“Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2017.03.10./ Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон тус хэлэлцүүлэгт хууль хэрэгжүүлэх, хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв.
Хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж хөтөлж явуулсан.
УИХ-ын гишүүн, Зөрчлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын эрхзүйн тогтолцоонд цоо шинэ Зөрчлийн тухай хуулийг 2017 оны долдугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр төлөвлөн ажиллаж байна. Зөрчлийн тухай хуульд 232 хууль дахь журмын эсрэг зөрчлүүдийг төрөлжүүлэн нэгтгэсэн. Та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, эрх зүйн шинэтгэлийг дэмжсэн, бүтээлч шинэлэг саналуудыг хэлэхийг хүсье” гэв.
Үүний дараа Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Танилцуулгадаа “Зөрчлийн тухай хуулийн төсөл олон жил яригдсан. Өнөөдрийн байдлаар Х.Нямбаатар гишүүний хэлснээр 232 хуулиар зөрчилд шийтгэл ногдуулж байгаа. Үүнийг тодорхой хэмжээнд системчилж, төрөлжүүлж, нэгтгэх зүй ёсны шаардлагатай. Ингэснээр хуулийг хэрэгжүүлж буй байгууллагуудын хувьд хийдэл гаргахгүй, шийтгэлийг тухай бүрт нь ногдуулах, иргэд ч хуулийг нэг мөр ойлгож, мэдээлэлтэй байх, ямар зүйлийг зөрчилд тооцох, ямар зөрчил гаргавал ямар шийтгэл хүлээх вэ гэдгийг нэг хуулиар дамжуулж нэгмөр ойлгох ач холбогдолтой болно” гэж дурьдав.
Дараа нь Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, ажлын дэд хэсгийн гишүүн Г.Оюунболд “Зөрчлийн тухай хуулийн онолын үндэслэл-бусад орны туршлага” сэдвээр илтгэл тавилаа.
Төгсгөлд нь, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан оролцогчид асуулт асуун, санал хэлсэн.
Хуульчдын холбооны бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг, Хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэлхам, Зам тээврийн яамны мэргэжилтэн А.Энхболд, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Орших, Цагдаагийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг, Мөрдөн байцаах газрын Хулгайн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэн нар асуулт асууж, санал хэлэв.
Асуултад ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон ажлын дэд хэсгийн гишүүд хариулт өгч, санал солилцсон юм.
Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Та бүхний гаргасан чухал саналуудыг хуулийн төсөлд тусгана. Бичгээр санал өгөх нээлттэй. Өнөөдөр ирсэн хүмүүс Зөрчлийн хуулийг нийгмийн амьдралд нэг мөр хэрэгжүүлэхэд өөр өөрсдийн санаа бодлыг нэмэрлэх зорилго агуулсан гэж ойлгож байна. Анх удаагаа бид амьдралд зөрчилтэй холбоотой төрөлжсөн хууль хэрэглэх гэж байна. Амьдрал баян учраас хэрэгжих явцад алдаа, оноо гарахыг үгүйсгэх аргагүй, тухай бүрт засаж сайжруулах зорилга тавьж ажиллана. Зөрчлийг шалган, шийдвэрлэх субектүүд тухай бүрт зөрчлийг шийддэг байя гэсэн зарчим бид барьж байгаа” хэмээн хэллээ.