Х.Нямбаатар: Гэр бүлийн гишүүд нь гадаадад данс, хадгаламж эзэмшихийг хориглох шийдэлд хүрсэн
УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-МАН-ын бүлэг Оффшорыг зохицуулсан хуулийн төслийн хэлэлцүүлгээс байр сууриа нэгтгэнэ гээд завсарлага авсан. Гишүүдийн хувьд санал зөрөлдөөнтэй олон асуудал байсан. МАН-ын бүлгийн өнгөрсөн хуралдаанаар байр сууриа нэгтгэсэн үү. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "Гадаад улс гэж хавтгайруулахгүйгээр оффшор бүсийг зарлах боломжтой. Энэ нь гадаад харилцаанд ямар нэгэн хүндрэл гарахгүй" гэж хэлсэн тухай мэдээлэл бий. Ер нь юун дээр санал нэгдсэн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Улстөрчидтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийг тодорхой шийдээгүй байгаатай холбогдуулж ард түмнээс шударга ёсны хүсэмжлэл шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл, улстөрчид гадаадын банк, санхүүгийн байгууллагад хэдэн арван сая ам.доллар нууцаар хадгалсан. Зарим нь бүр мартсан гэдэг асуудал яригдсан. Энэ нь ард түмний эгдүүцлийг төрүүлээд байна л даа. Өнөөдөр улс орны эдийн засаг хүнд байна. Ард түмний амьдрал ч амаргүй байгаа. Энэ бүх шалтгаантай уялдаж оффшорын асуудал олон хүний анхаарлын төвд орсон. Нөгөөтэйгүүр манай хоёр хөрш орон оффшорт данс эзэмшиж байгаа, тэнд бүсэд мөнгө, хөрөнгө нуусан улс төрчидтэйгээ тэмцэх тэмцлийг маш ширүүн явуулж байна. Энэ мэдээлэл бас манай оронд нэлээд хүчтэй нөлөөлж байгаа. Үүнтэй уялдаад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах замаар нийтийн албанд ажиллаж хөдөлмөрлөж байгаа алба хаагчдийг гадаадад данс, хадгаламж, мөнгөн хөрөнгө эзэмшихийг хориглох хуулийн төсөл Засгийн газраас оруулж ирсэн. Өнгөрсөн 2016 оны аравдугаар сарын 25-наас хойш нэлээд юм боллоо. Хэлэлцэж хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэдэг шийдвэрүүд гарч явсаар байгаад одоо эхний хэлэлцүүлэг дээрээ оччихсон байгаа. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгээс энэ асуудлаар завсарлага авсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн даваа гаригт намын бүлэг хэлэлцэж шийдэлд хүрээд байна.
-Тодруулбал?
-Нийтийн албанд ажиллаж байгаа буюу төрд тангараг өргөсөн бүх хүмүүст уг хууль хамааралтай. Тэдэнд энэ хуулийн хэм хэмжээ үйлчилнэ гэдэг шийдэлд хүрсэн. Мөн бүх улс гэдэг хавтгайруулсан нэр томъёог хасъя гэж байгаа. Учир нь олон улсын банк санхүүгийн байгууллага, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудаас оффшор бүс гэж зарлаагүй, татварын эрх зүйн орчин нь эрүүл, ямар нэгэн мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх чиглэлийн үйл ажиллагааг огт явуулдаггүй эдийн засагтай орнуудтай харилцах харилцаанд ингэж хориглолт тавих нь буруу юм гэж үзсэн. Тэгээд нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн гэр бүлийнхэн оффшор гэгдэж буй бүсэд данс эзэмших, мөнгөн хадгаламж эзэмшихийг хуулиар хориглоё гэдэг заалт болгож өөрчилж байгаа.
-Оффшор бүс гэдгийг хэн тодорхойлох юм бэ?
-Оффшор бүс гэдэг ангилалыг жил бүр Засгийн газраас батлан гаргаж байна. Тэр баталсан 79, 80 оронд нийтийн албанд алба хаагч нар данс, мөнгөн хадгаламж эзэмшихгүй байна гэсэн зохицуулалтыг оруулж ирж байгаа. Мэдээж гэр бүлийн гишүүдийн хамтаар шүү дээ.
-Гэр бүлийн гишүүдийг нь гадаадад данстай бол түүнийгээ мэдээлнэ гэж байсныг бүр хориглохоор болгож байгаа гэж ойлгож болох уу?
-Гэр бүлийн гишүүдийг хориглохоор болж байгаа.
-Өрх тусгаарлагдсан хүүхдүүдийг ч хамруулна гэсэн үг үү. Хуулийн төсөлд гэр бүлд байгаа гишүүд хэрвээ гадаад данстай бол мэдүүлнэ гэсэн утгатай заалт байсан. Хэрвээ тэр хэвээрээ байгаа бол төрийн албанд ажиллаж байгаа 50 гаруй насны хүнээр жишээ авахад өрх тусгаарлаагүй хүүхэд байх магадлал бага шүү дээ?
-Яг эцсийн томъёолол бол гэр бүлийн гишүүд гэдгээр нь хамаатуулж ойлгож байгаа. Дээр нь нэмээд насанд хүрсэн хүүхдүүдийг хүртэл оффшор бүсэд данс, хадгаламж эзэмшихийг хориглоно. Тухайлбал, Э.Бат-Үүл баатрын хүү Чулуудай гэж залуутай холбоотой яриа гарч байлаа. Одоо хэрвээ энэ хууль үйлчилж эхэлбэл Э.Бат-Үүл дарга нийтийн албанд ажиллаж, хөдөлмөрлөж байгаа тохиолдолд Чулуудайд бас давхар хамаатна гэсэн заалт юм.
