М.Оюунчимэг:

Бизнесүүд хамтран ажиллаж байж томорно


11 минут уншина
Ярилцсан Г.Мөнхтуяа:
М.Оюунчимэг: Бизнесүүд хамтран ажиллаж байж томорно
МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг

Монгол Улсын Засгийн газар энэ дөрвөн жилд баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар батлуулсан. Тэгвэл уг хөтөлбөрт тусгасан зарим заалтууд бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болж чадах эсэх асуудлаар МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа. 

Бизнесээ эхлэв үү, үгүй юу дарамтад оруулж байна

Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ?

Зөвхөн уул уурхайн салбартаа анхаарснаас болж, дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унахаар бид дагаад унадгийн бодит жишээ өнөөдөр болж байна.

“Айлаас эрэхээр авдраа уудал” гэгчээр хямралаа боломж болгон харах хэрэгтэй. УИХ, Засгийн газар үндэсний үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж байж хямралыг хамтдаа даван туулна.  

Аливаа хууль тогтоомж, бодлого, шийдвэр нь оновчтой, тогтвортой, ойлгомжтой байвал бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесээ улам сайн хөгжүүлэхийн тулд гадаадын төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг өөрийн улсдаа татаж, техник технологио шинэчилж чадна.

Хууль тогтоомжийн тогтворгүй байдлаас болж гадаадын түншийн итгэлийг алдахад хүрч байна.

Бизнесүүд өнөөдөр үйл ажиллагаа хэвийн явж байгаа мэт боловч маргааш хууль эрх зүйн орчин бас л өөрчлөгдөх байх гэсэн хүлээлттэй байдаг учраас том харж, зоригтой хөдөлж чадахгүй байна.

Монголд зээл авалгүй үйл ажиллагаа явуулж буй компани бараг байхгүй. Өнөөгийн эдийн засгийн хямрал, валютын ханшийн өсөлтөөс болж, зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлөхөд маш бэрхшээлтэй болсон байна. 

Тийм шүү. Өнөөдөр том, жижиг гэлтгүй компаниуд зээлтэй байна. Нэн ялангуяа чанаргүй зээлдэгчдийн 60 хувь нь томоохон аж ахуйн нэгжүүд байгаа нь анхаарал татаж байна л даа. Тиймээс Засгийн газар “Найдваргүй зээлдэгчдийн жагсаалт”-д бүртгэгдсэн аж ахуй нэгж, иргэдэд зээлээ эргэн төлж, зээлийн түүхээ сайжруулах боломж олгоно гэж байна?

Зээл авсан компаниуд дотор валютын зээлтэй маш олон компани бий. Өнөөгийн эдийн засгийн хямрал, валютын ханшийн өсөлтөөс болж, зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлөхөд маш бэрхшээлтэй болсон байна.

Чанаргүй зээлдэгчдийн жагсаалтад орсон компаниудыг “хар дансанд орлоо” гэж ярьдаг. “Хар дансанд орсон” компаниудад зээлээ эргэн төлөх тодорхой хугацаа өгөх хэрэгтэй. Томоохон аж ахуйн нэгжүүд ихэвчлэн хөрөнгө оруулалтын зээл авсан байдаг. Үүнд барилгын компаниудыг дурдаж болно л доо.

Хэдэн жилийн өмнө Монгол Улсын шилдэг татвар төлөгч болж байсан бол өнөөдөр чанаргүй зээлдэгч болж байх жишээтэй. Энэ нөхцөлд Засгийн газар компаниудын зээл эргэн төлөх хугацааг нь сунгах болов уу гэж харж байна.

Бизнес эрхлэгчид зээлээ төлөхөөс зайлсхийх гээгүй, зээлээс чөлөөлж өгөөч гэж гуйгаагүй.  Гол нь зээлээ төлөх хугацаа олгооч гэж хүсэлт тавьж байна. 

Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлээ төл гэдэг. Гэтэл зээлээ төлөх нь байтугай ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч, аль болох хүнээ халахгүй байх, ажлын байраа хадгалах бодлого барьж байна. Аж ахуйн нэгжүүдийн борлуулалт маш муу байна. 

Үндэсний хөрөнгө оруулагчдыг бүхий л талаар дэмжиж, эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж байгаа нь хэр бодит дэмжлэг болох бол?

Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь тухайн төслийн цар хүрээ, онцлогоос шалтгаална. Томоохон төсөл хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ээ боловсруулсан бол тухайн компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулж болох юм.

