Л.Болд: Сонор сэрэмжтэй байх цаг ирсэн
УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн. Чуулганаар 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалал оруулсан. Үүнд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг дагаж гарсан таван хуулийн төслийг хэлэлцэхээр багтаасан байгаа юм. Уг асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Өмнөх Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслүүд шаардлага хангахгүй, Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож байна гэж УИХ-ын дарга шүүмжилсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
Эрх баригчид өнөөдөр бүх зүйлийг хараар будаж байна. Холуур явсан гайг өөр дээрээ дуудаж байна. Үнэхээр Монгол Улсыг хүнд байдал руу хүчээр түлхээд оруулчихлаа. Юунд ашиглах гэж улс орныг зориуд хямрал руу түлхэж байгааг би ойлгохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхэд явцад 500 гаруй санал, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг хэлэлцүүлэхэд 200 гаруй зарчмын, найруулгын санал гарсан гэж шүүмжилж байна. Гэтэл ажлын хэсгүүд олон сар, жилээр ажиллаж байж боловсруулсан хуулийн төслүүд юм. Зарчмын, найруулгын санал гарч байгаа нь муу зүйл биш. Харин ч сайн.
Байнгын ажиллагаатай парламентын онцлог нь энэ юм. Ингэж шүүгдэж, засагдаж, сайжирч байж хуулийн төсөл шинэ шатанд гарах ёстой. Гагцхүү дургүйд хүчгүй гэгчээр эцсийн найруулга хийлгүй буцаасан шүү дээ. Өөрөөр хэлбэл Вешенскийн онолоор дурын хүнээ хэзээ ч хамаагүй хэлмэгдүүлж, эрхшээлдээ оруулдаг, хүний эрхийг уландаа гишгэдэг тогтолцоог авч үлдэж байгаа хэрэг юм.
Юунд энэ тогтолцоогоо ашиглах гээд байгааг бид өдөр тутам ажиглана. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль түүнийг дагаж гарсан таван хуулийн гол зорилго нь шударга ёс тогтооход чиглэж байсан. Гэтэл дагалдах таван хуулийг хууль санаачлагчид нь буцаасан. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эдгээр хуулийн төслийг бүр мөсөн байхгүй болгох бодлого цаагуураа явагдаж байна.
-Намрын чуулганаар Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг дагаж гарсан таван хуулийн төслийг хэлэлцэхээр оруулсан байна шүү дээ?
МАН-ынхан үнэмлэхүй олонх болсон гэдгээр далимдуулж ард түмнийг доромжилж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл боловсруулах үе шатаар яваагүй.
Гэнэт өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдчихсэн. Энэ бол маш буруу жишиг. Бид 1990 оноос хойш ардчилсан улс болсон. Гэхдээ 2000 онд том сургамж амссан. Үнэхээр нэг намын тогтолцоо нь улс орныг сүйрэл рүү авчирдаг юм.
Гэтэл одоо дахиад нэг намын тогтолцоот парламент шиг авирлаж байгаа Монголын нийгмийг арагш татна. Эд нар сүйрээгүй улсыг сүйрсэн гэж ярьсаар байгаад сүйрүүлэх гэж байна. Сүйрлээр тоглодог улс төрийн гайгаар хэлмэгдүүлэлт, луйвар, хар дарсан өдрүүд бий болдог.
Бидэнд ийм зүйл хэрэггүй, сайхан ирээдүй хэрэгтэй. Үүний тулд цөөнх нь олонхоо шүүмжилдэг, чөлөөтэй мэтгэлцдэг байх ёстой. Монгол Улсын хүн бүр Үндсэн хуульд заасан эрхээ эдэлдэг цаг үеийг авчрах ёстой. Тиймээс ард түмэн өөрийнхөө тэмцэх цаг үе ирсэн гэдгийг харуулж байгаа юм.
-Одоогоор дагалдах таван хуулийн төслийг өргөн барьсан уу? Ер нь өргөн бариагүй хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг дараалалд оруулж болдог юм уу?
Хэлэлцэх эсэхийг шийдсэн олон хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байгаа. Гэтэл хоосон улс төр хийж, хэзээ нэгэн цагт хэлэлцэж магадгүй гэсэн байдлаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан.
Энэ бол нэг намын дарангуйллын илэрхийлэл. Тэд юу дуртайгаа хийж болно, хууль хамаагүй гэж явах гээд байна. Тийм учраас сонор сэрэмжтэй байх цаг ирсэн.