Ё.Баатарбилэг:
Улс орны том эрх ашгийг бодолцож ШУ-ны салбартаа хөрөнгө оруулах л ёстой
(УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн 2017-05 сард Vip76.mn сайтад өгсөн ярилцлагыг дахин хүргэж байна)
25 настайдаа "Монголын түүхийн 17 жаран" нэртэй хронологи гаргасан нь түүний амжилтын эхлэл гэж болно. Өөрийгөө нээж, илрүүлэх хүсэлдээ хөтлөгдсөн залуу багагүй хичээл чармайлт гаргасны үр дүнд төрийн албанд хүчин зүтгэх болжээ.
Монгол Улсын 2 дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын үед Тамгын газарт 8 жил референтээр ажилласан нь улс төрд орох үүдийг нь нээсэн байна.
Төрийн албаны чамгүй туршлагатай, улс төрийн тодорхой албан тушаал хашиж явсан Ё.Баатарбилэг 2016-2020 оны парламентад гишүүнээр сонгогдоод байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
Номны минь өмнөтгөлийг Б.Ширэндэв гуай бичиж өгч байлаа
Таны намтраас харахад 2000 онд оюутан байхдаа академич Б.Ширэндэвийн удирдлаган дор судалгааны ажил хийж, “Монголын түүхийн 17 жаран” ном гаргаж байжээ. Уг номыг бүтээх нь таны санаачилга байв уу? Багшийн даалгавар байсан уу?
энэ номыг бичих ажил үндсэндээ 1995 оноос эхэлсэн.
Гурван жил нухсаны эцэст 1998 онд дуусч, 1999 оны сүүл, 2000 оны эхээр хэвлүүлж, уншигчдын гарт хүргэж байлаа.
1027 оноос хойших Монголын түүхийг багтаасан хронологи юм л даа. 1990-ээд онд Монголд хронологи бараг хийж байгаагүй гэж болно.
Анх 1969 онд ардын уран зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн “Орос-Монгол толь бичиг” зохион, толь бичгийн арын хавтсанд 1000 жилийн түүхийг өгүүлэх харьцуулсан он тооллын хүснэгт хавсаргасан байдаг.
Уг он тооллын хүснэгтийг тухайн үеийн Төв хороо зэмлэн буруутгаж, бүх толь бичгийн арын он тооллын хүснэгттэй хэсгийг урж хаян, мөнгөн торгууль оногдуулсан гэдэг.
Надад он тооллын хүснэгтийг урж хаяагүй байх үеийн толь бичиг нь эх хувиараа олдсон юм.
Ингээд л энэ он тооллын хүснэгтийг баяжуулах санаа төрж, 1027-2000 онд хамаарах Монголын түүхийн бүхий л томоохон эх сурвалжуудтай тулж ажилласан л даа.
17 жаран гэхээр 1020 жилийн түүхийг багтаажээ?
16 дугаар жаран 1986 онд дуусч, 1987 онд улаагчин туулай жил гарснаар 17 дугаар жаран эхэлсэн. 17 дугаар жаран 2047 онд дуусна.
Энэ хронологийг хийхийн тулд Монголын нэрт түүхч Ч.Далай, Ш.Нацагдорж, Хөдөөд овог Дамдины Пэрлээ (Пэрэнлэй) нарын бүтээлүүдээс иш татсан юм.
Мөн “Монголын нууц товчоо”, “Алтан товч”, “Эрдэнийн эрих”, “Эрдэнийн товч” зэрэг түүхэн эх сурвалжуудаас түүвэрлэн авч, Үндэсний төв архивт хадгалагдаж буй гадаад ван, гүнгүүдийн шашдир, Халх, Дөрвөн ойрадын түүх зэрэг материалыг шүүн тунгаасан.
Энэ бүхний эцэст 6000 гаруй түүхэн үйл явдлыг багтаасан эмхэтгэл гаргасан даа.
Тухайн үед оюутан байсан болохоор энд тэндээс мөнгө цуглуулж байж номоо хэдэн хувь хэвлүүлж байлаа. Тэр үед “Соросын сан”-гаас аймгуудын номын санг баяжуулах номыг сонгон шалгаруулж, худалдан авдаг байсан.
