С.Энхтайван:

Дүүргийн иргэдээ ажилтай, тогтсон орлоготой болгох хэрэгтэй байна


7 минут уншина
Ярилцсан Г.Мөнхтуяа:
С.Энхтайван: Дүүргийн иргэдээ ажилтай, тогтсон орлоготой болгох хэрэгтэй байна
Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвийн захирал С.Энхтайван

 

БҮХ ХҮН НАЙМАА ХИЙНЭ ГЭЖ ШУУРЧ БАЙХАД БИ ТӨРИЙН АЛБА РУУ...

Таныг багаасаа ажил, хөдөлмөрийн амтыг мэдэрсэн хүн гэдэг?

Тэгж хэлж болно. Аавдаа тус нэмэр болохын тулд багаасаа ажил хийсэн. 8 настайгаасаа л ахтайгаа хамт ноос угааж, хонь хяргалцдаг байсан.

Долдугаар ангиа төгсөөд зуныхаа амралтаар Худалдаа, бэлтгэлийн ангид ачигч хийж, анхны цалингаа авч байлаа. Хажуугаар нь наймаа ч хийж үзсэн.

Загас тэжээн, ангийнхаа хүүхдүүдэд худалдаж, хэдэн мөнгө олно. Цэцэг ч зарж байлаа. Хөршийн ах орос хэлтэй учраас тэр ахаар наймаа яаж хийхийг заалгаж, Оросуудтай наймаа их хийнэ. Зуны амралтаар хот руу явж кино үзэх, зайрмаг авах мөнгөтэйгээ байдаг байлаа.

Яагаад аав, ээж, эгч нараасаа өөр мэргэжил сонгосон юм бэ? 

Аав, ээж хоёр заавал эмч бол гэж хүүхдүүдээ чиглүүлж байсангүй. Мэргэжлээ өөрсдөө сонго гэдэг байлаа. Би 1992 онд аравдугаар ангиа төгссөн. Зах зээлийн эдийн засагт дөнгөж шилжээд байсан тэр үед маркетинг, менежмент зэрэг үгс шинэлэг сонсогдож, тухайн үеийн хүүхэд, залуучуудын дийлэнх нь маркетингийн менежер болохыг хүсдэг байсны нэг нь би.

Инженерээр суралцах сонирхолтой байсан ч зах зээл судлах сонирхол давамгай байсан. Тэгээд л Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд элсэн суралцаж, бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөж байлаа. 

Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилласан уу?

1996 онд сургуулиа төгсөх жил аав тэтгэвэртээ гарч, хувьчлалаар хэдэн малтай болчихоод байсан үе.

Аав дээрээ очиж, хань болонгоо жил гаруй хонь хариулсаны эцэст эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах нь зөв гэж шийдээд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн албанд шалгалт өгч тэнцсэн.

Тухайн үед хүмүүс төрийн албанаас гарч, наймаа эрхэлдэг байсан бол би төрийн албанд орохоор шийдсэн. Ингээд Хөдөлмөрийн албанд операторын ажилд орлоо.

Тэр үед компьютер мэдэх хүн ховор байсан учраас компьютер гадарладаг байсан нь миний давуу тал болсон. 

Яагаад төрийн албанаас гарсан юм бэ?

Дараа нь хувийн компанид менежер, маркетингийн чиглэлээр ажилласан. Хувийн хэвшилд ажиллаж, шинэ салбарт өөрийгөө сорьж үзье, хөгжүүлье гэж бодсон хэрэг л дээ.

Нэг газраа нэгэн хэвийн ажлыг удаан хийхээр хүн зэврэх гээд байдаг талтай. Тэгж бодоод хувийн компанид орж ажилласан.

Маркетингийн менежерээс эхлээд гүйцэтгэх захирлаар хүртэл томилогдож байлаа. Зам, худалдаа үйлдвэрлэлийн хоёр ч компанид ажилласан.

өмнө нь ч бас БҮГДИЙГ ТЭГЭЭС ЭХЭЛЖ БАЙСАН БОЛОХООР ШАНТРААГҮЙ

Яагаад Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвийг удирдах болов?

Анх намайг ажилд авсан Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн албаны дарга н.Цацрал надад: “Бизнес инкубатор төв байгуулагдах гэж байна, чи аж ахуйн ажил мэднэ, хөдөлмөрийн салбарыг гадарлана.

Тиймээс шалгалт өгөөд үзээч” гэсэн. Тэгээд л шалгалт өгч тэнцээд энэ төвдөө анх ирж байлаа. 

Хөдөлмөрийн гараагаа эхэлсэн салбартаа буцаж ирэхэд хэр байв?

Сонгон шалгаруулалтад тэнцэж, “Бизнес инкубатор төв”-ийн захирлаар ирэхэд галчаас өөр хүнгүй, хов хоосон байшин намайг угтсан.

Зуухаа хөлдөөхгүйн тулд шөнө ирж галлах үе ч цөөнгүй байлаа.

Хашаа барих, тавилга авах, шаардлагатай ажлын байрны тодорхойлолт бичих гээд бичиг цаасны төдийгүй аж ахуйн бүх л ажил ундарсан. Гэхдээ аливааг шинээр эхэлнэ гэдэг сайхан шүү дээ.

