Ажлын 85 өдөрт 22 бие даасан хууль баталжээ
УИХ-ын дарга М.Энхболд
2017.02.13

Ажлын 85 өдөрт 22 бие даасан хууль баталжээ

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган ажлын 85 өдөр чуулж, төлөвлөсөн асуудлуудаа шийдвэрлэлээ.

Намрын чуулганы хугацаанд Монгол Улсын 2016 оны төсөв, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого болон зайлшгүй шаардлагатай бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газар, төрийн бусад байгууллагад ажлаа саадгүй явуулах бүхий л бололцоог хангаж ажилласан юм.

Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталж, уг үндсэн чиглэлд тусгаснаар УИХ 2020 онд нийт 201 хууль, 12 тогтоол хэлэлцэн батлахаар төлөвлөж байна.

Намрын чуулганы хугацаанд нийт УИХ-ын нэгдсэн хуралдаан нийт 34 удаа болж, байнгын болон дэд хороо 140 удаа хуралджээ. Намрын ээлжит чуулганаар бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталсан байна.

УИХ намрын чуулганаараа өмнөх парламентын гаргасан бодлогын алдааг засахад гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллалаа гэж УИХ-ын дарга чуулганы хуралдааныг хааж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэлээ. 

Мөн намрын ээлжит чуулган ийнхүү завсарлаж байгаа ч түмэн олноо төрд төлөөлсөн гишүүд бидний ажил завсарлахгүй. Үүний өмнө сонгогдсон тойрогтоо ажиллаж, батлан гаргасан хууль тогтоомжоо сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангах, ард түмэнтэйгээ харилцан ярилцах, санаа бодлыг нь сонсох, иргэдийн оролцоог хангах ажил биднийг хүлээж байна гэсэн юм.