Уг сонгон шалгаруулалтад номоо өгтөл шалгарч, миний номыг худалдан авч, бүх аймгийн номын сангаар түгээсэн.
Зөвхөн “Соросын сан”-д номоо худалдсан мөнгөөр эксель машин худалдан авч байлаа. Тийм л борлуулалт сайтай ном байж. Одоо эргээд харахад засч, сайжруулах шаардлагатай зүйлс бий гэж хардаг.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, "Монголын түүхийн 17 жаран" хронологи, 2 дахь хэвлэл
Базарын Ширэндэв бол Монголын нэрт эрдэмтэн, түүхч, төр, нийгмийн зүтгэлтэн байсан. Энэ эрхэм хүнтэй ажил, амьдралын сүүлийн жилүүдэд нь хамтарч ажиллаж байжээ. Танд хэр зааж, зөвлөж байв?
Монголын нэрт эрдэмтэн, түүхч Б.Ширэндэв манай өвөөгийн найз байсан.
Өвөө минь Архангайн аймгийн Чулуут суманд 1920-иод онд багийн даргаар ажиллаж байлаа. Түүнээс өмнө Хошуу, Тамгын газарт тал бичээчээр ажиллаж байсан.
Ингээд манай өвөөг багийн даргаар ажиллаж байх үед Б.Ширэндэв багш 7 дугаар ангиа төгсөөд “Шинэ үсгийн багш” гэдэг шиг Чулуут суманд хамтралын даргаар ирж байсан гэдэг.
Хожмоо 1960-аад оны сүүл, 70-аад оны эхээр Б.Ширэндэв гуай Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Ардын хурлын депутатаар ажиллаж байхдаа Чулуут сумаар хааяа очдог. Очихдоо өвөөтэй уулздаг, хотоос гарын бэлэг явуулдаг, захиагаар харилцдаг байлаа.
10 дугаар ангиа төгсөх жилээсээ би Б.Ширэндэв гуайтай захиагаар харилцдаг болж, түүх сонирхдогоо илэрхийлдэг байсан.
Их сургуульд орж, ном бичих санаа төрснөөс хойш гэрээр нь орж, гарч зөвлөгөө авдаг болсон юм. Надад маш их урам өгдөг байсан. Номны минь өмнөтгөлийг хүртэл бичиж өгсөнд маш их баярладаг.
Археологийн судалгааны багийнхан малтлага хийсэн газраа эргэн хэвэнд оруулдаг
Археологич, антропологичоор суралцаж байгаа оюутнууд зуны амралтаараа хээрийн дадлагад гардаг шүү дээ. Та Архангай аймагтаа хэр малтлага хийж байв?
Археологичоор сурч буй оюутан хээрийн судалгааны багт орж ажиллана гэдэг маш том боломж, давуу тал. Ер нь судлаач, залуу эрдэмтэд бодитой судалгаа хийсэн байх ёстой.
Би их сургуулийн оюутан байхдаа ч, төгссөнийхөө дараа ч жил бүрийн 6-8 саруудад хээрийн судалгааны багт орж ажиллан, археологийн малтлага олон удаа хийж явлаа. Тэр дундаа Хүннүгийн үеийн соёл, дурсгалууд, хот, хэрмийн туурийг малтаж байсан.
Аймагтаа хоёр жил дараалан хээрийн малтлага хийсэн юм. Архангай аймгийн Өгий нуур, Батцэнгэл суманд археологийн дурсгал олон бий.
Археологи, антропологийн малтлага хийх явцад түүх, соёлын ховор олдворуудтай таарч байсан байх. УИХ-ын сонгуулийн үеэр “Ё.Баатарбилэг нутгийнхаа шүтээнд гар хүрлээ” гэсэн мэдээлэл гарч байсан шүү дээ. Та түүнд ямар тайлбар хэлэх вэ?
Ингэж хардах нь утгагүй шүү дээ.
Тухайн үед Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран туршилтын малтлага, судалгаа хийсэн юм.
Эдгээр малтлага, судалгаатай холбоотой бүх тайлан, тооцоо нь бий. Ер нь археологич хүний хувьд олон малтлага, судалгаа хийж явлаа.
