Ж.Сандагсүрэнг засаг даргаар батламжиллаа
2016.11.07

Ж.Сандагсүрэнг засаг даргаар батламжиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг батламжиллаа. Тэрбээр өнгөрөгч наймдугаар сараас эхлэн дүүргийн Засаг даргаар ажилласан бөгөөд энэ хугацаандаа дүүргийн хөгжлийн форум зэрэг олон шинэлэг ажлыг зохион байгуулсан.

 Засаг даргаар Ж.Сандагсүрэнг батламжилсан захирамжийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга  М.Отгонбаяр 2016 оны 11 дүгээр сарын 9-ний гардуулсан юм. Тэрбээр энэ үеэр “Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-аас дүүргийн Засаг даргад нэр дэвшин дэмжигдэж өнөөдөр батламжаа гардсан танд ажлын амжилт хүсье. Дүүргийн Засаг дарга гэдэг бол төрийг төлөөлж дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Монгол Улсын хууль тогтоомж, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллах хариуцлагатай үүрэг хүлээж байгаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд дүүргийнхээ ард иргэдийн сайн сайхны төлөө мөн дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө сайн ажиллахыг хүсье” хэмээлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Манай дүүрэгт хийх ажил маш их байна. Бид хийж чадах бүхий л зүйлээ бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлж ажиллах болно. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг дүүрэг, хороо болон анхан шатны нэгж бүрт хүргэн ажиллаж ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах ёстой” хэмээн ажлаа хүлээн авах үеэрээ онцлон тэмдэглэсэн юм.