Японы гамшгийн удирдлагын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломж
2016.09.28

Японы гамшгийн удирдлагын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломж

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшгийн дараах хямралыг богино хугацаанд гэтлэн давах асуудлыг зохицуулах чиглэлээр Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх Байнгын ажиллагаатай зөвлөл ажилладаг.

Тус зөвлөлөөс Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-д хүсэлт тавьснаар 2011-2014 онд “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээс хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл” нийслэл хотын хэмжээнд хэрэгжсэн юм.

Төслийн хүрээнд газар хөдлөлтийн эрсдлийн нэгдсэн зургийг боловсруулж, түүнд суурилан нийслэлийн гамшгаас хамгаалах удирдлагын төлөвлөгөөг боловсруулж, газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын технологийн санал боловсруулан, холбогдох байгууллага, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг сайжруулах дадлага сургуулилтыг зохион байгуулах ажлууд хийгдсэн.

Тэгвэл /ЖАЙКА/-гаас хэрэгжүүлэх хоёр дахь шатны төслийг энэ оны эцсээс хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ оны хоёрдугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын ажлын хэсэг Япон улсад ажиллаж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хууль эрхзүйн орчин, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар олон чухал туршлага, арга ажиллагааг судалж, танилцсан юм.

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Японы гамшгийн удирдлагын туршлага, Монгол Улсад нэвтрүүлэх боломж” сургалт, семинарыг өнөөдөр зохион явууллаа.

Сургалт, семинарын үеэр Японы Засгийн газар, яам, агентлаг, Токио хотын захиргаа болон бусад олон байгууллагаас үзүүлж танилцуулсан гамшгаас хамгаалах дадлага, туршлага, сургамж бүхий мэдээ, танилцуулгыг яам, агентлагийн гамшгаас хамгаалах асуудал хариуцсан албан тушаалтнуудад танилцуулав. Уг семинарт гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлагаас нийт 70 орчим хүн оролцлоо.

Япон Улсын Засгийн газрын гамшгаас урьдчилан сэргийлэх тогтолцоо, гамшгийн үед шуурхай арга хэмжээ авах багийн үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах олон нийтийн сургалт, дадлагын төвийн үйл ажиллагаа, Японы Боловсролын салбараас хэрэгжүүлж буй сургуулийн барилга байгууламжийн гамшгаас хамгаалах арга хэмжээний төлөвлөлт зэрэг сэдвээр сургалт-танилцуулга хийлээ.