Даваасүрэн.Ц 2017.04.12 | Сайт: Ikon.mn

Ц.Даваасүрэн: Төсөвтэй тэнцэх байгалийн баялгийг нэг компани гадагшаа ачуулж байна

Ц.Даваасүрэн: Төсөвтэй тэнцэх байгалийн баялгийг нэг компани гадагшаа ачуулж байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

ИХ-ын хэсэг гишүүд офшорын эсрэг албан бус бүлэг байгуулснаа өчигдөр мэдэгдэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн байр суурийг сонслоо.

- Оффшорын эсрэг лобби бүлэг ямар үйл ажиллагаа явуулах вэ?

- МАН-ын бүлгийн гишүүдээс бүрдсэн оффшорын эсрэг бүлэг албан ёсоор байгуулагдаж Их Хурлын даргад албан тоотоо гардуулж өглөө. Цаашид хууль эрхзүйн орчныг оновчтой батлуулах, хүчин төгөлдөр хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд гадаад дотоодын хуулийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана. Албан бус бүлгийн гишүүд оффшор бүсэд байгаа мөнгөний эх үүсвэрийг шалгуулах, татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна.

Ажлаа үр дүнд хүргэхийн тулд түр хороо байгуулна. Түр хороог УИХ-ын тогтоолоор баталдаг учраас тогтоолын төслөө санаачилж өргөн барина. Оффшор бүсэд нуусан мөнгө бол улстөрчдийн хувьд хууль бус эх үүсвэртэй, бизнес эрхлэгчдийн хувьд татвараас зугтсан үндэслэлтэй хэмээн үзэж улс орнууд тусгай комисс байгуулах, хууль эрхзүйн орчноо сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж байна.

- Оффшор дансанд яг хэр хэмжээний мөнгө байгаа талаарх мэдээлэл бий юу?

- Оффшорын эсрэг тэмцэл бол улс төрийн намууд, улстөрчдийн өрсөлдөгчөө намнах гэсэн тэмцэл байж болохгүй. Нам харгалзахгүй тэмцэх бүх нийтийн тэмцэл байх ёстой. 

Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн нэг үндсэн шалтгаан нь оффшор данс. Олон улсын байгууллага, эдийн засагчдын тооцоогоор оффшор бүсэд 21-32 их наяд ам.долларын хөрөнгө байна. Үүний зэрэгцээгээр 5-10 тэрбум их наяд ам.долларын үл хөдлөх хөрөнгө алт, усан онгоц, уран зураг байршсан. Эдгээрийн тодорхой хувь нь хөгжиж байгаа улс орнуудынх.

Улс орнууд тэр мөнгөнөөс зөвхөн татварыг нь авахад гадаад өрөө төлөх боломжтой гэсэн бодит тооцоо судалгаа байдаг.

- Та эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр байгалийн баялгаас татвар авах асуудлыг хөндөж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

- Монгол Улс өнөөдөр гадагшаа ачуулж байгаа байгалийн баялгийнхаа мөнгийг Монголоороо бүрэн оруулдаг байсан бол эдийн засгийн хямралд автахгүй байсан. Оюутолгой, Тамсагийн мөнгө Монголоор орж ирэхгүй байгаа. Тиймээс албан ёсны Түр хороо байгуулсны дараа үе шаттай арга хэмжээнүүдийг авч эхэлнэ.

Байгалийн баялгийг харийнхны гар хөл болоод зарчихсан, улс орныхоо эрх ашгийг худалдсан хүмүүсийг яах ч үгүй сонсоод л сууж байна. Тэр мөнгөө гадагшаа гаргаад офшорт нуусан байхад таг л байна. Ийм байж болохгүй гэсэн утга агуулгаар нэгдэж байгаа юм. Байгалийн баялгийн мөнгө татварын дансаар дамжиж байж бидний үр хүүхэд хямралгүй сайхан амьдардаг болно.

Зөвхөн нэг компани л гэхэд Монголын төсөвтэй тэнцэх хэмжээний байгалийн баялгийг гадагшаа ачуулж байгаа хэр нь татварын орлогын тавхан хувийн ачаа үүрч байгаа. Ийм шударга бус зүйл байж болохгүй. Валютын сан Монгол Улстай хөтөлбөр байгуулахдаа энэ талаар огт дурдаагүй байна. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн үр ашгийг сайжруулах заалтыг оруулах ёстой гэсэн саналыг Засгийн газарт тавьж ажиллана. Ингэж байж байгалийн баялгийн үр ашгийг улс орныхоо хөгжилд наалдуулж чадна.

- Оффшортой тэмцэх хууль батлагдлаа гэхэд офшор бүсэд данстай хүмүүсийн мэдээллийг олж авах боломж хэр байгаа вэ?

Оффшортой тэмцэх хуульд улс төрчид болон түүний хамаарал бүхий этгээдийг оффшор данстай байхыг хориглосон. Өөрөөр хэлбэл, өрх тусгаарласнаас үл хамаараад эцэг эх, төрсөн ах, эгч, дүү, үр хүүхэд, эхнэр нөхрийг хамааруулж байна. Энэ хориглолтыг хийснээр төрийн өндөр дээд албан тушаалтнаас гадна хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг бүх албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр оффшорт данс эзэмшихийг хориглож байгаа. Хэрэв данстай бол гурван сарын дотор хаах, зөрчлөө арилгахаар тусгасан.

АТГ-аас оффшор дансыг шалгаж илрүүлэх боломжгүй гэж хэлээгүй. Гадаадын хуулийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх боломж байгаа. 42 улс оффшор бүсэд хамаарах төсөл явж байгаа. Түр хороо албан ёсны бүтэцтэй болохоор ажлаа эхлүүлнэ. Тодорхой мэдээллүүд ч бий. Швейцарын банканд нэлээд олон сая ам.доллар нуусан тухай асуудал байгаа. Энэ бүгдийг бодит эсэхийг гаднын байгууллагуудтай хамтраад нягталж шалгана.