М.Энхболд: Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар баталгаажуулж өглөө
2017.03.21

М.Энхболд: Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар баталгаажуулж өглөө

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өгөх ёслол дээр Монгол улсын их хурлын дарга Миеэгомбын Энхболдын хэлсэн үг

            Улс орон, ард иргэдийнхээ амар тайван, аз жаргалтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй Монголын Цагдаагийн байгууллагын алба хаагчид аа,

            Улс орны эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал ээдрээ төвөгтэй, зарим тохиолдолд сургамжтай, хүндхэн сорилтууд тулгарч байгаа ч Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж төр, түмнийхээ төлөө цуцашгүй хөдөлмөрлөж, мятрашгүй зүтгэж буйд талархаж байгаагаа үгийнхээ эхэнд зориуд тэмдэглэе.

            Сүүлийн жилүүдэд Цагдаагийн албаны тухай хууль болон түүнийг дагалдаж гарсан эрх зүйн актууд хэрэгжиж, цагдаагийн албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн орчинд нэлээдгүй өөрчлөлт орсныг бүхэлд нь дүгнэж хэлбэл томоохон шилжилтийн үйл явц болсон билээ.

            Энэхүү шилжилтийн хүрээнд эерэг өөрчлөлт гарсан ч цаашид боловсронгуй болгон шийдвэрлэх асуудлууд цөөнгүй байсан юм.

Тиймээс шинэ Засгийн газар Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, Улсын Их Хурал 2016 оны намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан юм. Өнөөдөр энэ хуулийг хүлээлгэн өгч, хэрэгжүүлж эхлэх ёслолын арга хэмжээ болж байна. 

            Шинэ хуульд цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн 3 үндсэн чиг үүрэгтэй байхаар тусгаж, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар баталгаажуулж өглөө.

            Мөн цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт нь Цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, орон нутаг дэвсгэрт цагдаагийн байгууллагын нэгж бүрэлдэхүүнээс бүрдсэн байхаар тогтсон.

            Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа иргэдийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулах үүднээс цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэх үедээ иргэнд хүндэтгэлтэй хандаж, иргэд олон нийтийн дэмжлэгийг авах, итгэлийг хүлээхийг эрмэлзэх үүргийг энэ хуулиар хуульчилж өглөө.

            Цагдаагийн алба хаагчид цагдаагийн дээд, дунд, бага цол олгохоор тусгаж, тэтгэвэр тогтоолгох насыг цолны байдлаас хамааруулан ялгавартай байхаар хуульд заалаа.

            Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Тахарын албыг татан буулгасантай холбогдуулан уг байгууллагын хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, ажиллаж байсан алба хаагчдын цол, ажилласан жилийг цагдаагийн албанд ажиллаж байснаар тооцохоор, мөн 2013 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу тогтоосон “албан тушаалын цол”-ны нэршлийг өөрчилж, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн цол олгодог байхаар шинэ хуульд зохицууллаа.

Цагдаагийн албаны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газар болон орон нутгийн төр, захиргааны байгууллагын зүгээс цаашид онцгой анхаарч эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, цагдаагийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх чиглэлээр дэмжиж ажиллах болно.

            Монгол төрийн түшиг тулгуур, цагдаагийн байгууллагын хамт олон Та бүхэн урьдын адил өргөсөн тангараг, хүлээсэн үүрэг, ногдсон хариуцлагаа гүнээ ухамсарлан цагийн хязгаар, биеийн алжаалыг умартан шинэ хуулиа хэрэгжүүлж, төр-иргэндээ үйлчлэх нэр төртэй үйлстээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

            Төр төвшин, түмэн олон маань амгалан байх болтугай.