БСШУС-ын сайд Ж.Батсуурь Орхон, Сэлэнгэ аймагт ажиллалаа
Энэ сарын 21-23-ны өдрүүдэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь Орхон, Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэрбээр салбарынхаа ажилтан алба хаагчид, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 560 хүүхдийн хичээлийн байр баригджээ
Мандал сумын хэмжээнд ерөнхий боловсролын долоон сургуульд 4600 гаруй сурагч, 376 багш ажилчин, найман цэцэрлэгт 2000 орчим хүүхэд 204 багш ажилчид, политехник коллежийн 412 оюутан суралцагч суралцаж ажиллаж байна. Түүнчлэн мэргэжлийн урлагийн байгууллага, соёлын төв, нийтийн номын сан, спорт сургалтын цогцолбор зэрэг салбарын хэмжээнд нийт 706 ажилтан албан хаагч ажиллаж байгаа юм.
Эдгээр ажилтан албан хаагчидтай уулзалт зохион байгуулалт хийж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа. Мөн тэдний санаа бодлыг сонсч байгууллагын үйл ажиллагаатай танилцав. Мандал сумын I сургуулийн барилгыг 1951 онд барьж ашиглалтад оруулснаас хойш жил бүр урсгал засвар хийгдэж ирсэн учир их засвар шаардлагатай гэв. Мөн сурагчдын үдийн цай уух заал шаардлагатай байгааг сургуулийн захирал нь онцоллоо. Чуулгын байранд галларэй шаардлагатай, спорт цогцолборт ажиллах боловсон хүчин дутмаг, номын санд фонд шаардлагатай зэрэг бүтээн байгуулалт засварын ажлыг хийхэд төсөв мөнгө шаардлагатай байгаа юм байна. Үүнээс гадна 560 хүүхдийн хичээлийн байр, 100 хүүхдийн дотуур байрны барилгын ажил дууссан ч төсвийн асуудал шийдэгдээгүй байгаа учир хүүхдүүд хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байна.
Орхон аймагт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн гэв
Энэ хичээлийн жилд ЕБС-ийн төрийн өмчийн 15, төрийн бус өмчийн долоо нийт 22 сургуульд 18000 гаруй хүүхэд суралцаж байна. Эрдэнэт хотын тухайд сургууль цэцэрлэгийн анги дүүргэлт хэвийн үйл ажиллагаатай. Дэнж багт байрлах 20 дугаар цэцэрлэг гэхэд хамран сургах тойргийнхоо хүүхдийг хүлээн аваад цаана нь 20 гаруй өөр багийн хүүхдийг хүлээж авах боломж байгааг тус цэцэрлэгийн эрхлэгч нь онцолж байлаа.
Орхон аймагт барилгын ажил нь дуусаагүй урлаг спортын цогцолбор, хичээлийн байр зэргийг энэ онд яаралтай ашиглалтад оруулах ажлыг хийнэ гэдгийг салбарын сайд томилолтын ажлын явцад онцлов. Багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч нартай уулзах үеэр ЕБС-ийн хичээлийн программ, хувийн болон төрийн өмчийн сургуулиудын ялгаатай асуудлууд, соёлын салбарын ажилтнуудын цалин хангамж, нийгмийн асуудал зэргийг сайжруулах шаардлагатайг уулзалтын үеэр удаа дараа тавьж байлаа. Харин салбарын сайд эдгээр асуудлыг нэн тэргүүнд анхаарч шийдвэрлэх зөв арга замыг хайж байгаагаа илэрхийлсэн юм.