Өрхийн үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийг ажлын байраар хангаж, тэр хүн ажилтай боллоо гээд чин сэтгэлээсээ баярлаж байгааг харах их сайхан байдаг.

Халшрах үе байсан уу?

Хувийн хоёр ч компанид ажиллахдаа ч ялгаагүй бүгдийг эхнээс нь эхэлж байсан болохоор халширч шантраагүй. Аливаа ажлын ард гарч, үр дүнгээ харах үнэхээр сайхан байдаг.

Олон шөнө сууж, тендерийн  материал бэлдэн, сонгон шалгаруулалт ороод тэнцэж байсандаа маш их баярласан.  

Одоо манай “Бизнес инкубатор төв”-ийг дүүргийн хэмжээнд төдийгүй нийслэлчүүд мэднэ. Улсын хэмжээнд хамгийн том инкубатор төв болоод байна.

Тодруулбал, Монгол Улсад нийт 30 инкубатор төв байгаагаас манайх шиг өөрийн гэсэн байртай, үйл ажиллагаа нь тогтворжсон, бүтээгдэхүүн, сургалтын арга зүйтэй инкубатор төв алга байна.

Манай бизнес инкубатор төв хоёр жил дараалан “Шилдэг инкубатор төв”-өөр шалгараад байна.  

Үйлдвэрлэгчдээсээ урмын үг хэр сонсдог вэ? 

Санаачлан, хэрэгжүүлж буй ажлууд бусдад үр өгөөжөө өгч байгаа нь улам сайн ажиллах эрч хүч өгдөг. Өрхийн үйлдвэрлэгчдэд зориулсан худалдааны төв байгуулж, түрээсийг нь дүүргээс санхүүжүүлж байна.

Мөн нилээдгүй экспо, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, үйлдвэрлэгчдийнхээ борлуулалтыг дэмждэг.

Эдгээр арга хэмжээний үеэр үйлдвэрлэгчид хоорондоо танилцаж, цаашид хамтран худалдааны талбай түрээслэх, худалдан авах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, харилцан борлуулалтаа дэмжих тохиолдол олон байна.

Урмын үг сонсохын зэрэгцээ шүүмжлэл ч бас бий. Одоогийн байдлаар 10 хүн тутмын нэгийг л ажлын байртай болгох боломж байна.

Өрхийн бүх үйлдвэрлэгчдийг ажлын байраар хангах боломж алга байна. Байгаа бүх боломжиндоо тулгуурлан үйлдвэрлэгчдийнхээ тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна. 

Чингэлтэй дүүргийн БИТ

Бизнес инкубатор төв (БИТ) нь өрхийн үйлдвэрлэгч, ЖДҮ-ийн бизнесийг өргөжүүлэх зорилготой байгууллага. Өнгөрсөн хугацаанд хичнээн хүнийг ажлын байраар хангав?

Олон улсын хэмжээнд 10 бойжигч тутмаас 5 нь бойжиж гарч чадвал тус инкубатор төв стандартынхаа дагуу ажиллаж чадаж байна гэж үздэг.

Манай төвийн хувьд 10 бойжигчийн 6 нь үйлдвэрлэлээ тогтмол эрхлээд явж байна. Манай төв 16 ажилтан, 3 салбар байртай. 

Манай улсын эдийн засаг хүнд байгаа нь өрхийн үйлвэрлэгчдэд маш хүнд тусч байна. Тиймээс би тэдэндээ “тэсч үлдэнэ шүү” гэж хэлдэг. Ажилчдынхаа орон тоог хадгалж, бизнесээ үргэлжлүүлэн авч явахын төлөө үйлдвэрлэгчид маань хичээж, зүтгэж байна.

Манай төвийн зүгээс хямралын үед яаж ажиллах арга аргачлал, мэдээллээр ханган ажиллаж байна.

Өрхийн үйлдвэрлэгчдэд мэдлэг, мэдээлэл маш их дутдаг. Тиймээс ч үйлдвэрлэлээ яаж явуулах, зах зээлийн мэдээллийг ашиглах талын мэдлэг, мэдээллээр тогтмол хангадаг.  

Өнгөрсөн 5 жилд хийсэн гол ажлуудаасаа дурдаач? 

Чингэлтэй дүүрэг өрхийн үйлдвэрлэгчдийг бодитоор дэмжиж, аюулгүй, тав тухтай ажиллах орчин нөхцөлөөр хангаж байна. 2015 онд манай төв өрхийн үйлдвэрлэгчдийнхээ дунд судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд “Хамтдаа шийдье” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 30 өрхийн үйлдвэрлэгч зөөврийн ажлын байртай болсон. Цаашид ч энэ хөтөлбөрөө үргэжлүүлж, 20 зөөврийн ажлын байр шинээр нэмнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн Алтжин худалдааны төвд “Чингэлтэйд үйлдвэрлэв” байнгын худалдааны цэг нээж, 9 павильонд 52 үйлдвэрлэгчийн 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр цаг алдалгүй хүргэж байна. 


