Зарим иргэнд тавьсан хоригийг цуцалжээ
Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт
2016.09.27

Зарим иргэнд тавьсан хоригийг цуцалжээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн захирамжаар гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан эсэх асуудлыг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт ахалж байгаа юм.

Энэ хүрээнд ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор дэд ажлын хэсгийг 22 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын зөвлөх Г.Баясгалангаар ахлуулсан байна. Дэд ажлын хэсэгт ЦЕГ,УЕПГ, Улсын Дээд шүүх, Тагнуулын ерөнхий газар, ШШГЕГ, АТГ, Гадаадын иргэн харьяатын газрын холбогдох хүмүүс багтсан юм.

Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийнхэн Монгол болон гадаадын иргэдийн гадагш зорчих эрхийг түтгэлзүүлсэн асуудлыг судалж, санал дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, хилийн хориг тавигдсан Монгол Улсын 5381, гадаадын 191 нийт 5582 иргэний мэдээллийг ажлын хэсэгт багтсан төрийн байгууллагаас гаргуулж, бүртгэл судалгаатай харьцуулж, судалжээ. Ингэхэд хилийн хориг тавьсан иргэдийн мэдээлэл зөрүүтэй, нэгдсэн бүртгэл байхгүй, зарим мэдээлэл давхардсан байдалтай байгаа юм.

Иймд ажлын хэсгээс хилийн хориг тавих, цуцлах үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр мэдээлэл харилцан солилцох журам батлах, хилийн хоригтой иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, гэмт хэргийн зүйлчлэл, эрүүгийн хэргийн дугаар, товч агуулга зэргийг тодорхой дурдах, хориг тавьсан болон цуцалсан эсэх саналаа шуурхай мэдэгдэж байх санал гаргажээ.

Түүнчлэн хууль эрх зүй орчныг боловсронгуй болгох чиглэлээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хилийн хоригийг сэжигтэн, яллагдагчид хэрэглэх албадлагын арга хэмжээ байдлаар хэрэглэх зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсгээс гаргажээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлэлд үндэслэн холбогдох эрх бүхий байгууллагаас Монгол Улсын 202 иргэн, гадаадын 11 нийтдээ 213 иргэнд хилийн хориг тавьсан асуудлыг цуцалжээ.