэх, бас улс орондоо өөрийн гэсэн хөгжлийг авчруулах тал дээр сайн хамтарч ажиллана гэсэн ойлголттой явж байгаа.

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд орсон хүний хувьд байнгын төвийг сахих үзэл дээр бид нэлээд нухацтай хандах нь зүйтэй болов уу гэж ойлгодог. Монгол Улс өөрөө хоёр том хөршийн дунд оршин тогтнодог учраас маш идэвхтэй дипломат бодлого явуулах хэрэгтэй. Сая Гадаад харилцааны сайдыг томилох үйл явцад би бас тэр тухай санал бодлоо илэрхийлсэн. Манай улс нөгөө хөгжиж байгаа 77 улсын бүлэгт л ордог болохоос биш өөр бусад бүс нутгийн интеграцчилал, байгууллагуудад ордоггүй.

Тиймээс үүнийг бид парламентын түвшинд нэлээд чиглүүлж явах нь зүйтэй болов уу гэсэн ойлголттой байгаа. Хилийн чанадад амьдарч байгаа монголчуудынхаа ч гэсэн эрх зүйн орчинг нь сайжруулах тал дээр ажиллах нь зүйтэй. Тухайлбал, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань тэр болгон нийгмийн даатгалд хамрагддаггүй. Буцаад Монголдоо ирэхэд тэднийг ажилд авдаггүй. Тэр их олсон мэдлэг туршлагыг нь ашигладаггүй гэх мэтийн асуудлууд гардаг.

-Тэгвэл Хууль зүйн байнгын хороонд орж ажиллах болсон нь ямар учиртай вэ?

Шинэ гишүүний хувьд би Хууль зүйн байнгын хороонд орж ажиллах болсондоо туйлын баяртай байгаа. УИХ-ын гишүүн гэдэг маань аж ахуйн ажил хийдэг биш харин эрхзүйн орчин бүрдүүлдэг. Манай мөрийн хөтөлбөрт бол олон хуулийн төслүүдийг санаачлахаар тусгасан байгаа. Наад зах нь гэхэд нийгмийн хамгаалал дээр йч санах тухай хууль байна. Аж ахуй дээр атрын аянг үргэлжлүүлэн явуулна гэсэн хөтөлбөрүүд байж байна.

Мөн мах, сүүний хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Тэгэхээр хөтөлбөрүүдийг боловсруулах, үндэсний хэмжээний хууль эрхзүйг нь бүрдүүлэх ажлууд бидний нуруун дээр ирж байгаа болов уу. Иймэрхүү байдлаар л ажиллаж эхлэхээр төлөвлөөд байна. Ард түмнээс бид ямар байдлаар саналаа авсан тийм байдпаараа хариулах ёстой. Тийм учраас олны талархлыг хүлээсэн мөрийнхөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллана.

-Таны ярианд гадаад харилцаатай холбоотой олон зүйл хөндөгдөж байна. Энэ өмнө ньГадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсантай холбоотой юу?

Зөвхөн нэг салбар гэж ойлгож болохгүй л дээ. Би мөн байгаль орчны чиглэлээр цөөнгүй жил ажилласан. Хамгийн чухал нь аливаа мэдээлэл, туршлагыг тухайн орчинд нь амьдарч байгаа ард иргэдээсээ л авах нь зүйтэй байдаг. Миний хувьд орон нутагт байгаа тойргийн ард иргэд маань юу хүсэн хүлээгээд байна вэ гэдгийг л олж мэдэх хэрэгтэй болов уу гэж ойлгож байна. Тиймээс тойрогтоо улирал болгон судалгааны ажлууд хийхээр болсон. Яг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа хуулийн төслүүдийн талаар ард иргэд маань юу гэж бодож байгаа саналыг нь тусгаж байнгын эргэх харилцаатайгаар ажиллана.

-Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгааг дээр дооргүй ярьж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхээс эхлээд нийгмийн хапамжийн чиглэлд түлхүү анхаарахаар тусгасан байсан. Гэтэл гадны хөрөнгө оруулалт тасарчихсан, 2017 оноос бондын эргэн төлөлтийн асуудал эхэлнэ гээд байдаг. Тэгэхээр амлалт хэрэгжих боломжтой юу?

Бид хэд амаргүй ачаа үүрч байгаа. Би өөрөө эдийн засагч хүн. Өнөөдөр бид чинь зээлжих эрхийнхээ хувьд Б2 ангилал руу орчихсон байж байна. Ядаж түүнийг Б1 рүү байдаг юм уу нэмэх тал руугаа оруулах хэрэгтэй. Аливаа улс орон хөгжихийн тулд ямар нэгэн байдлаар зээл авдаг. Гэхдээ тэр зээл эдийн засгийн эргэлтэд орохдоо буцаад мөнгө олдог тийм салбар руу хөрөнгө оруулалт болох хэрэгтэй. Зах зээлийн мэдрэмжтэй байх нь чухал алхам юм. Нөгөө талаас шинэ Сангийн яам, Сангийн сайд болон УИХ-аас гэж байгаа Статистикийн газар, Монголбанкны удирдлагуудын хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол яг үнэн бодитой тоог ард иргэддээ яг жинхэнээр нь гаргаж өгөх шаардлагатай.

