2017.01.13

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг цогцоор нь шийдэхийг зорьж байна

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол МҮОНТВ-д агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний талаар өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-ҮАБЗ-өөс агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэж үзэн, зөвлөмж гаргалаа. Үүний дараа ямар арга шийдвэрүүд гарах вэ гэдгийг олон нийт  маш их анхаарал тавьж байна?

- Анх удаа МУ-ын Засгийн газар эрчим хүчний шөнийн тарифыг тэглэх шөнийн халаалтаа эрчим хүчээр авах боломжийг иргэдэд олгож байгаа шийдвэр болсон. Энэ бол хамгийн бодиттой, агаарын бохирдлын эсрэг хийж байгаа том шийдвэр юм. 55 аж ахуй нэгжийг хамруулсан технологийн үзэсгэлэнтэй танилцсан. Манай аж ахуй нэгжүүдийн ярьж буйгаар дунджаар 3000-4000 орчим өрх тэдний бараа бүтээгдэхүүнийг тогтмол худалдаж авдаг, энэ тоо өсөж байгаа гэсэн мэдээлэл өгсөн.

Хамгийн сайн мэдээ нь эрчим хүчний тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор худалдан авалт сайжирч байна. Гэхдээ бидний хийх ажил үүргээр дуусаж байгаа юм биш. Бид асуудлыг цогцоор нь шийдэхийг зорьж байгаа.

-Тухайн айл өрх гэрийнхээ дулаан алдалтыг бууруулахгүй бол Засгийн газраас хийж буй бүх арга хэмжээ үр дүнгүй болно. Үүнд бас анхаарал хандуулах ёстой байх?

-Энэ маш чухал асуудал. УБ хотын 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Үүний бараг 97 хувь нь Монгол гэртээ амьдарч  байна.  Монгол гэрийн дулаан алдагдлыг бууруулах  чиглэлээр маш их идэвх, санаачлагатай ажиллах нь иргэн, хувь хүнээс хамаарна. Нөгөө талаасаа гэрийн дулаан алдагдлыг бууруулах технологийг манай эрдэмтэн, судлаачид хийсэн байна. Аж ахуй нэгжүүд ч тодорхой санаачлагуудыг гаргасан байна. Энэ туршлага, боломжийг  ашиглахад хамтран ажиллана гэсэн байр суурьтай байгаа.....