Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахыг дэмжлээ
ИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Зарлигийн зарим заалт хэсгийг хүчингүй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Улсын Их Хурлаас олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан гаргахдаа “БНМАУ-ын цол, одон медалийн тухай дүрмийг батлах тухай” Бүгд Найрамдах Монгол ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигийн холбогдох заалтуудыг өөрчлөөгүйн улмаас хууль, зарлигийн нэр томьёо, хүүхдийн тооны зэрэг зөрчилтэй байдал үүсч байгаа учраас энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд хүүхэд нь нэгээс дээш насандаа нас барсан, сураггүй алга болсон энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцлийг хангасан эх, мөн “дөрөв болон түүнээс дээш хүүхэд” гэдэгт эх төрүүлээд өөрөө өсгөсөн хүүхэд, эх төрүүлээд өөрөө өсгөсөн боловч нас барсан, сураггүй алга болсон хүүхэд, түүнчлэн 3 хүртэл насанд нь бусдаас үрчлэн авсан хүүхэд тус тус хамаарахаар тусгасан байна. Түүнчлэн дөрөв болон түүнээс дээш хүүхэд гэдэгт эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй байхаар заажээ.
2011 онд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон авах 39767 эх, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон авах 92000 эх байгаа гэсэн тооцоо гарчээ. 2011 оны төсөвд дээрх эхчүүд болон одоо авч байгаа эхчүүдэд нийт 33275,0 сая төгрөгний мөнгөн тусламж олгохоор төсөвт тусган хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Харин хуучин одонтой байсан эхчүүдэд 2011 оны 2 дугаар сараас эхлэн жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжийг олгож байгаа юм байна.
Мөн төсөл санаачлагч БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигийн холбогдох заалтуудыг хүчингүй болсон тооцох тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин асуулт асуусан. Эцэст нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Зарлигийн зарим заалт хэсгийг хүчингүй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзлээ.