370 гаруй машины дугаар давхарджээ
2012.04.04

370 гаруй машины дугаар давхарджээ

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж өчигдөр Авто тээврийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Сайд энэ салбартай холбоотой өргөдөл гомдол нэлээд ирсэн тул Авто тээврийн газрын хувьд салбарын хууль, эрх зүйн шинэ орчныг бодитой хэрэгжүүлэх, тээвэрлэлтийн зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, улсын дугаартай холбоотой хэл амыг нэг мөр болгох, бүртгэл дээрх давхардал, замбараагүй байдлыг цэгцлэх цаг нь болсон гэж байлаа.

-Хот хоорондын тээврийн парк шинэчлэлтийн талаар яам ямар бодлого баримталж байна вэ?

-Юуны түрүүнд замынхаа асуудлыг нэг мөр цэгцлэх ёстой юм. Иймээс ирэх 5 дугаар сараас Улаанбаатар хоттой холбох авто замын ажлыг бүх аймаг зэрэг эхлүүлж байна. Энэ онд л гэхэд 800-900 км авто зам баригдах болно. Замын нөхцөл байдал сайжраад ирэхийн цагт зорчигчдод ая тухтай автобусаар үйлчлэх бололцоо нь хангагдана гэж үзэж байгаа гэсэн бол АТГ-ын дарга П.Дэлгэрнаран нэмж ''өнөөдөр тээврийн үйл ажиллагааг 30 үйлдвэрийн газар болон нэг л улсын үйлдвэрийн газар явуулж байгаа. Энэ нь Замын-Үүдийн чиглэлд байгаа.

Энэ жил бүх автобусаа шинэчлэхээр төлөвлөсөн байгаа. Бусад хувийн хэвшлийн зорчигч тээврийн компаниудад ''парк шинэчлэлээ хий, техникийнхээ бүрэн бүтэн байдал, найдвартай байдлыг ханга'' гэсэн шаардлага өгөөд байгаа. Цаашид техникийн шаардлага хангаагүй автобусуудыг зорчигч тээвэрлэлтэд оруулахгүй. Хамгийн сүүлд Завханаас ирж явсан автобус Архангайд осолдлоо. Энэ нь мөн л техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс гарсан осол байлаа. Гэтэл энэ автобус харьяалагддаг компаниас л гэхэд 3-4 осол гарсан байна.

Техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хангааагүй иймэрхүү аж ахуйн нэгж байгууллагуудтай ''байгуулсан гэрээгээ цуцална'' гэдгээ илэрхийлж байгаа. Хот хоорондын тээврийн хяналтыг замын дагуух хяналтын тодорхой цэгүүд гүйцэтгэдэг. Энэ нь төвлөрсөн замуудын дагуух замын цагдаагийн болон манай тээврийн хяналтын постууд юм. Ер нь автобусууд замаасаа хүн суулгах, даац хэтрүүлэх асуудал гаргадаг. Үүнийг нь эдгээр постууд хянах учиртай.

Улаанбаатараас гарч байгаа зорчигч тээврийн автобусуудыг улсын үйлдвэрийн газар болох зорчигч тээврийн авто вокзалуудаас тасалбараа өгч, тээврийн хэрэгслийг нь шалгаад орон нутаг руу гаргаж байгаа.

-Дугаар олголт эмх замбараагүй байдаг гэлцэх юм?

-Тийм ээ, дугаар олголт мөн л боловсронгуй биш байгаа. Нөгөөх ''азын дугаар'' гэх мэт олон асуудлын хувьд дугаар шилж сонгоход тухайн хүнд харьцангуй өргөн бололцоо байдаг л даа. Шударга гэж хэлэхэд тийм ч их төгс биш. Тиймээс үүнийг тусад нь программчлая, хэн нэгэн хүн сонгох бус дугаар нь дэс дарааллаараа өөрөө гарч ирдэг болгоё хэмээн программ зохиогоод турших гэж байна. Дээр нь энэ асуудлыг эрхэлж байгаа хүмүүсийн хариуцлагын асуудал бас байгаа.

-Жолоочийн хариуцлагын даатгалд жолооч нар хэр идэвхтэй даатгуулж байна?

-Юуны түрүүнд бид даатгалын компаниудтай гар нийлэх асуудал бий. Сүүлийн үед жолооч нар даатгалын ач тусыг ойлгох болжээ. Түүнээс гадна Албан журмын даатгал гэж байгаа шүү дээ. Гэтэл үүний талаарх ойлголтын зөрүү хаана хаанаа байна. Энэ даатгалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж ярилцах зүйлс байна даа.

-Машины дугаар давхардаж байгаа асуудал багагүй байх шиг?

-Өнөөдрийн байдлаар 370 гаруй машины дугаар давхардаж байгаа. Дээрээс нь рам, арлын дугаар давхардсан нь цөөнгүй. Иймээс давхардсан дугааруудын жагсаалтыг гаргаад залруулж эхлээд байна.

-Яагаад ийм асуудал үүсэв?

-Энэ нь янз бүрийн шалтгаантай. Хариуцлага алдсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, магадгүй гэмт хэрэг, зөрчлөөс зугтаах, нуун дарагдуулах зэрэг олон шалтгаан байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.