Би өнөр өтгөн гэр бүлээс гаралтай, одоо ч өнөр өтгөн 

С.Энхтайваны гэр бүл

Аав, ээжийнхээ талаар яриач? 

Аав ээж маань хоёул эмч хүмүүс. Аав Төв аймгийн Эрдэнэсант сумынх. Ээж Архангайн Чулуут сумын хүн. Оюутан байхдаа танилцаж гэр бүл болоод, сургуулиа төгсөөд хамтдаа Чулуут суманд суурьшсан гэдэг.

Аав бригадын эмч, ээж эх баригчаар олон жил ажилласан даа. Сумын эмч нар цаг наргүй ажилладаг байсан болохоор аав гэртээ тогтдоггүй, ээж байнга дуудлаганд явна. Ер нь тэр үеийнхэн бүгдээрээ ажлаа нэгдүгээрт, ар гэрээ хоёрт тавьдаг байж.

Чулуут суманд 1968-1982 онд төрсөн буюу нэгэн үеийн бараг бүх хүүхдийг эх барьж авсан гэдгээр нь ээжээрээ маш их бахархдаг. Миний ээж ажлаа хийж яваад өнгөрсөн. Одоо Чулуут суманд очихоор танай ээж намайг эх барьж авсан гэсэн хүнтэй олон таардаг. 

Энэ их ажлынхаа хажуугаар ээж, аав тань есөн хүүхэд төрүүлж, өсгөсөн гэдэг?

Тийм ээ. Бид эцэг эхээсээ есүүлээ. Хамгийн том эгч Улаанбаатарт, бусад нь Архангайд төрсөн. Би ажлын долоо дахь хүүхэд. Дээрээ гурван ах, гурван эгч, дороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Бид бүгд л хэр чинээндээ тохирсон, өөр өөрийн гэсэн хуваарьт ажилтай байдаг байж билээ.

Ээж минь намайг сургуульд ордог жил буюу долоон настай байхад өнгөрсөн. Аав минь үлдсэн бүх амьдралаа есөн хүүхдээ мэдлэг, боловсролтой, зөв төлөвшилтэй, хүний зэрэгтэй хүн болгохын төлөө зориулсан.  

Намайг гуравдугаар анги төгсөх хүртэл манайх Архангайн Чулуутад байж байгаад Төв аймаг руу шилжсэн юм. Том эгч анагаахын дээд сургуулиа төгсөөд Төв аймгийн Баян суманд хуваарилагдсан учраас олон өнчин хүүхэдтэй аав минь том эгчийг бараадаж тийшээ шилжсэн хэрэг.

Аав тэнд очоод ажлаа үргэлжлүүлж хийсэн. Бага эмчийн 400 төгрөгийн цалингаар яаж амьдралаа болгодог байсан юм бол доо гэж бодохоор ааваараа бахархах сэтгэл төрдөг. 

Аав минь таван хүүгээ томоос нь авхуулаад бүгдийг тусад нь гаргаад өөд болсон. Хамгийн сүүлд би амьдрал зохиосон. Тэр үед аав минь “За даа, болох юм болдгоороо болдог л юм байна гэж” их л уужирсан шинжтэй хэлж билээ. Аав минь тавын таван хүүгээ яаж тусад нь гаргана даа гэж их л санаа зовж явдаг байсныг ойлгож билээ.

“Юунд ч яараад хэрэггүй, болох юм болох цагтаа болдог, санаж явбал бүтдэг” гэж аавынхаа хэлсэн үгийг би үргэлж санаж явдаг.

Одоо би хүүхдүүддээ, “Шантраад хэрэггүй, бага багаар оролдоод явахад болно” гэж хэлэх дуртай. 

Эгч тань ээж, аавынхаа мэргэжлийг өвлөж дээ?

Манай гэр бүл гурван үеэрээ эмч. Ганц том эгч ч биш гурван эгч гурвуулаа хүний их эмч. Том эгч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд насаараа ажиллаж, тэтгэвэртээ гарсан.

Дунд эгч олон жил Эх нялхаст хүүхдийн эмчээр ажиллаж байгаад одоо “Интермед” эмнэлэгт ажиллаж байна. Нөхөр нь бас эмч. Ганц охин нь ОХУ-ын Санкт-Петербург хотод эмчээр төгсөөд удаагүй байна. 

Бага эгч сувилагч. Одоо Төв аймгийн Эрдэнэ суманд мэргэжлээрээ ажилладаг.   

Та аав, ээжийнхээ хэнийг илүү дуурайсан бэ?

Зан чанарын хувьд ээжийгээ илүү дуурайсан. Ээж минь их зарчимч, хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг, шударга хатуу үгтэй ч юмны голыг их барьдаг. Тэр зангийнх нь тусгал намайг гэж эгч нар маань хэлдэг.  

Та өөрийн гэр бүлээ танилцуулаач?

Ам бүл зургуулаа. Дөрвөн хүүхэдтэй. Хоёр охин, хоёр хүүтэй хүн. Эхнэр үсчин. Манайх маш завгүй, ажил хэрэгч гэр бүл. Бүгд өглөө ажил, хичээлдээ гараад орой тал талаас цугларна.