Тэр болгоныг нутгийн шүтээндээ халдлаа, түүхийн ховор нандин олдворыг буруугаар ашиглалаа гэх үү.
Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, хээрийн малтлагаар явж байхдаа археологич, антропологичид асар их хэмжээний алт, эрдэнэс, ховор үнэтэй олдвор олдог гэж хүмүүс бодоод байдаг.
Гэтэл яг үнэндээ тийм биш. Тухайлбал, ихэнх хиргисүүр хүрэл зэвсгийн үе, төмрийн түрүү үед хамаардаг. Эдгээр хиргисүүр дотроос зэвэрсэн сумны хэлтэрхий, адууны далны яс, гавалын яс, бодын яс зэрэг л гарч ирдэг.
Ер нь 1990-ээд оны сүүлчээс эхлээд олз хайж булш ухдаг хүмүүс олширсон. Тэр хүмүүс булш ухчихаад овоолоод л хаячихдаг.
Харин археологийн судалгааны багийнхан малтлага хийсэн газраа эргэн хэвэнд оруулдаг. Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Байгаль, эх дэлхийгээ хайрлаж байгаагийн нэг илрэл юм.
Төрийн албанд олон жил ажилласан хүнд улс төрд орох зам ойр, дөхөм байдаг
Таныг оюутан байхдаа дан ганц хичээлдээ шамдаж, судалгааны ажил хийж явсан гэвэл үгүй. Сургуулиа төгсөх жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт хийж, цаашлаад Ерөнхийлөгчийн шадар туслахаар ажиллаж байжээ. Яагаад Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллах болов? Улс төрд орох сонирхол байв уу?
Энэ бол төрийн ажил шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2 дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлж байсан үе л дээ. Тухайн үед түүх, уламжлал, ёс заншлын асуудал хариуцсан референтийн орон тоо гарсан байдаг.
Уртын дуу, морин хуураа түгээн дэлгэрүүлэх, монгол бичгээ сэргээх, жил бүрийн тавдугаар сарын 3-ныг “Үндэсний бичиг, соёлын өдөр” болгох Ерөнхийлөгчийн зарлиг 2003 онд гарч байлаа.
Уг зарлигийг хэрэгжүүлэх, түүх, уламжлал, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх ажилд мэргэжлийн хүн хэрэгтэй болж л дээ. Ингээд л тухайн жилд төгсөх ангийн оюутнуудыг судалсан байдаг.
Тэр үед би хүнд үзүүлэх юмтай болчихсон байсан. Өөрөөр хэлбэл ном гаргаж, их сургуулийн шилдэг оюутан болсон байлаа л даа.
Тийм учраас л надад Ерөнхийлөгчийн тамгын газарт референтээр ажиллах санал тавьсан байх. Хичээлийн хажуугаар ажиллахыг багш нар ч зөвшөөрсөн.
Надад Тамгын газарт нэг ч танил байсангүй. Н.Багабанди, Н.Энхбаяр нарын үед Ерөнхийлөгчийн тамгын газарт найман жил ажилласан. Олон ч зүйл сурч, их ч юм мэдэж авсан.
Ер нь залуучууд оюутан байх үедээ өөрийгөө нээж, бусдад өөрийгөө таниулах нь зүйтэй гэж боддог. Миний хувьд судалгааны ажлаа л хийгээд мөрөөрөө явж байсан бол өдийд хэний ч таньдаггүй эрдэмтэн л байх байсан болов уу. Төрийн албанд олон жил ажиллахаар улс төрд орох зам ойр болчихдог юм байна. Энэ л зарчмаар яваандаа улс төрд орсон доо.
Ерөнхийлөгчийн тамгын газарт референтээр ажиллаж байхдаа Архангай аймгийн Залуучууд, оюутны холбооны УЗ-д ажиллаж байжээ?
Одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат бид хамтран Архангай аймгийн Залуучуудын оюутны холбоог байгуулж байлаа.
Анхлан оюутны наадам гэх мэт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж байсан. Одоо бол аймгийн залуучуудын байгууллага бүр тийм төрлийн наадам зохиодог болж.
