Ц.Даваасүрэн: Олон удаа гишүүнээр сонгогдож, амтшаад ирэхээрээ нам сонгосон нь дээр гэдэг дэндүү арчаагүй зан
2011.07.29

Ц.Даваасүрэн: Олон удаа гишүүнээр сонгогдож, амтшаад ирэхээрээ нам сонгосон нь дээр гэдэг дэндүү арчаагүй зан

Сонгуулийн тухай хуулийг намрын чуулганд ацагласаар хаврын чуулган хаалгаа хаасан. Ирэх чуулганаар хэлэлцэх асуудлын тов гарсан ч Сонгуулийн тухай хууль багтаагүй байна. Улс төрийг уяж, төрийн машиныг гацаагаад байтаа Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Хаврын чуулган хаалтаа хийгээд хагас сар боллоо. Гишүүдийн олонх нь наадам, даншиг, тойргийн ажил гээд хөдөөгүүр явна. Та хаагуур амарч байна?

-Аймгийнхаа 80 жилийн ойд оролцоод саяхан ирлээ. Хэд хоногоос тойргийнхоо зарим сумдаар явж иргэд, сонгогчдынхоо санал, бодлыг сонсох бодолтой байна.

-Хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж амжилгүй үлдээсэн. Гэтэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын товд Сонгуулийн хууль багтаагүй байна. Үүнийг юу гэж бодож байна вэ?

-Хэлэлцэх асуудлын товд орж амжаагүй нь хэлэлцэхгүй гэсэн үг биш. Их хурлыг бүрдүүлж байгаа хоёр намын бүлгийн ажлын хэсгүүд чуулганы завсарлагааны хугацаанд Сонгуулийн тогтолцооны хувилбараа тохиролцоод намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон учраас хэлэлцэж батална гэдэгт эргэлзэхгүй байна.

-Олон нийт үүнийг хоёр нам талцаж байгаад хуучин хувилбараараа явах нь гэсэн өнцгөөс харж байх шиг.Тэгээд ч мажоритар тогтолцоо АН,МАН гэлтгүй одоогийн их хурлын гишүүдэд дахин сонгогдох хамгийн их магадлалтай хувилбар гэсэн мессеж бий. Хоёр нам тохиролцохгүй байсаар хуучин мажоритор тогтолцоогоор сонгууль явуулах гэж байгаа юм биш биз дээ?

-Одоогийн гишүүдэд аль тогтолцоо нь илүү ашигтай вэ гэдэгт миний хувьд өөр бодолтой байна. УИХ-ын гишүүн бол улс төрд,намд жирийн гишүүдээ бодвол харьцангуй давамгай байр суурьтай байдаг учраас пропорционалиар сонгогдох магадлал нь харин ч илүү. Намын жагсаалтын эхэнд багтана гээд ойлгочиход болно. Сонгуулийн хуулиар тохиролцох ажлын хэсэгт байгаа хүний хувьд хуучин мажоритор,пропорциональ тогтолцооны аль алийг нь шингээсэн холимог хувилбар дээр тохиролцоонд хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа. Харин аль тогтолцоо нь илүү давамгайлах вэ гэдэг бол хоёр бүлгийн ажлын хэсгийн цаашид ярьж тохирох асуудал юм.

-Намрын чуулганы хэлэлцэх асуудлын товд Сонгуулийн тухай хууль багтаагүй нь энэ хардлагыг баталж байх шиг.

-Энэ бол хардах үндэслэл биш байх. Намрын чуулганаар Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн хэлэлцэж, батална. Одоогийн хувилбараар явбал сонгуулийн болоод засаглалын хямралд хүрнэ гэсэн бодолтой гишүүд олон байгаа. Одоо юу болоод байгааг харъя л даа. Хэдэн бор төгрөгтэй болохоороо бэлэг тараагаад л Их хуралд сонгогдох горьдлого тээгээд, сайхан дүр эсгээд гүйлдчихэж байна. Энэ чинь мөнгөөр санал худалдаж аваад гарчихна гэсэн бодлыг цаанаа агуулж байгаа гэдэгт эргэлзэх хүн гарахгүй байх. Мөнгө тараасан хүн сонгогдсоны дараа яах вэ. Тараасан мөнгөө хэд нугалж олж авахыг бодож, сонгогчдынхоо эрх ашгийг мартчихдаг нь амьдралаар батлагдсан зүйл. Одоо олон нийтийг хамгийн их бухимдуулж байгаа  зүйл бол энэ. УИХ-ыг "төр"-өө гэж ойлгож хаана хаанаа хандах ёстой. Муу төр байгуулбал ард иргэд илүү хохирдог.

