Хүний амь аварсан ахлах дэслэгч Г.Ганбаярыг “Нигүүлсэл” алтан медалиар шагналаа
Сонгионохайрхан дүүргийн ахлах дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас дөрвөн хүний амийг аварч, хүмүүнлэгийн үйлсийн үлгэр жишээ болж байна.
МУЗН үндэсний хүмүүнлэгийн байгууллагын хувьд хүний алтан амийг аварсан дэслэгч Г.Ганбаярт хүндэтгэл үзүүлж, урамшууллаа. МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Х.Нямбаатар нар хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Дэслэгч Г.Ганбаярыг МУЗН-ийн “Нигүүлсэл” алтан медалар шагнаж, иж бүрэн таван ханатай гэр бэлэглэлээ. Мөн хүмүүнлэгийн тусламж болох гэр ахуйн болон эрүүл мэндийг багцаар урамшууллаа.
Ахлах дэслэгч Г.Ганбаяр хэлэхдээ “Хүний амь нас аварч, хүмүүнлэг үйлс бүтээсэн хэмээн надад МУЗН-ийн нэр хүндтэй шагнал хүртээсэнд баярлаж байна. Цагдаагийн ажилтны хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ биелүүлсэн. Тухайн үед би ажилдаа явж байсан.
Гэтэл амбаар шатаж, утаа олгойдож харагдсан. Хашааг давж ороод байшингийн цонхийг хагалахад хар утаа гарч, амьсгал боогдох шинжтэй байв. Байшин дотор хүн байгааг мэдээд явж орсон. Тэнд байсан 4 хүний амьсгал боогдож эхэлж байв. Тэгээд цаг алдалгүй тэднийг байшингаас гаргаж чадсан. МУЗН-ийн бэлэглэсэн монгол гэрийг хорооныхоо эмзэг бүлгийнхний цэцэрлэгт хандивлах хүсэлтэй байна. Цаашид өргөсөн тангарагтай үнэнч байж, хүн хүндээ туслах, дэмжих сайхан сэтгэлийг эрхэмлэж явна” гэв.
Мөн галд байшингаа шатаасан тус дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ц.Найманжинд иж бүрэн гэр, дөрвөн хүний хөнжил, гудас болон бусад хүмүүнлэгийн тусламжийг энэ үеэр өглөө.
Ц.Найманжин ах дүүс болон өөрийнх нь амийг аварсан ахлах дэслэгч Г.Ганбаярт баярлаж, талархсанаа илэрхийлэхэд үг багадаж байна. Тэр их утаа, гал дундуур орж, биднийг аварсан дэслэгчийн үйл хэрэг үргэлж бүтэмжтэй байхын ерөөлийг дэвшүүлж байв.
Тэрбээр МУЗН-ийн өгсөн гэрийг өдрийн сайныг харан байж барина гэж байв.