Хамгийн нуугдмал бөгөөд эмзэг гэмт хэрэг
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийх юм. Тиймээс Vip76.mn сайтын редакциас уг хуулийн төслийг танилцуулж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 47 зүйлтэй.
Сонин үзэгдэл. Өмнөх УИХ-ийнхаа өргөн барьж, батлуулсан хуулиа шинэ УИХ нь хууль санаачлагчид буцааж, өөрсдөө шинээр өргөн бариад байна.
"Нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэр өөрчлөгдөхгүй" гэдэг шиг санаачилж, өргөн барьсан хүмүүс нь өөр өөр болохоос биш нэг, нэгнээсээ нэг их дээрдсэнгүй.
Өмнөх болоод энэ хууль батлагдаж, хэрэгжсэнээр бодит байдалд үнэхээр гэр бүлийн хүчирхийлэл буурах эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь хуучин ч тэр, шинэ ч тэр хуулийн заалтууд хоорондоо нэг их ялгарахгүй.
Өмнөх хуулийн төслийг боловсруулагчид нь олон жил хүлээгдэж гарсан хуулийг буцаалаа гэх. Шинээр санаачлагчид нь өмнөх тийм ч сайн төсөл байгаагүй гэх.
Гэхдээ тэднийг ингэж маргаж байх зуур хаалттай хаалганы цаана гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсээр.
Хэн санаачлах, өргөн барих, хэний нэр дээр данслагдах нь чухал бус гол нь хуулийн агуулга, түүний хэрэгжилт нь чухал баймаар. Уншигч та уг хуулийн төслийг уншаад нэг үзээрэй. Бүхэлд нь харахаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг.
Хууль санаачлагчийн зүгээс салбар дундын уялдааг сайтар хангаж өгсөн, гэр бүлийн хүчирхийллийг зөрчил гэж үздэг байсныг гэмт хэрэг гэж үзлээ гэсэн тайлбар өгсөн. Нээрээ л хуулийг уншихаар УИХ, Засгийн газраас эхлээд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хүүхдийн байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын эрх, үүргийг сайтар тусгаж өгчээ. Гэхдээ гэмт хэрэг гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагын механизм үнэхээр сул байна.
Үнэхээр л гэр бүлийн хүчирхийлэл гэдэг өөрөө нэгэнт гэмт хэрэгт тооцогдож байгаа бол гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүнд тийм, тийм хариуцлага тооцно гээд хуульдаа тодорхой тусгаад өг л дөө.
Гэтэл уг хуулийн төслийн "Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага" хэсэгт ажлаа сайн хийгээгүй төрийн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага ногдуулна, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэж мэдээлэл өгөөгүй бол 240 мянгаар торгох, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнийг байлгах түр хамгаалах байрны журмыг зөрчсөн этгээдэд 1 сая 200 мянга хүртэл төгрөгөөр торгох тухай заажээ.
Энэ заалтуудыг уншихад эцсийн эцэст гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлага алга. Гэр бүлийн хүчирхийлэл нэгэнт үйлдсэн тохиолдолд гарах процедурын шинжтэй гурван заалт л орсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол хулгай, дээрэм, бүлэглэн нэг нэгнийгээ зодох, танхайрах зэрэг хэргүүдээс тэс өөр. Хамгийн нуугдмал бөгөөд эмзэг гэмт хэрэг. Учир нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг учраас гэр бүл салах, хүүхэд өнчрөх, насан туршдаа сэтгэлийн шархтай үлдэх, хэн нэгэндээ өс санах зэрэг туйлын хүнд үр дагаварт хүргэж байна.
Тиймээс ч нэгэнт л "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" гэж тусдаа хууль гаргах гэж байгаа л бол яагаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд энэ хуулийнхаа хүрээнд хариуцлага хүлээлгэж болохгүй гэж.
Хүүхдээ, эхнэрээ, нөхөртөө сэтгэл зүйн, бие махбодийн, бэлгийн хүчирхийлэл, эдийн засгийн дарамт үзүүлсэн бол тэгнэ, тэгнэ гэж яагаад хүчирхийллийн хэлбэр тус бүрээр нь хариуцлага тооцох механизмаа тусгаагүй юм бэ?
Тухайлбал, хүчирхийлэл үйлдэгч нь гэм буруугаа хүлээж, ухаарч, уучлал гуйх хүртэл хохирогчийг тодорхой хамгаалалтад байлгах, хэрэв уучлал гуйж, дахиж энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амласан мөртлөө давтан хэрэг үйлдсэн тохиолдолд... гэх зэргээр онцлох заалтууд тусгамаар санагдах юм.
Уг хуулийн төсөлд, Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах гэсэн хэсэг орсон нь сайшаалтай. Энэ хэсэгт, "Хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх хэлбэрээр хүүхдийн бие махбодод халдах, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно." гэж заажээ.
