Австралийн эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайдыг хүлээн авч уулзлаа
2017.05.04

Австралийн эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Австралийн  эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайд хатагтай Шаром Стоуныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  

Уулзалтад Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд John Langtry, Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны Жендерийн газрын дарга Amy Haddad, Улаанбаатар хотоос нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Төсөл хөтөлбөр хамтын ажилгааны тасгийн дарга И.Батхүү болон харьяа газрын дарга нар оролцов. Тэд жендерийн тэгш байдал, шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэхэд Улаанбаатар хотын зүгээс хэрхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төсөлд хот хэрхэн оролцож, дэмжин ажиллаж буй талаар зэрэг сэдвийн хүрээнд ярилцсан юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Таныг хүрэлцэн ирсэн явдалд талархаж байна. Би нийгмийн асуудлын хажуугаар Жендерийн хороог хариуцаж ажилладаг. Энэ чиглэлээр та бүхнээс суралцах, хамтарч ажиллах төслүүд нэлээн их байгаа гэж бодож байна.

Улаанбаатар хотод төвлөрөл их, Хөдөө орон нутгаас их дээд сургуульд сурахаар ирж байгаа залуучуудын ихэнх нь эмэгтэйчүүд. Хөдөлмөрийн насны хүмүүсийн нэлээн ихэнх нь гадаад орнуудад ажиллахаар цагаачилсан.

Энэ мэт байдлаас болоод Улаанбаатар хотод жендерийн тэгш бус харьцаа үүсч улмаар архидалт, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдсэн. Нийслэлд бид зөв бодлого барих, төрийн түвшинд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асарч байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдэх нь чухал байгаа юм.  Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь бидний баримталж буй бодлого. Энэ талд таныг тусалж дэмжин гэдэгт найдаж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.