Арьс ширний үйлдвэр байгууллаа гэхэд 30 жил, өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалт нь тогтмол байдаг гэдэг утгаараа хүнсний үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 20 жил байж болно.

Энэ мэтчилэн салбарын онцлог, төслийн хамрах цар хүрээнээс шалтгаалж дэмжлэг үзүүлэх нь зүйтэй болов уу.     

Тэгвэл 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ гэж байна л даа?

5-аас доошгүй жил гэж заасан өгсөн нь шинэ, гарааны бизнесүүд гэж ойлгож байна.

Сүүлийн нэг, хоёр жилээс эхлээд гарааны бизнесүүдийг дэмжих, гарааны бизнес эрхлэгчдийг бусад том бизнесүүдтэй яаж холбох талаар хүчтэй ярьж байна. Танхим дээр ч Гарааны бизнесийг дэмжих зөвлөл бий.  

Бизнес эрхлэгчдийн хувьд эхний таван жил гэдэг бол алдаж онох, туршиж үзэх, суралцах, хөгжих хугацаа.

Тиймээс Засгийн газар хөл дээрээ дөнгөж зогсож буй бизнесүүдийг дэмжиж байгаа бол сайн хэрэг. Харин ямар нөхцөлтэй, хэдий хэр хугацааны, хэдэн хувийн хүүтэй зээл олгох нь тодорхой болоогүй байна. Өмнө нь ЖДҮ-ийг дэмжих сан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх сангаас төсөл шалгаруулж, зээл олгож байсан. Одоо энэ сангаар дамжуулж зээл олгоё гэсэн ч сан мөнгөгүй байгаа. Зээлийн эргэн төлөлтөөр сан өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ гэж байсан ч бодит байдалд биеллээ олоогүй.

Тиймээс урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгохоор бол санхүүжилтийн найдвартай эх үүсвэр олж, зээлийн зориулалт, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж, менежмент сайтай байх ёстой. Бид алдаанаасаа суралцах цаг болсон шүү дээ. Аливаад дүн шинжилгээ, судалгаатай хандах хэрэгтэй.   

Энэ нь Сингапур мэтийн бизнесийн орчин таатай орны жишгийг нэвтрүүлж байна гэж ойлгож болох уу?

Аж ахуйн нэгж байгуулагдлаа гэж бодъё. Хөл дээрээ зогсоход таван жил шаардагдана. Энэ таван жилд бойжин, бие дааж бизнес эрхлэх чадавхтай болтол нь татвараас чөлөөлнө гэж байгаа бол зөв.

Өнөөдөр бол аж ахуйн нэгжээр бүртгүүллээ. Үйл ажиллагаа явуулсан, явуулаагүйгээс үл хамаарч заавал тайлан гаргаж, татвар төлөх болдог. Энэ шаардлага нь бодит байдалд нийцэхгүй байна.

Бизнесийн санаагаа хэрэгжүүлэх хугацаа олголгүй шууд татварын дарамтад оруулж байна. Би та бүхэнд нэг жишээ хэлье. 

Танхим НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран, Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр орон нутгийн бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх санаачилга, бизнес хийх сэдэл бий болгох зорилгоор Ховд, Увс аймгийн 4, 4 сумыг сонгон авч, төсөл хэрэгжүүлсэн.

Эдгээр сумдад малын гаралтай түүхий эдээ “хог” гэж үздэг байсан. Учир нь ноос худалдаж авдаг нэг ч хүн тэнд байхгүй.

Ингээд 500 хүний дунд бизнесийн мэдлэг олгох сургалт хийж, нөөц боломжид нь тулгуурлан 56 хоршоо байгуулж өгсөн.  

Байгуулагдсан даруйдаа улсын бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг Танхимын зүгээс эсэргүүцсэн.

Учир нь хаягдал ноосоо боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэнгүүт бусад аж ахуйн нэгжүүдтэй адил татвар, санхүүгийн дарамт ирнэ.

Тиймээс бие даан үйл ажиллагаа явуулж чаддаг болох хүртлээ аж ахуйн нэгжийн статустай болохоос түр татгалзсан.

Ингээд ямар нэгэн дарамтгүй, өөрийн нөөц, боломжид тулгуурлаж, үйлдвэрлэл эрхлэх юм бол амжилтад хүрч болдгийг сумын иргэдэд харуулсан гэж болно.  


Салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа дутмаг байна

Засгийн газар “Мах, сүүний анхдугаар аян” өрнүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ аяныг яаж өрнүүлэх нь зүйтэй бол?

