Шинэ сайд “ширүүхэн” даалгавар өгөв
Сайдууд сандал ширээндээ заларснаас хойш үүрэгт ажилтайгаа танилцаж үүрэг даалгавар өгч эхлэв.
Өчигдөр Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд Ц.Дашдорж ИНЕГ, МИАТ компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ Нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаныханд хандаж үг хэлсэн юм. Мөн нисэхийн аюулгүй ажиллагааны хангалтыг улам бүр сайжруулж, нислэгийн аюулгүй байдал, нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, нислэг техникийн зөрчил дутагдлыг гаргуулахгүй байх бүхий л боломжтой арга хэмжээг иргэний нисэхийн салбарын бүх шатанд анхаарч ажиллахыг санууллаа.Түүнчлэн шинээр олон улсын статустай болсон нисэх буудлуудаас юуны өмнө нөөц буудал болгох асуудлыг даруй шийдвэрлүүлэх, Хөшигтийн хөндийд шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлэх, орон нутгийн нисэх буудлуудыг хатуу хучилттай болгох ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Иргэдийг бухимдуулж холбогдох яамны чихнээс хонх уядаг буруу жишиг манайд бий. Тэгвэл эдийн засгийн өсөлттэй холбоотой өсөн нэмэгдэж буй тээвэрлэлтийн хэрэгцээ шаардлагыг хангах, ялангуяа орон нутгийн алслагдсан бүс нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын нислэгийн сүлжээг өргөжүүлэхэд хийх ажил их байгааг анхааруулсан байна.