Төр хаана байна гэж ард түмэн асуудаг биз дээ. Мөнгөнөөс болж ард түмэндээ сэтгэлгүй төр байгуулчхаад дөрвөн жил түүнийгээ  харааж, шүүмжилдэг одоогийн буруу зуршлаа бид засах ёстой. УИХ гэдэг мөнгөө арвижуулдаг газар биш. Надад одоо хөрөнгө мөнгө хангалттай болсон төрдөө, та нарынхаа төлөө зүтгэе гэсэн юм ярьж гарч ирчхээд бодит байдалд бизнесээ бодоод төрийн эрх ашгаа умартчихаж байна. Мөнгөний шуналд хязгаар байдаггүй юм байна. Энэ мэт наад захын алдаа, дутагдлаа зассан Сонгуулийн хуультай болох нь Монголын ардчиллыг баталгаажуулж, зөв замаар хөтөлнө. Тухайлбал, мөнгө, бэлэг тарааж санал авах гэж оролдвол төрийн эрх мэдлийг хууль бус арга замаар авах гэсэн оролдлого гэж үзэж Эрүүгийн хуулийн зүйл ангиар ялладаг болчихвол мөнгөний асуудал шийдэгдэнэ,

-МАН мажоритар давамгайлсан холимог тогтолцоогоор явах байр суурьтай байна. Гэхдээ энэ нь хуучин мажоритар тогтолцооноос нэг их зарчмын ялгаа гарахгүй, харин ч ухарсан хэрэг болно гэж Ардчилсан намын гишүүд үзэж байгааг та юу гэж бодож байна?

-Ард түмнээрээ нэр цохуулж төрийн түшээгээр сонгогдох Үндсэн хуулийн зарчмаасаа яагаад хазайх гээд байна вэ. Олон удаа сонгогдсон зарим нэг маань ард иргэдийнхээ итгэлийг дааж чадахгүй болоод ирэхээрээ намын нэрийн ард нуугдаж, авсан хувь дээр нь гишүүн болох гэсэн бодлоо гүйцэлдүүлэх арга зам гэж пропорциональ хувилбарыг бодож байж болох юм. Ардчилсан намын бүлэгт шинэ гишүүд нь цөөн, олон удаа сонгогдсон нь олон байх. Энэ бол нэг хардлага. Нөгөө талаар манай намыг хоёр хагарчихлаа гэсэн бодлоор ч хандаж байж болох. Гэхдээ улс төрд хатуужсан том нам үндсэн эрх ашиг дээрээ нэгдмэл байр сууринаас хандана даа.

Сонгуулийн тогтолцоо улс орон, ард түмний эрх ашиг болоод онцлогт тохирох нь чухал болохоос аль нэг нам ялалт байгуулах арга зам талаас харж, хандаж болохгүй. Улс орон, ард түмний эрх ашигт нийцэж байгаа бол заавал өөрчлөх албагүй шүү дээ. Байнга өөрчилж, шинэчилж байхыг ардчиллын зарчим гэж ойлгож болохгүй. Тиймээс олон жил хэрэглэж ирсэн мажоритар тогтолцоогоо сайжруулаад явах нь улс орны маань, ард иргэдийн маань эрх ашигт илүү нийцтэй.

-Мажоритар тогтолцоо гэхээр мөнгө гэж сонсогдоод, тэгж хүмүүст ойлгогдоод байгаа юм биш үү?

-Зарим хүн мөнгөний нөлөөлөл талаас нь мажоритар тогтолцоог шүүмжлээд байгаа юм. Энэ талаас нь засаад л явна биз дээ, Нөгөө талаар ард түмнээ мөнгөнд хууртдаг гэж басамжилж болохгүй. Тэд сонгуулиас сонгуульд хатуужиж, туршлагажиж байна. Ард түмэн өөр бодолтой болсон гэдгийг 2012 оны сонгууль харуулна гэдэгт би эргэлзэхгүй байна.

-Сонгуулийн тогтолцооны тухайд намын байр сууринаас гадна гишүүд өөрсдийн хувийн байр суурин илэрхийлж байгаа. МАН дотор ч хэд хэдэн байр суурь явж байсан. Та хувьдаа пропорциональ, мажоритар хоёр тогтолцооны аль нь Монголд тохирно гэж үздэг вэ?

