Залуу эрдэмтэд судалгааны тэтгэлэг хүртлээ
БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу 2016 оны судалгааны тэтгэлгийг шилдэг 10 залуу эрдэмтэнд олголоо.
Тус арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Т.Ган-Эрдэнэ, “Моннголын залуу эрдэмтдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Баттогтох нарын холбогдох албаны хүмүүс байлцав. Тэтгэлгийн хэмжээ 10 сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны залуу эрдэмтэд шалгаруулалтад оролцдог байна.
Дээрх тэтгэлгийг 2010 оноос хойш нийт 66 шилдэг залуу судлаачид хүртжээ. Тус тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгдэх юм. Энэ үеэр залуу эрдэмтэд шинжлэх ухаан, инноваци шингээсэн бүтээлч аж үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэхэд судалгаагаа чиглүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг хичээнэ гэдгээ илэрхийллээ.