Ж.Мөнхбат хэзээний л нийгэм, улс төрийн идэвхтэй залуу байсан. Ер нь тус холбоонд байсан залуучууд одоо бүгд л улс төрийн тодорхой албан тушаал хашиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр нарын удирдлаган дор ажиллаж байсан. Дараа нь Архангай аймгийн Засаг даргаар ажиллалаа гээд л таны намтар үргэлжилнэ. Эдгээр хүмүүстэй холбогдсон нь одоогийн улстөрчийн имижид тань хэр нөлөөлж байна?
Мэдэхгүй юм даа. Би ямар имижтэй юм бэ? Би өөрийгөө хэн болохыг тодорхойлж, ийм л имиж бүрдүүлнэ гээд зохиомол дүр гаргах хэцүү биз дээ? Дээр нь 40 гарсан хойноо имиж бүрдүүлнэ гэвэл утгагүй байх. Тиймээс байгаагаараа л байхыг эрхэмлэдэг.
Энэ нэг ийм зан чанар, арга барилтай хүн юм байна гэдгийг цаг хугацаа л харуулна шүү дээ.
Референт хийж байхдаа том улстөрчдийн арын фронтыг хариуцан ажилладаг байлаа. Дараа нь орон нутгийн түвшинд Засаг даргаар ажилласан. Одоо бол УИХ-ын гишүүнээр сонгогдсон учраас хийж, хэрэгжүүлж буй ажил болгон минь олон нийтэд ил тод, нээлттэй болж байна.
Гэхдээ гишүүн боллоо гээд юм болгон дээр дуугараад байхыг бодохгүй байна. Дуугарсан дуугараагүй, ярьсан яриагүй УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үг, дэвшүүлсэн санал цаасан дээр үлдэнэ, бодлого шийдвэрт тусгалаа олоод явах болно шүү дээ.
Сонсогч, олон түмний эрх, ашиг хөндөгдөж буй аливаа асуудалд дуу хоолойгоо хүргэж байна, хүргэсээр ч байх болно. Тэрнээс биш сонин содон үг хэлэх, имиж бүрдүүлнэ гээд зохиомол дүр эсгэх шаардлага алга. Байгаагаараа л байх дуртай. Тэр нь надад амар байдаг.
Та хүн танихдаа хэр вэ? Таныг хоосон магтаж, “хөлд чинь сууж буй” хүмүүсийг таних уу?
Танина, танина. Хүн танихдаа гайгүй шүү. Хоосон магтдаг хүмүүстэй агаар, амьсгаа таардаггүй юм. Тэгээд ч миний эргэн тойронд тийм хүн бараг байдаггүй. Намайг хоосон магтлаа гээд би түүнийг нь огт авч хэлэлцэхгүй учраас тийм хүмүүст миний дэргэд байх нь ямар ч ашиггүй шүү дээ.
Монгол төрийн түшээ ямар байх ёстой гэж боддог вэ?
Улстөрч хүнд байх ёстой эрхэм чанар бол хэлсэн, амласандаа эзэн болох гэж боддог. Ашиг сонирхлын эрэмбэ, дараагаа сайн мэддэг байх ёстой. Улс орны эрх, ашгийг нэн тэргүүнд тавих ёстой. Мөн улстөрч хүний үг, үйлдэл хоёр зөрдөггүй байх ёстой гэж үздэг.
Өнөөдрийг хүртэл асуудал ярьсан, шийдэл хайсан нэг ч эрдэмтэн надад хандсангүй
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ШУ-ы салбарын хөгжлийн чухлыг гишүүд, олон нийтэд ойлгуулах үүднээс хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлсэн. ШУ-ны салбарт ажиллаж буй эрдэмтэн, судлаачдад хөрөнгө оруулах шаардлагатай байгааг ч хэлсэн. Энэ мэт таны дэвшүүлж буй санал, санаачилга дэмжлэг хэр авч байна?
Өнөөдрийн байнгын хорооны хуралдаан дээр ч шинжлэх ухааны салбарын хөгжлийг урагшлуулах үүднээс хэдэн санал хэлж л суулаа.
Аль ч Засгийн газрын үед шинжлэх ухааны салбар орхигдчихдог гэм бий.