“Анхдугаар аян” гэдэг нь сонин нэршил сонсогдоод байгаа юм л даа. Манай улс эртнээс нааш уламжлалт мал аж ахуйд суурилж, хөгжиж ирсэн шүү дээ. Албан ёсоор "аян" гэж зарлаагүй байж болох ч мах, сүүний чиглэлээр үе үеийн Засгийн газар бодлого боловсруулж байсан.

65 сая тоо толгой малтай манай орны хувьд дотоодын зах зээлээ 100 хувь сүүгээр хангаж чадахгүй байна. Энэ нь сүүний гарц бага байгаадаа биш хөдөө орон нутгийн малчид дэд бүтцийн хувьд төв, суурин газраас алслагдмал байгаа учраас сүүний ханган нийлүүлэлт муу байна. Зарим нэг компаниуд санаачилга гарган ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй.  

Малчны хотноос тодорхой зайд сүү хүлээн авах, хөргөх цэг, тасаг нээн ажиллуулж, малчдын гар дээрээс сүү худалдан авч байна. Энэ төрлийн цэг, тасгуудыг нэмэх ёстой. Тэгж байж эцсийн хэрэглэгчид очих сүүний үнэ хямдарна.

Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр маш дэвшилтэт үр дүн авчрахуйц чухал санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Монголын компани хуурай сүүний технологи Япон улсаас оруулж ирэхээр болсон. Энэ нь шингэн сүү хийж, үлээгээд охийг нь гарган авах замаар хуурай сүү үйлдвэрлэдэг технологи юм.

Аймаг, сумдад эхний ээлжинд 1000 ширхэг бага оврын тоног төхөөрөмж нийлүүлнэ. Энэ технологийг Монголд нэвтрүүлснээр гаднаас хуурай сүү худалдан авах шаардлагагүй. Мөн хүүхдийн тэжээл хийдэг болно.

Хуурай сүү гарган авна гэдэг нь хуурай сүүгээ буцаан шингэрүүлж, өөр бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр энэ салбарт дэвшил гарна. Монголын компаниуд аль болох технологио өөрчилж, стандартад нийцсэн сав, баглаа боодолтой, эрүүл ахуйн шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнийг хийж эхэлж байна.  

Махны тухай ярихад малаа эрүүлжүүлэх тухай ярина. Дотоодын хэрэгцээндээ махаа шууд хэрэглэж байна л даа. Гэхдээ экспортод гаргая гэвэл малаа эрүүлжүүлэх нь маш чухал. Дулааны аргаар боловсруулсан ч малын өвчин гарсан л бол эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэдэг шалтгаанаар махны экспорт зогсож байна.

Хүмүүсийн хэрэгцээ шаардлага улам өндөрсөж, технологийн дагуу боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэж байгаа энэ үед ангилж, савласан мах гаргадаг байх, ийм санаачилга гаргасан компаниудаа дэмждэг байх хэрэгтэй.

Байгалийн гаралтай, органик гэсэн агуулгаа хадгалж, дотоодын ч тэр, гадаадын ч тэр зах зээлд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлагатай байна. 

Өөр нэг ярьж буй асуудал бол “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх. Энэ аяныг өрнүүлэх ямар дэвшилтэт санаа байж болох уу?

Ямар ч ажилд гоё нэр өгөөд явж болно. Дотооддоо тарьж, боловсруулж, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанарын асуудал байна. Сайн сортын үр тариа тариалж байна уу, технологи нь ямар байна, газрын хөрсөө яаж бэлдэж байгаа зэрэг бүх шат дамжлагаас буудайн чанар шалтгаална.

Үр тариа тарихаас эхлээд гурил үйлдвэрлэх хүртлээ мэргэжлийн үүднээс хандах нь зүйтэй. Шинжлэх ухааныг бизнестэй холбосон дотоодын хамтын ажиллагаа маш чухал байна.   

Өнгөрсөн хугацаанд анх удаа Танхим дээр эрдэмтэн, судлаачдыг бизнес эрхлэгчидтэй уулзуулсан бизнес форумыг зохион явуулсан.

Нэг талаас, эрдэм шинжилгээний ямар олон судалгаа, туршилтууд үйлдвэрлэлд нэвтрэлгүй, бүтээл хэвлэгдээд өнгөрөх төдийгөөр хязгаарлагддаг вэ гэдэг нь энэ форумын үеэр нотлогдсон.

Нөгөө талаас, бизнес эрхлэгчид өдөр тутмын бизнес, үйлдвэрлэл, борлуулалтдаа анхаардаг болохоос биш шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ явуулах, түүнд хөрөнгө оруулах боломж хомс байдаг.

