Л.Энх-Амгалан: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдэд хийх ажил их байна
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан
2017.05.23

Л.Энх-Амгалан: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдэд хийх ажил их байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл гэж заасан байдаг. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг төлөөлсөн хүмүүс байх бөгөөд дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө гэж заажээ. 

Үндэсний зөвлөлийн дүрмийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо баталж, зөвлөлийнхөн ажлаа УИХ-д жил бүр тайлагнах үүрэгтэй юм. Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилж байна. 

Зөвлөлийн гишүүдээр УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нарын таван хүнийг нэр дэвшүүлж, томилохоор боллоо. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан зөвлөлийн гишүүдэд хандаж үг хэллээ. 

Л.Энх-Амгалан: Өнгөрсөн парламентын үед Монголын эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхэд хамгийн том түлхэц болох Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиуд батлагдсан. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт санасан түвшинд хүрэхгүй байна. Тиймээс Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай НББСШУ-ны байнгын хорооны тогтоол гарсан.

Тогтоолд тусгаснаар бол эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэх, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанарын өндөр түвшинд, хүртээмжтэй хүргэх асуудлаар Засгийн газарт хугацаатай үүрэг өгсөн.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах, тус сан нь өөрөө Үндэсний зөвлөлтэй байна гэж заасан. Энэ дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн анхны гишүүдийг томилох түүхэн бөгөөд хариуцлагатай цаг мөч тохиож байна.

Та бүхэнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хөгжлийг хурдасгах, ард түмний хүсч хүлээж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх тодорхой зорилтуудыг гардаж хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ногдлоо. 

Иргэдийг өвчин, эмгэгээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс яаж хамгаалах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал.

ДЭМБ-аас өгсөн зөвлөмжид, иргэн бүр эмнэлгээр үйлчлүүлэх өртгийн 80 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас, 20 хувийг иргэн өөрөө төлдөг тогтолцоонд шилжих тухай дурдсан байдаг. Гэтэл энэ нь манайд эсрэгээрээ байна. Иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсныхаа ихэнх хувийг халааснаасаа төлж байна. Энэ бол тогтолцооны гажиг. Тиймээс өнөөдөр байгуулагдаж байгаа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл энэ гажгийг засах ёстой.

Эрүүл мэндийн салбарт угжирсан алдаа, завхралыг засах мэргэжлийн баг бүрдсэн гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарыг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх нь хамгийн чухал. Энэ ажлыг цаг алдалгүй хийх ёстой.