2017.02.14
Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа
УИХ-ын зарим гишүүн нэгдэж, лобби бүлэг байгуулжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүн нэгдэн Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулсан байна.
Энэхүү лобби бүлэг нь хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлыг хууль тогтоох дээд байгууллагын төвшинд авч үзэх зорилготой юм байна. Өнөөгийн эдийн засгийн гол тулгуур баганын нэг уул уурхайн салбарыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн, алс хэтийн хөгжлийн зорилготой уялдуулан хариуцлагатай ил тод, нээлттэй хөгжүүлэх ёстой.
Үүний тулд дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар байгалийн баялгийг зохистой, үр ашигтай ашиглах, уурхайг нээх хаах, нөхөн сэргээх ажлыг чанарын өндөр төвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ энэ чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ёстой гэж үзэж байгаа ажээ.