Эрдэмтэд өөрт тулгамдсан асуудлаа бодлого, шийдвэр гаргагчдад уламжилж, түүнийхээ төлөө хөөцөлдөөд явдаг хүмүүс биш.
Тэд улсын төсвөөс хуваарилсан мөнгөөр өөр, өөрсдийгөө болгоод л явдаг. Энэ ч үүднээс ШУ-ны салбарыг хөгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй болж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ САНАЛ МИНЬ ТУССАН.
Тодруулбал, ШУА-ийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа, уялдааг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох, үр ашгийг дээшлүүлэх, судалгааны үр дүнг амьдралд нэвтрүүлэх гэсэн саналуудыг оруулахад гишүүд дэмжсэн.
Ер нь эрдэмтэн, судлаачид өөрсдийн салбарт хамаарах асуудал, сэдвээр судалгаа хийж, тодорхой шийдэл, ололт амжилт гаргаад байдаг.
Даанч түүнийг нь төр засаг тоодоггүй. Үйлдвэр, компаниуд ч авч ашигладаггүй. Эдийн засгийн том том онолуудад түшиглэн, эдийн засгийн суурь судалгаа хийсэн олон хүн байна.
Гэтэл түүнийг нь авч хэлэлцдэггүй. Шууд л гадагшаа хандаж, гадаадаас зөвлөх үйлчилгээ авдаг.
Төр, засгийнхан нь гадаадынхныг уриад байдаг. Гадаадынхан манай эрдэмтдийг урьж ажиллуулаад байдаг. Түүнийг л өөрчлөх хэрэгтэй.
Цаашид шинжлэх ухааны суурь судалгааг хөгжүүлж, судалгааны үр дүнг практикт хэрэгжүүлдэг болох нь чухал.
Ирэх оны төсөвт шинжлэх ухааны салбарт 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Монголын шинжлэх ухааны салбарт 4000 гаруй хүн ажиллаж байна. 10 тэрбум төгрөгөөр 4000 хүн ямар судалгаа хийх юм бэ.
Гэтэл Хүүхэд харах үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэхэд зориулж, 7 хүртэл тэрбум төгрөг төсөвлөж байх жишээтэй. Нийгмийн энэ асуудал чухал уу, чухал. Олон хүүхдийг аюулгүй орчноор хангаж, гэртээ хүүхдээ хараад суудаг байсан эцэг, эхчүүд ажил хийх боломжтой болж байна, олон хүн ажлын байртай боллоо. Энэ мэт эерэг үр дүнг үгүйсгэж болохгүй.
Гэхдээ Монгол Улсын шинжлэх ухааны салбарын хөгжил хурцаар тавигдаж буй энэ үед судалгаа, шинжилгээнд ердөө 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байна шүү дээ.
Улс орны том эрх ашиг, эрэмбэ дарааллыг бодолцох уу, өнөө маргаашаа аргацаасан арга хэмжээ авч, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах бүртээ барьц алдаж, бодлого, шийдвэрээсээ ухрах уу гэдгээ бодох л ёстой.
Эрдэмтэд бол хэзээ ч жагсаал, цуглаан өрнүүлж, эсэргүүцлээ илэрхийлж, 10 тэрбум төгрөгийн төсвийг нэм гэж шаардахгүй. Өнөөдөр археологи, антропологийн хэдэн судалгаа л Монголын шинжлэх ухааны нэрийг олон улсад гаргаж байна шүү дээ.
Ер нь Монголын эрдэмтэд гадаадын хөрөнгө оруулалт татах замаар л судалгаагаа хийдэг. Тэрнээс зөвхөн улсын төсвийг хараад суусан бол өнөөдөр Монголын шинжлэх ухааны салбар бүхэлдээ уналтад орчихсон байх байсан.
Шинжлэх ухааны салбарынхан өөрсдөө ч дуугардаггүй учраас төр засаг нь тоодоггүй тал бий.
Жишээлэхэд, миний бие шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхийн төлөө чуулган, байнгын хороон дээр хэд хэдэн удаа үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Гэвч түүнийг минь анзаарч хараад асуудал ярьж, шийдэл хайсан нэг ч эрдэмтэн, судлаач надад хандсангүй. Ийм л байна.