Өнгөрсөн дөрвөн жил эрх баригчид ядуурал их биш байна гэсэн байдлаар хандсан. Үнэхээр ядуурал тэгж их багасаад байна уу, инфляци байхгүй байгаа юм уу гэдгийг яг үнэн бодитоор гаргаж өгөх нь хамгийн эхний алхам байх болов уу. Өвчтөн байлаа гэхэд өвчнийхөө оношийг тодорхойлоогүй байж дараагийнхаа алхмуудыг хийж чаддаггүйтэй адилхан яг одоогийн байдлаар эдийн засаг ямар байдалтай байна гэдэг үзүүлэлтүүдийг тодорхой гаргаж ирэх хэрэгтэй. Ингэснийхээ дараа ямар бодлого явуулах вэ гэдгээ тодорхойлох ёстой. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг ч олж авна.

-Мөн халамжийн талаар амласан амлалтуудаа биелүүлэх бололцоо бүрдэнэ?

Мэдээж бид өргөс авчихсан юм шиг энэ жилдээ эсвэл ирэх ондоо түүнийгээ хийж чадахгүй болов уу. Иргэдийн амьдрал ахуй ямар болчихоод байна. Бидний гадаад дотоодод тавьсан өр зээл хэр их байгаа юм. Үүнийгээ бид хэзээ төлөх юм гэдгийг нарийвчлалтай тооцож үзэх хэрэгтэй. Ингэхгүй бол шууд бид маргаашнаас эхлээд нийгмийн халамжийн амласан амлалтуудаа биелүүлнэ гэвэл бидэнд өгсөн тоон мэдээллээс харахад хэцүү л болно байх даа.

-Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг сонгох үйл явц явагдаж байна. Одоо дөрвөн сайдаа томилж амжаагүй байгаа. Дөрвөн сайдын нэр орж ирсэн боловч Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхпын зөрчилтэй гэсэн шалтгааны улмаас нэрийг нь буцаасан. Дараагийн дөрвөн сайдыг хэзээ оруулж ирэх бол. Иргэдийн хувьд МАН давхар дээлгүй, мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж байсан амлалтаасаа буцлаа гэсэн байдлаар шүүмжлэлтэй хандаж байна л даа. Таны хувьд Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүн дээр ямар байр суурьтай байна вэ?

Засгийн газар УИХ-д ажлаа тайлагнадаг. Түүн дотроо олонхи болж байгаа МАН-д тайлагнаж таарна. Эцэст нь бид дөрвөн жилийн дараа УИХ-ын сонгуулиар ард түмнээр дүнгээ тавиулна. Одоогийн байдлаар бол бидний хувьд нэр нь дөнгөж тодорч хэлэлцэгдээд эхэлсэн улсуудыг энэ нь сайн байна, тэр нь муу байна гэж хэлж огт болохгүй. Яагаад гэвэл эд нараар бид огт ажил хийлгэж үзээгүй байгаа. Нөгөө талаар бид чинь бас боловсон хүчний их нөөцтэй нам. Тиймээс хэн нэгэн хүнийг гэнэт гаргаад ирээгүй.

Боловсон хүчин дотроосоо шалгаруулсан процессоороо явагдсан. Биднийг бүгдийг нь нарийн шүүлтүүрээр оруулсан. Тэр сайдад нэр дэвшсэн дөрвөн хүний хувьд тухайн ажлыг хийхэд л эрх ашгийн зөрчилтэй гэж байгаа. Түүнээс биш ямар нэгэн байдлаар өөр эрүүгийн чанартай гэдэг юм уу, бусад буруу зөрүү зүйл огт байсангүй. Харин ч эсрэгээр магадгүй хувийн хэвшилд ажиллаж байгаад өөрсдөө бүтээн байгуулалтыг хийчихсэн, чадчихсан тийм улсуудыг оруулж ирж байгаа нь МАН-ын хувьд зоригтой алхам байсан байж ч магадгүй.

Энэ нь өөрөө нэг шинэ уур амьсгал, давалгаа оруулах тийм ч юм байсан байж болно. Яахав бусад сайд нарын хувьд ч заримд нь сошиалаар нэлээд шүүмжлэл цацагдаж байна лээ. Тэднийг үгэн сумаар буудахаас илүү монголчууд бид нэг нэгэндээ бас хүлээцтэй хандаж энэ юуг хийж чадах вэ гэдгийг эргэж хардаг, сонсдог байх нь зүйтэй юм болов уу. Тэр АТГ-аас эрх ашгийн зөрчилтэй гэдэг нь бол тухайн салбартаа өөрөө юм уу ах дүү, хамаатан садан, ураг төрөл нь бизнестэй гэсэн зүйл. Гэтэл өнөөдөр хувийн хэвшил эрхэлдэггүй хүн цөөхөн шүү дээ.

Өөрөө биш юм гэхэд гэр бүлийн хүн, ах дүү нар нь ямар нэгэн хэмжээгээр бизнестэй байгаа. Бид чинь зах зээлийн нийгэмд орсон болохоор энэ чинь дэлхий нийтийн хэмжээнд байгаа практик шүү дээ. Аливаа зүйл шатлалтай явдаг гэдэг үүднээс төрийн байгууллагын шатлалаар дамжиж орсон бол зүгээр байсан байх л даа; Гэхдээ ингэж нэр дэвшигчдийг элдвээр хэлээд байгаа уур амьсгал нь надад жаахан буруу л санагдсан.