Автомашинаа худалдсан буюу шинээр автомашин худалдан авсан бол даатгалын гэрээгээ заавал шинэчилнэ
Да хүрээ зах
2016.12.14

Автомашинаа худалдсан буюу шинээр автомашин худалдан авсан бол даатгалын гэрээгээ заавал шинэчилнэ

Манай редакцид жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хэрэгжилттэй холбогдуулан хоёр асуулт ирсэн юм. Асуултын хариуг “Албан журмын даатгагчдын холбоо”-ноос авлаа. Тус холбооноос дараах хоёр асуултад хууль зүйн үндэстэй хариулт өгснийг хүргэж байна.   

Албан журмын даатгагчдын холбоо

Машинаа зарсан тохиолдолд яагаад даатгалын гэрээгээ шинэчлэх шаардлагатай байдаг юм бэ?

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна" гэж заасан байдаг.

Энэ заалтын дагуу автомашинаа худалдсан буюу шинээр автомашин худалдан авсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа учраас жолоочийн даатгалын гэрээг заавал хийнэ.

Гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж болох уу? Үлдсэн хугацааны мөнгийг олгох уу?

Гэрээний хүчинтэй хугацаанд даатгуулагч болон тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү гэрээг дуусгавар болгож, гэрээний үлдэх хугацаанд ногдох хэмжээний даатгалын хураамжийг хувь тэнцүүлэн даатгуулагчид буцааж олгоно.

Даатгалын гэрээ хүчинтэй байх хугацаанд даатгагч хохирлын нөхөн төлбөр олгосон нөхцөлд даатгалын хураамжийн буцаалт хийгдэхгүй гэж Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт, загвар батлах тухай” СЗХ-ны 332 дугаар тогтоолын 7.2 дахь заасан байдаг.