-Би мажоритар тогтолцоог илүү тохирно гэж боддог, Манайх өргөн уудам ч хөгжил сул зах хязгаар нутагтай, бизнесийн нэгдмэл сонирхолтой улс төрийн бүлэглэлүүд төрд давамгайлах болсон учраас хамгийн тохиромжтой, шүүлтүүр сайтай тогтолцоо энэ.

-Ингэхэд МАН мажоритар давамгайлсан холимог хувилбар нь нам дотроо илүү нөлөөтэй хэдэн хүний санаа юм биш биз. Намын гишүүдийн олонх нь үнэхээр энэ хувилбарт санал нэгдэж чадаж байгаа юу?

-Яг ний нуугүй хэлэхэд манай намын бүлэгт шинэ гишүүд олонх байдагтай холбоотой байх шүү. Гишүүн байх бүрэн эрхийнхээ хугацаанд сонгогчдынхоо итгэлийг алдалгүй ажилласан бол юунаас ч айх билээ. Ийм л өнцгөөс хандаж байгаа болов уу. Нөгөө талаар Үндсэн хуулийн үзэл баримтлалаа өөрчлөхгүй гэсэн санаа манай намын бүлэгт давамгайлж байгаа. 1990 онд ардчилсан хувьсгал хийж нам төвтэй төрөөс татгалзчихаад хэдэн удаа гишүүнээр сонгогдож, амтанд нь ороод ирэхээрээ нам сонгосон нь дээр гэх нь дэндүү арчаагүй зан, Ард түмнийхээ төр барих эрх мэдлийг буцаан булаан авч болохгүй. Маш гоё зүйл ярьж, ард иргэдээ хуурч, араар нь хулгай хийдэг зан хэрээс хэтэрч байгаа юм биш үү. Та бүхэн харж л байгаарай. Пропорциональ тогтолцоо ийм гоё давуу талтай гээд яриад эхэлнэ дээ.

-Ардчилсан намынхан пропорциональдавамгайлсан тогтолцоог илүүд үзэж байгаа. Зарим хүн пропорциональ давамгайлаад ирэхээр нам доторх авилгыг улам гааруулна гэж үзэж байна. Харин таны хувьд пропорциональ давамгайлсан хувилбарыг хэрхэн үздэг вэ. Сайн болоод саар тал нь юу вэ?

-Ард түмэн бизнесийн нэгдмэл сонирхолтой улс төрийн бүлэглэлүүд, олигархиудын үйл ажиллагааг ойлгоод ирэхээр тэд намын ард нуугдах гэж байгаа нь нууц биш, Энэ хүслийг пропорциональ тогтолцоо биелүүлнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, ийм бүлэглэлүүд мөнгөөр намыг булааж аваад хүсэл, сонирхлоо гүйцэлдүүлж эхэлнэ. Нөгөө талаар, гишүүн болсон хүн намын даргаа халамжлахаа урьтал болгохоос ард иргэдээ бодохоо болино. Манай орны зах хязгаар нутаг, иргэдийг харж ханддаг гишүүн гэдэг хүн алга болох юм даа. Сайн тал нь гэвэл, намын даргадаа захирагдан улс төрийн хариуцлага өндөрсөнө гэх ухааны юм ярих биз. Гэхдээ хэний эрх ашигт үйлчилдэг нам бэ гэдэг өөрөө асуудал  шүү дээ.

-Сонгуулийн хуулийг хугацаанд нь баталжчадахгүй бол хуучин тогтолцоогоор явна. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн дунд хуучин мажоритороор явсан нь дээр гэсэн "бор шувуу" нисэх болсон тухай дуулдах юм. Тийм яриа гарсан юм уу?

-Яриа гараагүй. Зарим нэг тийм бодолтой гишүүн байхыг үгүйсгэхгүй байна. Өнгөрсөн 2008 оны сонгуулийн тогтолцооны хувилбар бол нэг намын гишүүд хоорондоо өрсөлддөг,намыг хагалж бутаргадаг гэх мэт олон султалтай гэдэгтэй улс төрчдийн олонх нь санал нэгтэй байх шиг. Тиймээс холимог хувилбар батлагдах байх. Гэхдээ пропорциональ элемент оруулна гэдэг нь нам дугуйлаад, хэнээр төлөөлүүлэх вэ гэдэг нэртэй хамт дугуйлах хувилбараар хязгаарлагдах болов уу.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.