Тун сайн гэж бодоод энэ заалтыг зөрчсөн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх нь вэ гээд хартал ямар ч зохицуулалт, авах арга хэмжээ алга. "Хориглоно" гэж заачихлаа, тэгээд хориглосныг нь зөрччихвөл яах юм бэ, хууль санаачлагч аа? Энэ заалтыг дахин харахад, "хэрцгий харьцах" гэж юуг хэлээд байна вэ? гэдгийг асуумаар байна.
Хуулийн төслийг "Гэр бүлийн тухай" хуультай уялдуулах нь зүйтэй санагдсан. Хуулийн төсөлтэй хамт "Гэр бүлийн тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих хэрэгтэй байсан байх.
Учир нь хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдож, цагдаа, хуулийн байгууллагаар шалгагдаж явсаар тэр хүн эцэстээ гэртээ, гэр бүлдээ л ирнэ. Цаашид хамт амьдарна. Энэ тохиолдолд гэр бүлийн харьцаа өмнөхөөсөө хэрхэн дордсон байхыг төсөөлөөд үз дээ.
Хуулийн төсөл боловсруулахад 2013 онд АНУ-ын Минесота мужийн Хүний Эрхийн Өмгөөлөгчид байгуулага (Minosota Advocates for Human Rights) болон Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв хамтран хийсэн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн мониторинг” болон Хууль зүйн үндэсний хүрээлэн, УДШ-ийн судалгааны төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагаас 2005 -2013 оны хооронд хийгдсэн 20 гаруй дүн шинжилгээ, судалгааны материалыг ашигласан гэж танилцуулгадаа дурджээ.
Эдгээр байгууллагын судалгаа, шинжилгээ учир дутагдалтай байв уу? Эсвэл хууль санаачлагч нь тэдний саналыг бүрэн тусгасангүй юу?
Энэ нийтлэлээр хэн нэгэнд буруу өгөхийг хүссэнгүй. Гагцхүү УИХ өнөөдөр ямар ч хууль баталж болно. Ерөнхий, малгай, тусгай хууль гэх зэргээр. Гол нь хууль үнэхээр бодит амьдралд хэр нийцэж байна гэдгийг эргээд нэг хараач.
Энэ бол ерөнхий хууль. Энэ хуулийг дагалдаж гарах журмын тухай хууль, зохицуулалт, журмуудад илүү нарийн тусгана гэж олон нийтийн амыг таглаж болно.
Гэхдээ бид айл бүрийн хаалгыг тогшоод танайд хүчирхийлэл үйлдэгдэж байна уу гэж асууж, үнэхээр нөгөө хүн нь тийм, үгүй гэж үнэн хариулж байна уу гэдгийг мэдэхгүйгээс цааш яагаад сайн төсөл боловсруулж, хамтаараа хэлэлцэж, чанартай хууль батлагдаж болохгүй гэж?
Хуулийн төслийн зарим заалтыг дор сийрүүлэв.
Хуулийн үйлчлэлд хамаарах хүмүүс:
-
Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа хүн, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүн.
-
Тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү.
-
Салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн нэгэн адил хамаарна.
Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүд:
-
Бие махбодын хүчирхийлэл
-
Сэтгэл санааны хүчирхийлэл
-
Эдийн засгийн хүчирхийлэл
-
Бэлгийн хүчирхийлэл
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнд үзүүлэх аюулгүй байдлын хамгаалалт:
-
Түр хамгаалан байрлуулах
-
Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх
-
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтад хамруулах
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнд үзүүлэх үйлчилгээнүүд
-
Эмнэлгийн тусламж үйлчилгээ
-
Хохирогчид үзүүлэх үйлчилгээ
-
Сэтгэл зүйн үйлчилгээ
-
Хууль зүйн туслалцаа
-
Нийгмийн халамжийн үйлчилгээ
-
Хүүхэд хамгааллын үйлчилгээ
-
Холбон зуучлах үйлчилгээ
Хохирогч, түүний хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулахыг хориглох тохиолдол
-
Хохирогч сэтгэл санааны хямрал, айдастай байгаа бол
-
Бэлгийн хүчирхийллийн хохирогч бол
-
Хохирогч болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол
-
Хохирогч өөрөө уулзахыг хүсэхгүй байгаа бол
Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдүүлэх үүрэгтэй хүмүүс:
-
Бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан
-
Эрүүл мэндийн ажилтан, нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан
-
Баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтан
-
Төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан.
-
Сум, багийн Засаг дарга
- Мэдээллийг амаар болон бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно. Аль ч тохиолдолд хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авна.
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган батлах
- Хохирогч гомдлоосоо татгалзсан, эсхүл хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй.
- Монгол хэл, бичиг мэдэхгүй, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хохирогчийг орчуулагч, хэлмэрчээр хангах
- Ажил олгогч нь хохирогчийг энэ хуульд заасны дагуу хамгаалалтад байх хугацаанд түүний ажлын байрыг хадгалах