УИХ-ын гишүүн Л.Болд
2016.12.01

Л.Болд: Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн хөгжилтэй санагдсан

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 1,2-ны нэгдсэн хуралдаанаар нэр бүхий 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, хэлэлцэх асуудлаар саналтай гишүүн байгаа эсэхийг лавлахад УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

"АН-ын ҮЗХ хуралдах өдөр УИХ, байнгын хорооны хуралдаан давхцаж, олон чухал асуудал хэлэлцэж байсан учраас ҮЗХ-ны хуралдаа суух боломж байгаагүй. Ирэх долоо хоногт байнгын хорооны хуралдаан болох өдрүүдэд АН-ын намын их хурал болно гээд нилээд олон сарын өмнө зарласан.

Тэгвэл ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар олон асуудал хэлэлцэх үү? УИХ дахь АН-ын гишүүд оролцох боломжгүйг мэдсээр байж, байнгын хороог хуралдуулах хуваарь хийх үү гэдгийг УИХ-ын даргаас асуумаар байна.

Учир нь өчигдөр олон нийтийн анхаарлын төвд байгаа Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын гишүүн Энх-Амгалан бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулах тухай байна.

Ирэх долоо хоногт АН-ын байнгын хорооноос авсан завсарлага дуусч, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын үр дүнг хэлэлцэх ёстой. Энэ бүх асуудлыг АН-ын оролцоогүйгээр хэлэлцэх юм бол парламентын олонх, цөөнхийн харилцаа, хяналтын тогтолцоо гажуудна.

Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлыг Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг хариуцсан. Гэтэл өчигдөр гэнэт энэ тухай материал тарааж, уг асуудлыг хэлэлцэх гэж оролдсон. Хөгжлийн банкны шалгалтын үр дүн “хөгжилтэй” юм байна лээ. Дэд сайдын мэдэгдлээс харахад, 2000 зээлдэгчээс 1200 нь манай намынх. Тиймээс бид энэ асуудлыг улстөржүүлэхгүй гэж байгаа юм.

Шалгалтын явцад илрүүлсэн гол зөрчил гэвэл захирал нь томилолтын зардлаа хэтрүүлсэн, уралдааны шагналыг ивээн тэтгэсэн, Засгийн газрын алдаатай шийдвэр байж гэх зэргээр хөндлөнгийн асуудлыг хөндсөнөөс биш ирэх оны гуравдугаар сард төлөх бондын төлбөрийн угтвар нөхцлийг хянаж шалгаагүй байна.

Өнөөдөр дүрэм журам зөрчсөн тухай биш зээлийн зориулалт, зээлийн нөхцөл, хэлбэр зэрэг эдийн засгийн асуудлыг авч үзээгүй байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос уг асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргавал цаашдын улс орны санхүүгийн тогтвортой байдлыг шийдэж чадна.

Одоогийн нөхцөл байдлаас үзэхэд Хууль зүйн дэд сайд ашиг, сонирхлын зөрчилтэй харагдаж байна. Учир нь Хууль зүйн сайдын нэр хүртэл зээлдэгчдийн нэрс дотор байж байх жишээтэй. Ийм байтал яагаад зөвхөн Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулах ёстой гэж.

Монгол Улс парламентын засаглалтай. Ийм асуудлыг парламент дээр ярьж чаддаг болохоор гудамжинд УИХ, Засгийн газрын гишүүнийг огцрохыг шаардаж жагсдаггүй.

Хэрэв асуудлыг ил тод, нээлттэй ярихаа боливол улс төр гудамжинд гарна шүү.
 УИХ-ын М.Энхболд:

"УИХ-ын гишүүн Л.Болдын тавьсан асуудлын тухайд өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдолгүй байна. Даргын зөвлөлийн хурлыг Баасан гарагийн 13:30 цагт тогтмол хийж байна.

Өнгөрсөн долоо хоногийн даргын зөвлөлийн хуралд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав байлцаж, энэ долоо хоногт ярих хэлэлцэх бүх асуудлын жагсаалтыг хоорондоо ярилцаж шийдсэн.

УИХ-ын хоёр байнгын хороогоор Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэхээр болсон. Шалгалтын дүнг хэлэлцэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг долоо хоногийн завсарлага авсан байна. Ирэх долоо хоног болгож хойшлуулсан нь та бүхний хүсэлт шүү дээ.

Энэ нь дараа долоо хоногт болох намын их хуралтай давхцлаа гэж ярьж байгаа бол бүлгийн зүгээсээ бичгээр албан хүсэлт гаргаж болно. Даргын зөвлөлийн хурал дээр ярьж болно. Өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбож тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. "