Эмнести Интернэшнл-ээс Монгол гурван асуудал дээр анхаарах нь зүйтэй хэмээн үзжээ
Олон улсын хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллагаас жил бүр тайлан гаргаж дэлхий дахинд хүний эрхийн төлөв байдал ямар байгааг улс орнуудаар нь танилцуулдаг билээ. Өнгөрсөн 2016 оны тайлан гарсантай холбогдуулан өчигдөр “Эмнести интөрнэшнл” байгууллагын Монгол дахь салбар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийсэн юм. Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б.Алтантуяагийн ярьснаар энэ удаагийн тайланд дэлхийн 159 орон хамрагдсан аж.
Тэрээр “Энмести интөрнэшнл” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шеттигийн хэлсэн үгийг хамгийн түрүүн иш татсан юм. Тус байгууллагын тэргүүн “Ямар ч үнээр хамаагүй эрх мэдэлд хүрэх гэсэн, эрх мэдлээс зуурч үлдэх гэсэн, хүмүүсийн айлгаж, яллаж, буруутгахаар зохиосон сурталчилгаа, сүртэй яриагаар хүний эрхэм чанар, тэгш эрх, хүн төрөлхтний гэр бүл гэсэн үзэл санаа руу хайр найргүй, хүчтэй дайрч, довтолж байгааг 2016 онд харлаа” хэмээн хэлжээ.
Энэ үг нь өнгөрсөн жил хүний эрхийн төлөв байдал дэлхий дахинаа ямар байгааг тодорхойлсон байна. Тодруулбал, өнөөгийн дэлхий дахины хүний эрхийн байдлыг дэлхийн II дайн гарахын өмнөх үетэй төстэй байгаа хэмээн “Эмнести интернэшнл” үзжээ. Үүний нэгэн тод жишээ нь Сирийн Алеппо хотыг бөмбөгдсөн явдал юм. Үүнээс гадна 2016 онд дэлхийн 22 оронд дайны гэмт хэргийг өдөөсөн зэрэг нь нөхцөл байдал хүнд байна хэмээн дүгнэхэд хүргэсэн байна. Ийнхүү хүн төрөлхтнийг хамгийн ихээр зовниж байгаа таван асуудлыг ч тус олон улсын хүний эрхийн байгууллагаас тодорхойлсныг сонирхуулъя.
Үүнд:
-Талцан хувцаалцаж, бие биеэ буруутгах, үзэн ядах -Төр засгаас оролцооны эрх, иргэний эрх чөлөөг барьцаалах. Тодруулбал, эрх баригчид “Та бүхэн ингэж тэвчих юм тэгнэ” хэмээн худлаа амлах
-Зэвсэгг мөргөлдөөнүүдийг харсан ч хараагүй юм шиг өнгөрөөж байгаа
-Өөрөөр сэтгэгчдийг нухчин дарж, хүний эрхийг хамгаалагчдыг хавчиж, технологийн өндөр хөгжлийг хүний төлөө бус хувийн нууцад халдахад ашиглах
-Тодорхойгүй ирээдүй “Эмнести интернэшнл” байгууллагаас Монголын хувьд гурван зүйл дээр анхаарах ёстой хэмээн уг тайланд тусгасан байна. Үүнд: Нэгдүгээрт, орон байртай байх эрх. Улаанбаатар хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн боловч холбогдох хууль эрх зүй, бодлогууд хожимдсон. Хоёрдугаарт, хүний эрхийн хамгаалагчид төрийн болон төрийн бус этгээдийн зүгээс үзүүлж буй сэтгэл зүйн болон бие махбодын халдлага, заналхийлэлд өртсөөр байгаа. Гуравдугаарт, эрүүдэн шүүлт, зүй бус харьцаа, сэжигтэнтэй ёс зүйгүй харьцах явдал гарсаар байгаа.
Ингээд олон улсын хүний эрхийн “Эмнести интврнэшнл” байгууллагын Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б.Алтантуяагаас зарим зүйлийг тодруулсан юм.
-“Эмнести интернэшнл” байгууллага нь жил бүр хүний эрхийн төлөв байдлын талаар тайлан гаргадаг. Та бүхэн зөвхөн тайлан гаргаад болчихдог уу. Байдал үнэхээр хүнд байгаа улс орнуудыг эрх баригчдад хандан шаардлага тавих, эргээд хариуцлага тооцдог механизм байдаг уу?
-Манай байгууллага энэ тайлангаасаа дүгнэлт хийгээд, улс орнууд юу хийх ёстой талаар уриалга гаргадаг. Энэ уриалгын дагуу тухайн улс орнуудыг эрх баригчдад хандсан үйл ажиллагаануудыг өрнүүлэх, эргээд иргэний нийгэм, иргэд үүнийг мэднэ гэдэг нь буцаад өөрсдийнхөө эрх баригчдаас шаардана. Бидний хамгийн гол зүйл бол бусдын муу зүйлийг дуурайхгүй байлгахад илүү анхааран ажилладаг. 2016 онд хүний эрхийн төлөв байдлаар гарсан ухаралтуудыг битгий давтаач гэж ханддаг.
Хэрвээ бусад орнуудад ийм шинж тэмдэг илрэх юм бол бид анхааруулж, дараа дараагийн үйл ажиллагаагаа ч үүнд чиглүүлэн өрнүүлдэг. “Эмнести интернэшнл”-ийн тайлан нь маш олон хүний эрхийн төлөө тэмцэгчид болон энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагад үйл ажиллагаагаа төлөвлөхөд чухал баримт бичиг болж өгдөг. Яагаад гэхээр байгууллага, хүн бүр судалгаа хийгээд байгаа боломж байдаггүй. Манай улс төлөвлөлтөө судалгаан дээр тулгуурладаггүй учир алдаа гардаг. Иймэрхүү зүйлээс сэргийлэх зорилгоор гаргаж буй чухал баримт бичиг.
-Манай улсын хувьд гурван асуудлын нэг нь сэжигтэнтэй зүй бусаар харьцаж, эрүүдэн шүүх явдал гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Манай улс бол олон улсын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдсэн, орсон байгаа. Үүний дагуу Эрүүгийн хуульдаа болон эрүүгийн мөрдөн байцаах хараат бус албыг байгууллан ажиллах ёстой. Нэгэн үед гарч байсан эрүүдэн шүүх гэмт хэргүүд нэлээд багассан байгаа. Сүүлийн жилүүдэд тодорхой тооны хүмүүст ял завшуулах зорилгоор эрүүдэн шүүхтэй тэмцэх тусгай албыг татан буулгасан байгаа тохиолдол бий.
Мөн тодорхой тооны хүмүүс бас л ял завшуулах зорилгоор эрүүдэн шүүх гэдэг гэмт хэргийг тодорхойлж өгдөггүй байсан. Одоо өргөн баригдсан шинэ эрүүгийн хуульд олон улсын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид заасан тэр заалтыг оруулсан байгаа хэдий ч тэр заалтыг тасалж авахгүй гэх баталгаа байхгүй. Ер нь манайд эрүүдэн шүүхтэй тэмцэнэ хэмээн амлалт авсан хэдий ч түүнээсээ ухарсан байдал гаргаад байгаад “Эмнести интернэшнл” санаа зовниж байгаа. Үүнийг ч энэ тайланд оруулсан байгаа.
Ю.ДЭЛГЭРМАА