Тиймээс эрдэмтэн, бизнес эрхлэгч хоёрыг уулзуулах нь зүйтэй юм байна гэдэгт түлхүү анхаарах хэрэгтэй гэж үзээд Танхим дээр Инновацийн зөвлөл байгуулсан.

Манай инновацийн зөвлөл нь бизнес эрхлэгч, эрдэмтдийн хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна. 

Дотоодын буудайгаар үйлдвэрлэсэн гурилын цавуулаг яагаад муу байгааг хэн нэгэн эрдэмтэн судалсан л байх. Энэ судалгааг хийсэн судлаач, газар тариалангийн компани хоорондоо хамтарч ажиллах л хэрэгтэй. Зарим салбарт хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн гарч чадахгүй байгаа нь дотоодын хамтын ажиллагаа маш сул байгаагаас болж байна. Энэ бол бодит байдал.

Нэг нэгнийгээ дэмжиж, хамтарч ажиллах юм бол цөөн хүн амтай ч улс орноо хөгжүүлж чадахгүй биш чадна. Бидэнд хамтарч ажиллах, өөриймсөг сэтгэл дутаад байна уу даа гэж харагддаг.

Экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлнэ гэсэн зорилт хэд хэдэн Засгийн газар дамжиж байна. Өнгөрсөн хугацаанд энэ асуудалд хэр ахиц гарсан бэ? 

НҮБ-аас Монгол Улсад энэ бодлогыг хэрэгжүүлэх үүднээс маш их хүчин чармайлт гаргасан.

Харамсалтай нь үе үеийн Засгийн газрын гадаад худалдааны асуудал эрхэлсэн яам, агентлагуудын тогтворгүй байдал, чадавх, бүтэц, зохион байгуулалтын оновчгүй хэлбэр, хууль эрх зүйн орчны сул байдал зэрэг олон анхаарал татсан, шийдвэрлэх ёстой асуудлууд байсаар ирлээ.

Өнгөрсөн хугацаанд эдгээр асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээс болж экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлнэ гэж ярихаас биш хийсэн зүйл чамлалттай байна.

Энэ чиглэлээр нэг төсөл хэрэгжүүлэхээр болж, яам, агентлаг дээр очдог. Асуудал эрхэлсэн хүн нь солигдсон байдаг. Өмнө нь ярьж байсан бичиг, цаасаа арай өөр хэлбэр, агуулгаар давтаж гаргадаг. Энэ байдлаар олон жил явлаа. 

Худалдааг хөнгөвчлөх, экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлэх ажлыг Монголд хоёр газар хэрэгжүүлэх чадамжтай гэсэн дүгнэлтийг НҮБ-аас гаргасан. Нэг нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, нөгөө нь Гаалийн ерөнхий газар.

Гэтэл уг бодлогыг хэрэгжүүлэхийн тулд оролцогч талууд нь бүгд ижил түвшний мэдлэг, чадавхтай байх ёстой байдаг. Ингэснээр экспорт хийх гэж байгаа бизнес нэг байгууллагад эсвэл илүү хялбаршуулсан байдлаар буюу онлайнаар хандаж, бизнесээ хүндрэл багатай явуулна. 

Харамсалтай нь ямар нэг ахиц гарсангүй, зогсонги байдалтай байна. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн зөвлөл экспортын нэг цонхны бодлогыг Монголд хэрэгжүүлэх үүднээс маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан. Тиймээс энэ асуудалд цаашид эрчимтэй анхаарч ажиллая гэж бодож байна.

Монгол Улс экспортын орон болж байж л хөгжинө гэж ярьж байгаа энэ үед экспортын нэг цонхны бодлогыг орхигдуулж болохгүй. Бусад бодлогоос салангид авч үзэх боломжгүй.

Аливаа зүйлд маш дайчин хандаж чадвал багаас ихэд хүрэх боломж бизнес эрхлэгчдэд хангалттай бий.

Танхимаас эко шошго олгодог шүү дээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч органик бүтээгдэхүүний эрх зүйн орчныг сайжруулна гэж байна. Дэлхий нийт органик гаралтай бараа, бүтээгдэхүүн  хэрэглэхийг зорьж байна? Энэ үед ямар бодлого баримтлах нь зүйтэй вэ?