-Төрсөн ах дүү, хүүхдүүдийг нь оруулах ёстой гэсэн байр суурьтай гишүүд байсан?
-Төрсөн ах, дүүсийн хувьд тусдаа бие даасан амьдралтай улсууд болохоор хэцүү шүү дээ. Түүнийг дагаад төрсөн ах, дүүсийн хүргэн, бэр гэдэг ойлголт гэвэл бүр хөндлөнгийн хүмүүс болж орж ирнэ. Тэгэхээр тусдаа бие даасан амьдралтай хүмүүсийн хувьд бизнес хийх, үйл ажиллагаа явуулахыг нь хавтгайруулан хориглож болохгүй. Зөвхөн нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн эхнэр, нөхөр, үр хүүхдүүд хамаарна гэсэн үг.
-Бусад улс орныг тэр нь оффшор гэж зарлах нь зөв үү. Ганцхан манай улс л ийм хуультай болж байгаа юм биш үү?
-Манай намын Бүлгээс ийм л шийдвэр гарлаа. Ер нь бол гадаадын 230 гаруй улсын хууль тогтоомжид оффшор гэсэн нэр томъёог оруулж ирээгүй байдаг юм. Эрх зүйн нэр томъёондоо оффшор бүсэд ийм хүмүүс данс, хадгаламж эзэмшихийг хориглоно гэсэн зохицуулалтыг оруулж ирэхээр намын Бүлэг шийдвэр гаргасан. -Оффшор бүсүүдийг Засгийн газар хэрхэн тодорхойлох вэ? -Засгийн газар жагсаалтыг батлахдаа OECDI буюу эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага, ФАТФ буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын гаргасан жил бүрийн судалгааг үндэслэж жагсаалтаа баталж байхаар тогтож байгаа.
-Оффшорын хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулж тал талын хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Тэр үеэр Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оффшорын хууль гарсан ч төрийн байгууллагууд өөрсдийн шугамаар хамтран ажилладаг гадаадын төрийн байгууллагаас тухайн хүний дансны талаар мэдээлэл авах боломж багатай талаар ярьж байсан л даа. Ер нь ард нийт хүсээд байна гээд оффшорыг зохицуулсан хууль гарлаа гэхэд хэрэгжих боломж хэр байдаг юм бол?
-Энэ бол нэлээд хүнд асуудал. Яагаад хүнд гэж үзээд байна вэ гэхээр гадаад улс орнууд банк, санхүүгийн талаар харилцан мэдээлэл солилцоход улс орнуудын хооронд байгуулсан эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээг үндэслэдэг. Одоогийн байдлаар манай улс долоо, найман мэдээлэл авсан тохиолдол бий. Цаашид Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам эдгээр улсуудтай мэдээлэл солилцох эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллая гэдэг асуудлыг Бүлгийн хуралдаан дээр ярьсан. Ер нь бол дотоодод ч жишээлбэл, сэтгүүлч өөрийг чинь аль банкинд, ямар данс эзэмшиж байгааг хууль хяналтын байгууллага л авахгүй бол өөр бусад байдлаар авахад хэцүү шүү дээ. Яагаад гэвэл тэр хүний хувь хүний нууц, эдийн засгийн халдашгүй байдал зэрэг нөлөөлдөг. Энэ бол хүний эрхээр хамгаалагдсан ойлголт. Тэр дундаа гадаад улс орнуудад бол бусдын банк санхүүгийн талаархи мэдээллийг машид их нууцалдаг жишиг байдаг.
-Оффшорыг зохицуулсан хуулийн хэлэлцүүлгийн шатанд олон санал гарч байсан л даа. Тухайлбал, үүнд төрийн бүх албан хаагчийг оруулалгүйгээр зөвхөн мөнгө захиран зарцуулах эрхтэй буюу албан тушаалаа ашиглах боломжтой хэсгийг оруулъя эсвэл яам, агентлагийн газрын даргаас дээш албан тушаалтнуудыг хамруулъя гэх зэргээр ярьж байлаа. Харин одоо бүх тангараг өргөсөн төрийн албан хаагч хамрагдахаар болсон байна. Үндэслэл нь юу байсан юм бэ?
-Гадаад улс орон гэлгүйгээр оффшор гэж бүсээ маш тодорхой хүрээнд хумьсан учраас нийтийн албанд алба хаагчдийг бүхэлд нь хамруулъя гэсэн. Ер нь Монголын төрд зүтгэнэ гээд тангараг өргөсөн бол албан тушаал том, жижиггүйгээр оруулъя гэдэг утгаар хүрээгээ өргөсгөсөн л дөө. Уг нь хэлэлцүүлгийн шатанд хэд хэдэн удаа янз бүрийн санал гарсан.
-Энэ хуулиар оффшорт тухайн төрийн албан хаагчийн гэр бүлийнхэн нь ч данстай байхыг хориглочихлоо. Тэгвэл өөрөө болон гэр бүлийн гишүүдийнх нь оффшор бүс дэх данс илэрсэн тохиолдолд тухайн албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Төрийн албанаас чөлөөлнө. Дээр нь хууль бусаар хөрөнгөжсөн бол эрүүгийн хэрэг үүсгэж шалгана. Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн байвал эрүүгийн хэрэг үүсгэнэ. Энэ зохицуулалтууд хэвээрээ байгаа.
-Хуулийн хувьд эхний хэлэлцүүлэг дээрээ явж байна. Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган завсарлана. Тэгэхээр хаврын чуулганаар л батлагдаж таарах нь дээ?
-Энэ чуулгандаа багтаад баталж амжих байх аа. Маргааш (өнөөдөр) чуулган хуралдана. Бас ирэх долоо хоног гэж байна шүү дээ.
Ж.Баярсайхан