Монголын бараа бүтээгдэхүүн органик  шүү дээ гэж ярьж байгаа боловч түүнийгээ баталгаажуулах хэрэгтэй. Хүнсний ногоо тарилаа гэхэд хөрс эрүүл байх, сайн сортын үр тариа, эко бордоо ашиглаж байна уу гэдгээс эхлээд органик уу, органик бус уу гэдэг нь нотлогдоно.

Компаниуд өөр хоорондоо хамтарч ажиллахын сацуу нэг нэгэндээ хяналт тавих хэрэгтэй. Хөрсөө бэлдэхээс эхлээд төмс, хүнсний ногоог ургуулах бүх шат дамжлага органик байснаар сая органик гэдэг сертификат олгох ёстой.

Танхим дээр ногоон эдийн засаг, ногоон бизнесийг хөгжүүлэхийн тулд өөрсдийн санаачилгаар ногоон сертификат олгож байна. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрдөөгүй хэдий ч эх орныхоо хөрсөн дээр тарьж, ургуулсан байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн үйлвэрлэлийг дэмжих, хүмүүсийг сэдэлжүүлэх, урамшуулах хэлбэр гэж үздэг.

Зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ч биш аялал жуулчлалын салбарт ногоон зочид буудал, ногоон гэр камп гэж яриад байгаа нь тухайн жуулчны баазын үйлчилгээ байгальд ээлтэй байвал мөн ногоон шошго олгож байна. Ногоон шошгыг олгохдоо бид холбогдох мэргэжлийн оролцогчдыг татан оролцуулдаг. Тиймээс Танхимын үүсгэл, санаачилгыг дэмжих хэрэгтэй гэж үзэж байна.

Аж үйлдвэр, шинжлэх ухааны парк байгуулна, үйлдвэрүүдийг кластер хэлбэрээр хөгжүүлнэ гэж олон жил ярьж байна. Энэ яриа хэзээ ажил хэрэг болох бол? Эхнээсээ эхэлж байгаа тохиолдол байна уу?

Том яриад байх хэрэггүй. Парк байгуулна гээд том, том барилга байгууламж барьж, шинжлэх ухааны институти, дэд бүтцийг цогцоор нь шийднэ гэдэг. Энэ бүхэн ирээдүйд л биеллээ олох байх.

Өнөөдөр бидэнд байгаа нөөц, боломжид тулгуурлан бага, багаар туршиж үзсэний үндсэн дээр том зүйл рүү тэмүүлмээр байна. 

Эхнээсээ том зорилт тавьчихаад түүнийгээ олон жил ярьж, цаг хугацаа алдаж байна. Цаг хугацаа маш үнэтэй.

Зарим компани өөрсдөө гадаадын технологийг судалж, шалгарсан ноу-хауг оруулж ирж байгаагаар нь бахархах сэтгэл төрдөг. 

Том компаниа ч тэр, жижиг компаниудаа ч тэр дэмжих хэрэгтэй.

Компаниуд томрох тусмаа жижиг компаниудаа авч явдаг. Ийм зөв менежментээр явснаар л  олон улс хөгжиж байна.

Богино хугацаанд амжилтад хүрэх гэж олон улсын жишгийг шууд хуулах биш өөрийн улсын нөхцөлдөө зөв хувиргаж хэрэгжүүлэх нь зөв. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдгээр болон бусад зүйл заалтуудыг цаг хугацаанд нь, амжилттай хэрэгжүүлж чадвал 2020 он гэхэд бизнесийн орчин хэр өөрчлөгдсөн байх бол?

Засгийн газрын тэргүүн бизнесүүдийг дэмжинэ гэдэг үгийг маш олон удаа хэлсэн. Бизнесээ дэмжинэ гэдэг төрөл бүрийн зөвшөөрөл, төвөг чирэгдэл, дарамтыг багасах, шаардлагагүй бол алга болгохыг хэлж байгаа юм.

Бизнесийн орчин нь тогтвортой, ойлгомжтой, аливаа гаргаж буй бодлого, шийдвэр нь олон нийтийн эрх ашигт нийцсэн, судалгаа шинжилгээнд тулгуурласан, бизнесээ хөгжүүлэхэд нь тус дөхөм болохуйц байж, бизнесүүд хоорондоо хамтарч ажилладаг, нэг нэгнийхээ сул талыг нөхдөг байх ёстой.

Энэ дөрвөн жилд Засгийн газар уг хөтөлбөрөөрөө дамжуулан бизнесийн орчныг сайжруулах үндэс суурийг тавих юм байна гэж харж байна. "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал" гэж  маш том зорилт бий. Энэ том зорилтод нийцүүлж, даян дэлхийтэйгээ хамт хөгжих хэрэгтэй.